АЛДАА ДУТАГДАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ БУРХАН ХЭРХЭН ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

АЛДАА ДУТАГДАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ БУРХАН ХЭРХЭН ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

Есүс Христийн боол бөгөөд элч Симон Петрээс бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст. 2 Петр 1:1

Английн нэрт яруу найрагч Хенри Уадсворт Лонгфеллоу “Агуу хүмүүсийн амьдрал бидэнд, бидний амьдрал ч мөн агуу байж болно гэдгийг сануулдаг. Тийнхүү бид цаг хугацааны элсэн дээр өөрсдийн мөрийг үлдээж чадна” гэж шүлэглэсэн байдаг. Энэ үг бол үнэхээр үнэн үг. Учир нь 2000 жилийн тэртээд нэгэн хүний үлдээсэн ул мөр бидэнд өнөөдөр ч ийм урам зоригийг өгсөөр. Үнэндээ тэр хүнийг амжилтанд хүрнэ гэж хэн ч төсөөлөхгүй. Энгийн л нэг загасчин байсан. Тэр хүнийг их үсрээд л “Галил нуурын дэргэдэх загасчдын холбоог тэргүүлвэл их юм” гэж хүмүүс бодож байсан байх. Харин нэгэн өдөр Есүс түүний дэргэдүүр алхаж яваад түүнд “Намайг дага” гэж хэлсэн. Ингээд Петр загасчны тор, завиа орхиод Есүс Христийг дагасан. 
Би хувьдаа Петрийг их хайрладаг. Учир нь Петрээс би хүмүүс бидэнд байдаг сул дорой, алдуу дутагдалтай зан чанаруудыг олж хардаг. Заримдаа Петр хэтэрхий түргэн, хэтэрхий шийдэмгий зан гаргадаг байсан. Тиймдээ ч Бурханы урд гарч алхдаг байсан. Есүс усны мандал дээгүүр алхаж явааг харахдаа Түүн рүү үсрэн очсон хүн бол Петр. Есүсийг баригдахын өмнө “Эзэн минь, би Таныг хэзээ ч үгүйсгэхгүй” гэж амлаж байсан тэр төд удалгүй тэргүүн тахилч Каиафын гэрийн гадаа Есүсийг гурвантаа үгүйсгэсэн. Үнэхээр ойлгомжгүй байгаа биз?
Харин Бурхан Петр шиг сул дорой хүмүүсийг хэрэглэдэг. Пентекостын өдөр Бурхан Петрээр дамжуулан чуулганыг эхлүүлсэн. Үйлс номд анхны үеийн чуулганы тухай өгүүлэхэд эхний хагаст нь Петр, сүүлийн хагаст нь Паул гол хүн байсан. Иерусалимын Зөвлөл чуулган дахь харь үндэстнүүдийн тухай асуудлыг хэлэлцэх үед Петр тэр Зөвлөлийг ахалж байсан. Харин тэр цагаас хойш Үйлс номыг бичсэн Лук Петрийн тухай дахин дурсаагүй. 
Тэгвэл Петрт юу тохиолдсон бэ? Петр Иерусалимд үлдэж чуулганы асуудлуудыг шийдэж, зааж сургаж, номлож байв. Хэдийгээр Библид энэ тухай бичигдээгүй ч Петр Ромд очиж, улмаар Ромын эзэн хаан Нерогийн хавчлагын үеэр МЭ 64 онд итгэлийнхээ төлөө амиа өгсөн.
Хавчлага улам бүр ширүүсэх үед Петр энэхүү “галт сорилтыг” хэрхэн давах тухай зааврыг итгэгчдэд өгсөн. Түүний Силуанд хэлж бичүүлсэн энэхүү захидал өнөөдөр 1Петр гэсэн нэртэйгээр Библид багтсан. Энэ захидлаас та хуучны түргэн зантай, адгуу Петрийг биш харин төлөвшсөн, хад мэт хат суусан Петрийг харах болно. 
1Петр захидлын араас 2Петр захидал бичигдсэн. Энэ захидлаа Петр цаазлагдахынхаа өмнөхөн бичжээ. Ингэхдээ тэрээр Есүс Христийн дахин ирэлтийг үл тоох хуурамч багш нарын талаар анхааруулсан байдаг. 2Петр 3:10-т хэлэхдээ Петр “Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна” хэмээсэн. Энд Петр 1-р зууны итгэгчдийн огт ойлгохооргүй зүйлсийг зураглан хэлсэн. Зарим судлаачид энэ үгийг атомын бөмбөгийн тухай өгүүлжээ гэж тайлбарладаг. Үнэхээр өнөөдөр дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн хувьд атомын бөмбөг хар дарсан зүүд болж хувираад байна шүү дээ. 
Гэхдээ эцэст нь Петр бидэнд зориулан хамгийн чухал зөвлөгөөг өглөө. 2Петр 3:18-д “Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн” хэмээн Петр захижээ. Петр захидлынхаа төгсгөлд бидний итгэлийн амьдралд амин чухал нэгэн замыг зааж өгсөн. Энэ бол хэдий хүнд хэцүү, бартаа саад ихтэй боловч амин чухал зам. Энэ зам бол Петрийн замнасан замнал. Бурхан хүнд хэцүү нөхцөл байдал, хавчлага дарамт, зовлон бэрхшээлээр дамжуулан энэхүү хүчирхэг итгэлийн баатрыг барьж байгуулсан. Хүнд хэцүү нөхцөл байдлаас өсөлт бий болдог нь Бурханы гайхамшигтай ажил. 


БИДНИЙ ИТГЭЛИЙН АМЬДРАЛД ЗАРИМ ӨСӨЛТ ЗӨВХӨН ГАЛТ СОРИЛТООР ДАМЖУУЛАН ИРДЭГ.