ЗАЛБИРАХ ЗӨВ АРГА ЗАМ ГЭЖ БИЙ ЮУ?

ЗАЛБИРАХ ЗӨВ АРГА ЗАМ ГЭЖ БИЙ ЮУ?

Соломон уг залбирал ба гуйлтыг ЭЗЭНд залбирч дууссаныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд дэлгэн босов. 1 Хаад 8:54

Загалмайг дэлхий даяар Христийн авралын бэлэг тэмдэг гэж үздэг. Тэгвэл Албрехт Дьюрерийн зурсан залбирлын гар бол маргаан байхгүй залбирлын бэлэг тэмдэг. Энэхүү зургийн түүх уг зургийг бүр ч утга учиртай болгодог. Германы нэрт зураач Дьюрерт нэгэн зураач найз байжээ. Тэр найз нь маш шаргуу хөдөлмөрлөдөг боловч хэзээ ч нэртэй зураач болж чадаагүй. Нэг өдөр Дьюрер найзынхаа гарыг харахдаа залбирлын тухай өөрийн эрхгүй боджээ. Зовж шаналсан хүмүүс Бурханы өмнө алгаа хавсран байж чин сэтгэлээсээ гуйлт залбирлаа өргөдөг шүү дээ.  
Тиймээс Дьюрер найздаа “Чи залбирч байгаа юм шиг алгаа хавсарч бай. Би гарыг чинь зуръя. Тэгээд чиний гар надад урам зориг өгдөг шиг өөр олон хүнд урам зориг өгөг” гэж хэлсэн гэдэг. 
Сонирхолтой нь Библид 700 удаа гарын тухай өгүүлдэг ба ингэхдээ гараа өргөн залбирах тухай цөөнгүй удаа дурдсан байдаг байна. Гэхдээ эш үзүүлэгч Исаиагийн бичээсийг харвал гараа өргөх, алга хавсрах төдийхнөөр Бурханыг хуурч чадахгүй гэдгийг тодорхой өгүүлсэн. Исаиа 1:15-д Бурхан “Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно" хэмээн айлдсан. 
Шинэ Гэрээнд Паул “Иймд би эрчүүдийг уур хилэн, маргаангүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг” (1 Тимот 2:8) хэмээсэн. Сонирхолтой нь Библид Дьюрерийн зурсан шиг алгаа хавсран залбирах тухай огт өгүүлээгүй. 
Намайг бага байхад манай гэрт Есүсийн Гетсемени цэцэрлэгт залбирч буй том зураг байдаг байсан. Тэр зургийг Лук 22-р бүлэгт өрнөж буй үйл явдлаас сэдэвлэн зурсан байв. Тэр зурагт Есүс том чулууны өмнө өвдөг сөхрөн суугаад, тэнгэрээс тусах гэрлийн дор Дьюрерийн зурсанчлан алгаа хавсран залбирч байгааг дүрсэлсэн байдаг. 
Мэдээж зарим хүмүүс Есүсийг залбирахдаа үнэхээр алгаа хавсарсан эсэхийг мэдэх аргагүй шүү дээ хэмээн мэтгэж болох. Гэхдээ би нэг зүйлийг хэлж чадна. Бурханы өмнө үнэхээр бууж өгч байгаа нэгэн л Түүний өмнө чин сэтгэлээсээ алгаа хавсарч, Есүсийн нэгэн адил “Миний хүсэл биш Таны хүсэл биеллээ олог” гэж залбирч чадна. 
Библид янз бүрийн хүмүүс олон арга барилаар Бурханы өмнө залбирсан тухай өгүүлдэг. Зарим нь тэнгэр өөд гараа өргөж залбирсан байдаг. Тухайн үеийн Иудейчүүд ихэвчлэн ингэж залбирдаг байв. Зарим хүмүүс нүүрээрээ газар унан, зарим нь сууж, зарим нь өвдөг сөхрөн залбирдаг байв. Эзэнд зориулсан шинэ өргөөгөө Эзэнд зориулах ёслолын үеэр Соломон хаан хэрхэн залбирсан талаар 1Хаад номд ийнхүү зураглажээ. "Соломон уг залбирал ба гуйлтыг ЭЗЭНд залбирч дууссаныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд дэлгэн босов" (1 Хаад 8:54).
Нэгэн байлдааны онгоц дайсныхаа суманд оногдон хар утаа суунаглуулан нисэж байжээ. Онгоц нь ноцтой гэмтсэн талаар нисгэгч нь төв штаб руугаа мэдэгдэхэд цаадуул нь хаана явж буйг нь мэдэх санаатай “Чи ямар байрлалд байна?” гэж асуув. Хариуд нь онгоцны нисэгч тэр даруй “Өвдөг сөгдсөн байна” гэж хариулсан гэдэг. Хэрвээ дайсныхаа суманд оногдсон бол би ч бас ялгаагүй өвдөг сөгдөх байсан. 
Иаков 5:16 эшлэлд “Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна" хэмээн бичигдсэн. Та залбирахдаа алга хавсарч, өвдөг сөгдөж, нүүрээрээ газар унавал Бурхан таныг илүү сонсоно гэсэн үг үү? Мэдээж үгүй! Учир нь Бурхан биднийг зүрх сэтгэлийг хардаг.


БИД ХААДЫН ХААН, ЭЗДИЙН ЭЗЭНИЙ ӨМНӨ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗАЛБИРЧ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙ ӨМНӨ ГАРАА ӨРГӨХ, АЛГА ХАВСРАХ, ӨВДӨГ СӨХРӨХӨӨС ОГТХОН Ч ЦААРГАЛАХГҮЙ.