ДОТНЫ НАЙЗ ЧИНЬ ЧАМААС УРВАСАН БОЛ ЯАХ ВЭ?

ДОТНЫ НАЙЗ ЧИНЬ ЧАМААС УРВАСАН БОЛ ЯАХ ВЭ?

Андын чинь учруулсан шарх сайныг. Дайсны чинь үнсэлт заль мэхийг. Сургаалт үгс 27:6

Нэгэн цагт итгэлт нөхөр гэгдэж байсан тэр хүн өөрчлөгджээ. Түүний нөхөрлөл урвалтаар солигдож, гэр бүлийн найз, итгэлт анд гэгдэж байсан хүн одоо заналт дайсан болон хувирчээ. Таны амьдралд ийм зүйл тохиолдож байв уу? Үнэхээр хэцүү, тийм үү? Тантай хамт амьдралыг туулна гэж итгэж явсан тэр хүн танаас аажмаар хөндийрч, тань руу залгахаа ч болино. Хаа ганц нэг утсаар ярих үед хүйтэн хөндийхөн хэд гурван үг солиод өнгөрнө. 
Эрт цагт нэгэн хүн “Учир нь намайг доромжилдог нэгэн нь дайсан минь биш. Тийм байсан бол би тэсэх сэн. Миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг нэгэн нь намайг үзэн ядагч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан. Гэвч надтай ижил тэгш хүн, миний анд ба дотнын найз минь билээ. Бид хамтдаа таатай чуулал хийж, Бурханы өргөөнд олны дунд алхаж байсан” хэмээн бичсэн. 
Хэдийгээр энэ үгс 3000 жилийн өмнө бичигдсэн боловч өнөө өглөөний мэдээ мэт шинэхэн сонсогдож байна. Израилийн эртний хаан Давид ч мөн итгэлт нөхөр нь урвахын зовлонг өөрийн биеэр амсаж байсан. Дайсны хорт үйлдэл биш дотны нөхрийн урвалт биднийг хамгийн ихээр гомдоож, шархлуулдаг. 
Ийм байдалд орсон Давид маш олон янзын алхам хийж болох байсан. Ажилд авч, ажлаас халдаг дарга шиг Давид ч бас тэр хүний амьдралыг там болгож чадах байсан. “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” хэмээн тэр хүнд хандаж болох. Өөрийнх нь найруулсан хорыг өөрт нь уулгаж болох байсан. Үнэндээ Давид шиг байдалд орсон ихэнх хүмүүс ийм алхмуудыг хийдэг. Тэгвэл Давид ямар алхам хийв?
Энэ талаар бид Хуучин Гэрээний Дуулал номын 55-р бүлгээс уншиж болно. Энд Давид өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлсэн. “Би шаналал дотроо ёолон, үнэхээр үймэрч байгаа нь дайсны дуу хийгээд буруутын дарамтаас болсон болой” хэмээн бичжээ. Үргэлжлүүлээд Давид тэр нөхцөл байдлаас болдог сон бол зугтах сан хэмээсэн. “Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой! Тэгвэл нисэн одож, амрахсан” гэж өчсөн. Таагүй нөхцөл байдлаас зугтаахыг хүсэж байсан үе танд бий юу? Тэгвэл Давид хаан яг л тийм байдалд орсон. 
Гэхдээ Давид хаан өөрөө олон хүний цусыг урсгасан дайчин эр байсан. Тиймээс уур хилэн улам илүү уур хилэнг л дагуулна гэдгийг Давид хаан сайн мэдэж байсан. Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлнэ. Тиймээс “Надад яаж хандсан шиг нь түүнд тэгж хандах нь шийдэл биш” гэж Давид хаан бодсон. Ингээд юу хийхээ мэдэхээ байсан Давид хаан бүх нөхцөл байдлаа Бурханы өмнө авчирсан. “Харин би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна. Үдэш, өглөө болон үд дунд ч би үглэн гонгинох бөгөөд Тэрээр дууг минь сонсоно” хэмээн шүлэглэсэн.
Өөрөөр хэлбэл Давид Бурханы өмнө ирээд “Бурхан минь энэ утгагүй явдлыг Та шийдэж өгөөч” хэмээн залбирсан. Дараа нь Давид хаан өнөөдрийн та бидэнд маш хэрэгтэй нэгэн зөвлөгөөг өгсөн. Тэрээр “Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй” (Дуулал 55:22) хэмээсэн. Эцэст нь Давид “Харин би Танд итгэх болно” гэж өчсөн.
Магадгүй эрт дээр үед амьдарч байсан хүн өнөөдрийн таны амьдралд тохиолдоод буй асуудлыг ойлгоно гэдэг танд хачирхалтай санагдаж байж болох. Гэхдээ энэ үнэхээр үнэн. Дуулал номоос би өөрийн мэдрэмж, зовлон шаналал, сэтгэлийн дарамт, өөрийн болон өрөөл бусдын алдаа дутагдлыг ч олж хардаг. Мөн тэр номд өнөөдрийн миний амьдралд амин чухал хэрэгтэй тэр л шийдлүүдийг өгсөн. Дуулал 55-р бүлгийг та анхааралтай уншаад үзээрэй. 


ТА ДАВИД ШИГ ЗОВЛОН БЭРХШЭЭЛД УНАСАН БОЛ БҮХ АЧААГАА ЭЗЭНД ДААТГА. ДАВИДЫГ ДЭМЖИН ТЭТГЭСЭН ТЭР БУРХАН ТАНЫГ Ч МӨН ДЭМЖИН ТЭТГЭНЭ.