Тооллого

Израильчууд Синаи уулыг орхиж, Бурханы амласан нутгийн зүүн хязгаар хүртэл явсан 40 орчим жилийн үйл явдлыг энэ номд өгүүлдэг. Номын нэр өөрөө Синаи уулаас хөдлөхийн
өмнө Мосе израильчуудыг тоолсон тухай болон хожим дахин Моабын нутаг, Иордан голын зүүн эрэгт дараа үеийнхнийг нь тоолсон тухай түүхэн өгүүлэмжийг илэрхийлж байгаа юм.
Хоёр тооллогын хоорондох хугацаанд израильчууд Канаан нутгийн өмнөд хил Кадеш Барнеад очсон боловч амлагдсан газарт орж чадаагүй билээ. Тэд тэр газарт олон жилийг
өнгөрүүлсний дараа Иордан голын зүүн бүсэд очиж, хэсэг нь тэндээ үлдэн бусад нь Канаан нутагт орохоор Иордан голыг гаталсан юм.
Энэ бол хүнд бэрхтэй нүүр тулахаас айн байнга зүрх алдаж улмаар Бурханыг болон удирдагчаар томилогдсон Мосег эсэргүүцэж байсан хүмүүсийн тухай, ард түмэн нь хулчгар дуулгаваргүй байсан ч байнга халамжаа зориулсан Бурханы итгэмжийн тухай, заримдаа тэвчээр алдаж байсан ч Бурханд бас хүмүүст өөрийгөө зориулах сэтгэлээр тууштай зүтгэсэн Мосегийн тухай түүх юм.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Тооллого номын танилцуулга/