БИД ЯАГААД БУРХАНААС УДИРДАМЖ ГУЙХ ЁСТОЙ ВЭ?

БИД ЯАГААД БУРХАНААС УДИРДАМЖ ГУЙХ ЁСТОЙ ВЭ?

Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.  Иошуа 9:14

“Мөнхийн улс бидний асуугаагүй асуултуудын хариултаар дүүрэн байдаг” хэмээн Билли Грахам элсэн. Бид Бурханаас “Бурхан минь, намайг юу хийгээсэй гэж Та хүсэж байна вэ? Энэ Таны хүсэл мөн үү, эсвэл миний хүсэл үү?” гэж тэр бүр асуудаггүй. Тиймдээ ч бид өөрсдийгөө хүнд байдалд оруулдаг. Гэтэл бидний асууж залбираагүй тэр залбирлуудын хариултууд бидний амьдралыг маш олон таагүй нөхцөл байдлаас сэргийлэх боломжтой. 
Эрт цагт Иошуа болон түүний хамтрагчид Бурханаас ийнхүү мэргэн удирдамжийг асуугаагүйгээсээ болоод өөрсдийгөө маш хүнд байдалд оруулсан. Юу болсныг би товчхон хэлж өгье. Иерихо, Аи хотуудад агуу ялалт байгуулсны дараа тэд Бурханы өмнө шийдвэр гаргаж, Бурханд бүх зүрхээрээ үйлчлэх болно гэсэн шийдвэрийг дахин гаргасан. Тэд ард түмний өмнө Бурханы хуулийг уншиж, бүгд санаа нэгдэн Бурханд үйлчлэхээр шийдэцгээсэн. 
Гэвч энэ үйл явдлын дараахан тэдний хөрш зэргэлдээх Гибеончууд Иошуа Иерихо, Аи хотуудыг хэрхэн дарж авсныг сонсоод Израильчуудтай энхийн гэрээ байгуулахаар шийдсэн. Ингэхдээ тэд заль хэрэглэхээр шийджээ. Тэд хуучирч муудсан хувцас, хатсан талх, ядарч туйлдсан илжиг бүхий төлөөлөгчдийг Иошуа руу илгээсэн байна. Ингээд тэд Иоуша дээр ирж “Бид алс холын нутгаас та бүхэнтэй энхийн гэрээ байгуулахаар ирлээ” хэмээн хэлсэн.
Тэдний байгаа байдлыг харсан Иошуа хүртэл хууртаж орхисон. Учир нь тэдний бэлэглэхээр авч гарсан талх нь хатаж, өмссөн хувцас нь хуучирч, унасан илжиг нь турж эцсэн байв. 
Мэдээж тэд худлаа ярьсан. Гэхдээ маш үнэмшилтэй. Тиймээс Иошуа тэдэнтэй энхийн гэрээ байгуулж, хэрвээ тэд Израильчуудад үйлчилбэл тэднийг устгахгүй гэж амласан. Гэвч тэд алдаа гаргасан. Өөрсдийнхөө гаргасан алдааг дүгнээд Иошуа хожим нь бичихдээ “Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй” (Иошуа 9:14) гэсэн байдаг. Тэд хатсан талх, хуучирч муудсан хувцсыг хараад сайтар бэлтгэсэн хууран мэхлэлтэд хууртагдсан юм.
Тэгвэл тэдэнд тохиолдсон асуудлууд өнөөдөр та бидэнд ч мөн тохиолдсоор байдаг. Амьдралын аливаа асуудлуудад бүдрэхгүй, дайсандаа хууртахгүй, ёрын муу хүчний хууран мэхлэлтэд автахгүй хүн гэж нэг ч үгүй. Тийм учраас аливаа шийдвэрийг гаргахдаа Бурханаас асуудаг байх нь маш чухал.
Таны залбираагүй залбирлуудын хариултууд таныг амьдралаа там болгохоос хамгаалах хүчтэй. Олон хүн ингэж залбираагүйгээсээ болоод амьдралдаа алдсан байдаг. Ийм залбирал биднийг буруу хүнтэй гэр бүл болохоос, хожим харамсах гэрээнд гарын үсэг зурахаас хамгаалдаг.  
Иаков 1:5-д Иаков хэлэхдээ “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” хэмээсэн. Бурханы өмнө ирээд, юу хийхээ мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, Бурханаас мэргэн удирдамжийг гуйн залбирах нь ичмээр зүйл огт бишээ. 
Нэгэн мэргэн хүн хэлэхдээ “Юм мэддэггүй, гэхдээ юм мэддэггүй гэдгээ мэддэг хүн бол мэргэн хүн. Харин юм мэддэггүй, юм мэддэггүй гэдгээ ч мэддэггүй хүн бол мунхаг хүн” гэсэн байдаг. Энэ бол үнэхээр үнэн үг. 
Тэгвэл өнөөдөр танд асууж залбирах ёстой байсан ч залбираагүй тэр залбирлууд байна уу? Бурхан таны анхаарлыг Өөртөө татахын тулд таны толгой руу тоншихгүй гэдгийг санаарай. Гэхдээ хэрвээ та Эзэний өмнө ирээд “Эзэн, надад тусламж хэрэгтэй байна. Би яах вэ? Энэ асуудалд Таны хүсэл юу вэ?” хэмээн чин сэтгэлээсээ асуувал Тэр хариулах болно.
Хэрвээ та гэрлэсэн бол аливаа томоохон шийдвэр гаргахаасаа өмнө эхнэртэйгээ эсвэл нөхөртэйгөө гар гараасаа барилцаад залбирдаг зуршилтай болоорой. Хэрвээ та ганц бие бол өдөр бүр Эзэнээс мэргэн удирдамжийг гуйж, таныг хөтлөн дагуулахыг хүсэн залбираарай. Ийнхүү залбирах үед Бурхан гарцаагүй хариулах болно. Билли Грахамын хэлсэнчлэн бидний залбираагүй залбирлуудын хариулт аль хэдийн тэнгэрт бэлэн зэхээстэй байна. 


ХЭРВЭЭ БИД УХААЛАГ БАЙЖ ЗАЛБИРВАЛ ТЭДГЭЭР ЗАЛБИРЛЫН ХАРИУЛТУУД БИДНИЙГ МАШ ОЛОН БҮТЭЛГҮЙТЭЛ ЗОВЛОНГООС АВАРНА.