ШУУРГАН ДУНДАХ ДӨРВӨН ЗАНГУУ

ШУУРГАН ДУНДАХ ДӨРВӨН ЗАНГУУ

Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй агаад хөшигний дотуур нэвтрэн ордог. Еврей 6:19

Бурхан биднийг бүтээхдээ өвчин зовлон, хавчлага дарамт, дутагдал гачигдал гээд амьдралын хүнд хэцүү асуудлуудыг даван туулах чадвартайгаар бүтээсэн. Үнэндээ бид хоол хүнс, уух үсгүйгээр бодож байгаагаасаа ч удаан амьдарч чадна. Хэрвээ нэг зүйл байх юм бол бид асар их хэмжээний сэтгэлийн дарамтыг ч даван туулж чадна. Тэр чухал зүйл бол “найдвар” юм. 
Бид өвчин зовлонгоо эдгээж бие сэргээж чадна. Бид уналтад орсон санхүүгээ дахин өндийлгөж чадна. Бид сүйрсэн юм шиг харагдах амьдралаа ч дахин босгон байгуулж чадна. Харин бид найвар тасарч, цөхрөлд автвал бид бүх зүйл дээр буун өгч, үхэж мөхнө.
Та хэзээ нэгэн цагт задгай тэнгист жижигхэн усан онгоц, эсвэл завьтай явж байхдаа аймшигтай шуургатай таарч үзсэн үү? Ямар ч аврах баг, ямар ч нисдэг тэрэг ирж аврах боломжгүй тийм аймшигтай шуургатай таарч үзсэн үү? Ямар ч хүн ийм байдалд орвол шууд л бууж өгөөд үхлээ хүлээгээд хэвтэхгүй шүү дээ. Паул ч бас Ром хүрэхээр Газрын дундад тэнгист аялж явахдаа ийм байдалд орсон. Энэ талаар та Шинэ Гэрээний Үйлс номын 27-р бүлгээс уншиж болно. Нөхцөл байдал муугаар эргэх үед тэд усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн залбирч эхэлсэн. 
Хэрвээ таны амьдралд найдвар тасарч, цөхрөлд автмаар зүйл тохиолдсон бол та дараах дөрвөн зангууг хаяарай. Эдгээр зангуу таныг найдварын өглөөтэй учруулна. Эхний зангуу бол Бурханд найдах найдвар Еврей номд “Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй” (Еврей 6:19) хэмээсэн.  
Үнэндээ бидний амьдралын бүх зүйлийг Бурхан Өөрийн бүрэн хяналтдаа байлгадаг гэдгийг ухаарах нь бидний бодол санааг бүхэлд нь өөрчлөх чадалтай. Бидний амьдралд тохиолдох аливаа асуудал, хүнд хэцүү нөхцөл байдал бүр Бурханы хүсэл, Түүний тушаалын дагуу тохиолддог. Бидний амьдралд шуурах салхи Бурханы хүссэн хугацаагаар л үлээх болно. Үүнийг ухаарах үед бид хүнд хэцүү нөхцөл байдал дунд ч урам зоригтой байж чаддаг. 
Амьдралын салхи шуурган дунд таныг бат зогсоож чадах хоёр дахь зангуу бол Бурханы үгэнд найдах найдвар. Дуулал номд “Би ЭЗЭНийг хүлээдэг, Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд Үгэнд нь би найддаг билээ” (Дуулал 130:5) хэмээн бичсэн.  
Бидний амьдралд оволзож буй салхи шуурга намжихад цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс ч Бурханы үг бидэнд хэлэхдээ “Эзэнийг хүлээгтүн” хэмээн сануулдаг. Тиймээс бид Дуулал номонд бичигдсэнчлэн Бурханы үгэнд найдан Түүнийг хүлээж сурах хэрэгтэй.
Миний дуртай магтан дуун дээр “Зүрх минь Бурханы үгэн дотор амарна. Аврал минь Эзэний нэр, Христийн цусаар юм” хэмээн өгүүлдэг. Бурханы үг үнэн гэдэгт итгэх үед тэр үгэнд бид илүү бат итгэлтэй болдог. Бурханы үг хэзээ ч хувиршгүй гэдгийг Есүс Өөрөө батлан хэлсэн. Тиймээс бид тэр үгийг итгэлээр хүлээн авах үед тэнд бичигдсэн гайхамшигтай амлалтууд бидний амьдралд биеллээ олдог.
Бидний амьдралд хүчтэйгээр үлээж буй салхи шуурган дунд биднийг тогтоон барьж байдаг өөр нэгэн зангуу бол Эзэний мөн чанар, Түүний сайн сайханд найдах найдлага. Бурхан бол сайн гэдгийг, Түүний сайн сайхан нь Түүний мөн чанараас урган гардаг гэдгийг мэдэх үедээ бид Бурхан тэр бүх салхи шуургаар дамжуулан биднийг шийтгэхийг биш харин бидэнд Өөрийнхөө хүч чадлыг таниулахыг хүсэж буйг ойлгодог. 
Эцэст нь амьдралын салхи шуурган дунд биднийг тогтоон барьж байдаг дөрөв дэх зангуу нь Бурханаас өөр юу ч мөнх биш гэдгийг ухаарах ухаарал. Харанхуй шөнө өнгөрөхөд нар манддаг. Паул болон түүнтэй хамт явсан далайчид ч бас дөрвөн зангуугаа хаяад “өглөө болохыг хүлээсэн”. 


ШӨНӨ ХЭДИЙ ТҮНЭР ХАРАНХУЙ БАЙХ ТУСАМ ӨГЛӨӨ ТӨДИЙ ЧИНЭЭ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БАЙДАГ.