Эх үүсвэр гэсэн утгатай үгээр нэрлэгдсэн энэ номд дэлхий ертөнц бүтээгдсэн тухай болон хүн төрөлхтний уг гарваль, нүглийн үүдэл, хорвоогийн зовлон шаналал ба үүнд Бурханы нинжин сэтгэлээр хандах арга замын тухай өгүүлдэг. “Эхлэл”- ийг үндсэн хоёр хэсэгт хуваан үзэж болно.
Ертөнц бүтээгдсэн ба хүн төрөлхтний эртний түүхийн тухай эхний хэсэгт Адам Ева, Каин Абел, Ноа ба их үер, Бабел цамхгийн тухай түүхүүд багтана. (1–11-р бүлэг)
Израилийн дээд өвгийн тухай өгүүлэх удаах хэсэгт Бурханд өргөсөн итгэл дуулгавраараа онцгойрсон Абрахам, мөн хүү Исаак, ач хүү Иаков, Израилийн 12 овгийн өвөг болсон Иаковын хөвгүүдийн тухай түүх үргэлжилнэ. Тэдний нэг болох Иосефт тохиолдсон онцгой үйл явдал, түүнээс улбаалан Иаковынхан бүлээрээ Египетэд амьдрахаар одсон түүх ч мөн энд багтдаг. (12–50-р бүлэг)
Энэ номд хүмүүсийн тухай өгүүлж байгаа боловч угтаа Бурхан юу хийсэн тухай баримт агаад Бурхан ертөнцийг бүтээсэн тухай нотолгоогоор эхэлж, хүмүүстээ халамж энэрэлээ үзүүлсээр байх Бурханы амлалтаар төгсөж байна.
Буруу үйлийг шүүн шийтгэж, Өөрийнхөө хүмүүсийг удирдан дэмжиж, тэдний түүхийг тодорхойлсон Бурхан Өөрөө номын гол дүр юм. Эртний энэ бичвэр нэгэн ард түмний итгэлийн түүхийг тэмдэглэн үлдээх мөн итгэл дотроо тэднийг цааш амьдрахад нь туслах зорилгоор бичигдсэн байна.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Эхлэл номын танилцуулга/