БУРХАНЫ УУЧЛАЛД ХЭМЖЭЭ ХЯЗГААР БИЙ ГЭЖ ҮҮ?

БУРХАНЫ УУЧЛАЛД ХЭМЖЭЭ ХЯЗГААР БИЙ ГЭЖ ҮҮ?

Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ. Лук 23:34

Магадгүй та “Улаан Кхмерүүдийн цаазын ял гүйцэтгэгч дахин төрсөн итгэгч болжээ” гэх гарчигтай нийтлэл уншиж байсан байх. Роетерс агентлагаас бэлтгэсэн тус мэдээнд “1970-аад оны үед мянга, мянган хүнд цаазаар авах ял оноож байсан, Камбожийн Улаан Кхмерүүдийн цаазын ял гүйцэтгэгч асан хүн Христэд итгэж, дахин төрсөн бөгөөд шударгаар шийтгэлийг хүлээхдээ бэлэн гэдгээ мэдэгджээ” хэмээн мэдээлсэн.
Канг Кек Лиү гэгч 56 настай энэ эр Пном Пэнг дэх Туол Слэнг хорих лагерт цаазын ял гүйцэтгэгчээр ажиллаж байсан болохоо хүлээсэн байна. Тэрхүү хорих лагерт 1975-1979 онуудад 16 мянган хүн тамлагдан амиа алджээ. “Голланд” Канг гэгддэг тэрээр “аллагын талбай” хэмээн Камбожид алдаршсан энэ газрыг өөрийн биеэр хариуцаж байсан гэдэг. 
Харин 1979 онд Вьетнамын дайчид Пном Пэнгийг эзлэн авах үеэр Канг ширэнгэн ой руу зугтаж алга болжээ. Тийнхүү зугтан явахдаа Бурхантай уулзсан тухайгаа хожим нь Канг гэрчлэн ярьсан. Улмаар тэрээр сайн дураар буун өгч, хийсэн буруу үйлдэлдээ бүрэн гэмшиж байгаагаа илэрхийлээд, олон улсын шүүхээс оноох ямар ч шийтгэлийг хүлээн авахдаа бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна.
Түүний харгислал дор хоригдож байсан хоригдлуудаас ярилцлага авахад тэдний ихэнх нь түүнийг үзэн ядаж буйгаа хэлж түүний царайг дахин харах хүсэлгүй байгаагаа илэрхийлцгээсэн. 
Тэгвэл энэ мэт харгис хэрцгий хүн Христэд итгэж дахин төрсөн тухай сонсох үед та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Мэдээж бидний ихэнх нь үүнд эргэлзнэ. “Шашин шүтлэгийн ард нуугдах гэж оролдож байна”, “Тийм хүн Христэд итгэнэ гэдэг чөтгөр Бурханд итгэсэн гэж байгаатай адил сонсогдож байна” гэх хүмүүс олон байх болов уу. Гэхдээ нөгөөтэйгүүр тэр хүн үнэхээр Христэд итгэж, үнэхээр өөрчлөгдсөн ч байж болно. 
Ер нь Бурхан уучлалд хэмжээ хязгаар байдаг болов уу? Стефаныг чулуугаар шидэж хөнөөхөд Саул тэр аллагад оролцсон. Батшебагийн нөхрийн үхэлд Давид буруутай байсан. Өнгөрсөн амьдрал нь хар бараанаар дүүрэн үй олон хүн Христэд итгэх итгэлээр дамжуулан Бурханы уучлалыг хүлээн авч, амьдрал нь бүрэн өөрчлөгдсөн байдаг. 
Хэрвээ Библид бичигдсэний дагуу бүх хүн нүгэлтнүүд юм бол Бурханы өмнө бидний гэм нүглийн хэмжээ ямар харагддаг бол? Бурханы өмнө олон хүний амийг хөнөөсөн нүгэлтэн болон нэг хүний амийг хөнөөсөн нүгэлтэн хоёр ялгаатай харагдах уу?! “Энэ ч арай хэтэрнэ ээ. Ийм гэм нүгэл үйлдсэн хүнийг бол өршөөх арга байхгүй” гэж хэлэх босго Бурханд ер нь байдаг болов уу?
Цаашилбал ийм хүнтэй хамт мөнхийн улсад байхад танд ямар санагдах бол? Бурхан уучилж чадах эсэх гэдгээс илүүгээр ийм хүнийг Бурхан уучлах ер нь хэрэгтэй гэж үү? гэх асуулт хүртэл энд яригдах боломжтой.
Үнэндээ хэрвээ та бид Кангийн харгислал дор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн байсан бол түүнийг уучлах байсан болов уу?
Энэ бүх асуултад хариулахаас өмнө бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэн нэгнийг уучилна гэдэг нь тухай хүний үйлдсэн буруу үйлдлийг, тэрхүү буруу үйлдлийн үр дагаврыг үгүйсгэнэ гэсэн үг биш. Канг ч үүнийг сайн ойлгож байсан. Тиймээс ч тэрээр өөрийн хийсэн үйлдлийн зайлшгүй үр дагаврыг үүрэхдээ бэлэн байв. Тэгэхээр бид бусдыг уучилна гэдэг нь “Өө зүгээр ээ!” гээд тэр хүний хийсэн бүхнийг ор тас мартана гэсэн үг биш. Харин уучлал гэдэг үгийг Библийн дагуу ойлгох юм бол энэ нь таныг хохироосон хэн нэгнийг хариуд нь хохироох эрхээсээ татгалзана гэсэн үг. Мэдээж энэ хэцүү.
Тэгвэл итгэгч бид бусдыг үргэлж уучлах үүрэгтэй гэж үү? Энэ сэдвийг хөндсөн Шинэ Гэрээний хоёр эшлэл заримдаа бидний толгойг эргүүлж орхидог. Матай 6:15 дээр хэлэхдээ Есүс “Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна” гэсэн байдаг.  Энд Есүс ямар ч нөхцөл болзол тавилгүйгээр ил шулуухан хэлсэн. Тэгвэл Лук 17:3-т “Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил” хэмээсэн.
Мэдээж биднийг хохироосон нэгнийг уучилна гэдэг бидний амьдралдаа хийх хамгийн хэцүү алхмуудын нэг. Гэхдээ уучлалын үр дүн, ашиг тус нь хэмжээлшгүй. Уучлал бол сэтгэл хөдлөл биш. Энэ бол сонголт. Энэ бол шийдвэр. Энэ бол таныг хохироосон нэгний эсрэг өс хонзон санахгүй байхаар шийдэж буй таны зориудын шийдвэр. 


БУСДЫГ УУЧЛАХААС ТАТГАЛЗАЖ БАЙГАА НЭГЭН НЬ ХОЖИМ НЬ ӨӨРИЙНХӨӨ ЯВАХ ГҮҮРИЙГ ШАТААЖ БАЙГАА ХҮНТЭЙ АДИЛ. ЭРТНИЙ МЭРГЭН ҮГЭЭС