ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛАА ШИНЭХНЭЭР НЬ БАЙЛГАХ 10 ЗӨВЛӨМЖ

ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛАА ШИНЭХНЭЭР НЬ БАЙЛГАХ 10 ЗӨВЛӨМЖ

Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх. Колоссай 3:19

“Мөнгө зарлагадахгүйгээр гэр бүлийн амьдралаа баялаг болгох нь” хэмээх номдоо Фил Каллавэй хуримынхаа 50 жилийн ойг тэмдэглэж буй ахимаг насны гэр бүлд тохиолдсон нэгэн хөгжилтэй явдлын тухай бичжээ. Ойн баярын бялуугаа зүсэж бүгд баяр хөөртэй байх тэр үед нөхөр нь хундага оргилуун дарс барин үг хэлэхээр босож зогсчээ. Хагас зуун жил ханилсан ханьдаа зориулан сэтгэлийнхээ үгийг илэрхийлэхийг хүссэн тэрээр хундагаа өргөн “Хайрт хань минь ээ, 50 жил ханилсны эцэст эргээд харахад, чамдаа би улам илүүгээр дасаж байна” гэж хэлж гэнэ. Бүгд инээмсэглэхэд сонсгол муутай эхнэр нь арай сайн сонсдог талаараа чих тавин “Аан?” гэж асууж гэнэ. Нөхөр нь ч эхнэр лүүгээ бага зэрэг тонгойн “50 жил ханилсны эцэст эргээд харахад, чамдаа би улам илүүгээр дасаж байна” гэж хэлж гэнэ. Харин нөхрийнхөө “дасаж байна” гэснийг “залхаж байна” гэж буруу сонссон эхнэрийнх нь царай хувьсхийн, эргүүлээд “Тэгвэл би ч бас чамд нэг юм хэлье. 50 жилийн ханилсны эцэст эргээд харахад би ч бас чамаас улам илүүгээр залхаж байна” хэмээн хариулсан гэдэг.
Харин өнөөдөр маш олон хосууд 50 жил ч болоогүй байхад бие биеэсээ уйдаж, залхдаг. Харин та гэр бүлийн амьдралаа ийм байдлаас аврахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах 10 зөвлөмжийг гэр бүлийн амьдралдаа хэрэгжүүлээрэй.
Зөвлөмж #1: Ханиа өөрөөсөө тэргүүнд тавь. Та хоёр одоо нэг бие болж, хамтдаа Эзэнийх болсон гэдгийг ухаарах нь гэр бүлийн амьдрал дахь “Би нэгдүгээрт” гэсэн хандлагыг өөрчлөх үндэс болдог. Учир нь өөрийгөө эн тэргүүнд тавих амин хувиа хичээсэн хандлага нь хамтын амьдралыг хамгийн хүнд хүчир болгодог.
Зөвлөмж #2: Дандаа ялах гэж бүү хичээ. Та хоёр бие биеэ гүйцээж нөхөхийн тулд гэр бүл болсон. Тиймдээ ч өөр хоорондоо эрс ялгаатай байдаг. Тиймээс нэг нь нөгөөгөө ялах гэж, нэг нь нөгөөгөө өөртэйгөө адил болгох гэж бүү хичээ. Жижиг үл ойлголцол, зөрчилдөөн бүрд заавал хэн нэг нь ялагч болж үлдэх албагүй гэдгийг сана. 
Зөвлөмж #3: Гэр бүлийн амьдралаа сонирхолтой болго. Үе, үе улиг болсон нэг хэвийн хэмнэлээ эвд. Өмнө нь очиж байгаагүй газартаа очиж, идэж үзээгүй хоолоо идэж үз. Гэртээ ирэхдээ гэнэтийн бэлэгтэй ирж бай. Хайртай дотны хүнээ баярлуулахын тулд улиг болсон нэг хэвийн хэмнэлээ эвдэж байхад гэмгүй.
Зөвлөмж #4: Бие биедээ орон зай гаргаж өг. Аливааг хамтдаа хийх сайхан л даа. Гэхдээ заримдаа та ханьдаа өөрийнхөө дуртай зүйлийг хийх орон зайг гаргаж өгч бай. Хэрвээ та спортод дургүй бол нөхрөө сагсан бөмбөг тоглох хойгуур дэлгүүр хэсэж байж болно шүү дээ. 
Зөвлөмж #5: Эргэж бүү хар. Өөрөөр хэлбэл өнгөрснийг ардаа үлдээ. Эхнэр эсвэл нөхрийнхөө өмнө нь гаргасан алдаа, дутагдлуудыг ч мөн өнгөрсөнд нь үлдээ. Та арагш харах толиндоо харсан чигээрээ урдах замаа жолоодож чадахгүй шүү дээ. Үүний нэгэн адил өнгөрснөө харсаар байвал таны гэр бүлийн амьдрал амжилттай байж чадахгүй. 
Зөвлөмж #6: Одоо байгаадаа сэтгэл хангалуун бай, гэхдээ ирээдүйгээ төлөвлө. Түрхэн зуур амсхийж, хамт аяга кофе уух, өглөө эрт гадуур алхах, тааваараа амарч зугаалах цаг гаргаж бай. Гэхдээ ирээдүйгээ ямагт төлөвлөж бай.
Зөвлөмж #7: Хайртай гэдгээ өдөр бүр хэлж бай. Мэдээж эхнэр чинь таныг өөрт нь хайртай гэдгийг мэднэ. Гэхдээ үүнийгээ өдөр бүр батлан хэлж бай. Энэ нь таны болон эхнэрийн чинь зүрхэнд буй хайрын орон зайг дүүргэж өгнө. 
Зөвлөмж #8: Уучлахдаа хурдан бай. Та өөрөө төгс хүн биш шиг ханиа ч бас төгс байлгах гэж бүү хичээ. Алдаа дутагдлыг нь үргэлж санаж, сөхөж байх нь гэр бүлийн харилцаанд чинь маш хортойг сана. Хорсол, үл уучлалыг тээж амьдрахад энэ амьдрал дэндүү богино, дэндүү үнэ цэнтэй гэдгийг та битгий мартаарай. 
Зөвлөмж #9: Бие биеэ урамшуулахдаа түргэн бай. Энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүйтэй гэрлэсэн гэдгээ эхнэртээ хэл. Хэрвээ бүхнийг дахин эхнээс нь эхлэх болвол эхнэртэйгээ бүр ч хурдан гэрлэх байсан гэдгээ ч хэл. Хань ижлээ урамшуулах нь бидний гэр бүлийн амьдралыг гэрэл гэгээтэй болгодог чухал алхмуудын нэг. 
Зөвлөмж #10: Бие биетэйгээ нээлттэй, чөлөөтэй харилц. Гэр бүлийн амьдрал нь төдийлөн амжилттай байж чадаагүй Английн нэрт зохиолч Чарльз Дикенс нэгэнтээ “Зүрхээ нээсэн хүндээ уруулаа ч бас нээж бай” хэмээн захисан. 
Эцэст нь би танаас асууя. Та гэр бүлийнхээ хүнээс уйдаж залхаж байна уу? Хэрвээ тийм бол харилцаагаа сайжруулахын төлөө хичээл зүтгэл гаргаарай. Ингэхдээ миний сая хэлсэн 10 зөвлөмжийг заавал хэрэгжүүлж үзээрэй. Энэ нь таны гэр бүлийн амьдралд томоос том өөрчлөлтийг авчрах болно. Би өөрөө үүнийг туршиж үзсэн учраас үр дүнтэй гэдгийг нь маш сайн мэднэ.