БУРХАНД ГОМДСОН ҮЕДЭЭ ТАНЫ ХИЙЖ БОЛОХ ГУРВАН СОНГОЛТ

БУРХАНД ГОМДСОН ҮЕДЭЭ ТАНЫ ХИЙЖ БОЛОХ ГУРВАН СОНГОЛТ

Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд, Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд. Үүрийн гэгээгээр жигүүрлэн далайн хамгийн алсын хэсэгт суувал Тэнд ч мутар тань намайг удирдаж, баруун мутар тань надаас зуурна. Дуулал 139:7-10

Английн нэрт Библийн багш Жозеф Паркер хайртай эхнэр нь хорт хавдраар хэрхэн зовж буйг өөрийн нүдээр харж маш их шаналсан гэдэг. Паркер Бурханд хандан залбирч, хашхирсан ч тус болсонгүй. Эхнэрийнх нь зовлон улам бүр нэмэгдсээр эцэст нь нас баржээ. Эхнэрээ өөд болсны дараа Паркер хэдэн долоо хоногийн турш Бурханд итгэх итгэлээ орхиж, цөхрөлд автан суусан гэдэг. Хэрвээ тэр нохойтой байгаад нохой нь тэгж их зовж шаналсан бол өөрийн гараар нохойгоо тэр бүх зовлонгоос нь ангижруулах байсан гэж тэрээр хожим нь дурссан байдаг. 
Манай нэвтрүүлэгт ирсэн нэгэн захидлыг унших үед Паркерын түүх надад өөрийн эрхгүй санагдсан. Тэрхүү захидалд “Эхнэр маань хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэж байх үед надад маш хэцүү байсан. Болдог сон бол би Бурханыг заамдаж аваад хоолойг нь чадлаараа багалзуурдахыг хүсэж байсан” гэж тэрээр бичсэн байв. Аз болоход бидний энэ мэт харалган бодлуудыг Бурхан төдийлөн ноцтойгоор хүлээж авдаггүй бололтой. Бидний амьдралд таагүй зүйлс тохиолдоход бидний олонх нь Бурханыг буруутгадаг. 
Хэрвээ таны амьдралд энэ мэт хүнд хэцүү зүйл тохиолдсон бол танд гурван сонголт бий. Та нэг бол Бурхан руу эргэж, Түүний дотор хоргодож тайвширч болно. Нэг бол Бурхан руу асаж, уурлаж болно. Эсвэл Иона шиг Бурханаас зугтааж болно. 
Гэхдээ юуны түрүүнд Бурхан анир чимээгүй байлаа гээд Бурханы оршихуй таныг орхисон гэсэн үг биш гэдгийг та ойлгох хэрэгтэй. Мэдээж Бурхан бидний амьдралд хөндлөнгөөс гайхамшигтайгаар оролцож бидний асуудлыг шийдээсэй, бидний бизнесийг босгоосой, бидний байрыг банкинд хураагдахаас авраасай гэж хүсдэг. Гэвч ихэнх тохиолдолд Бурхан чимээгүй байдаг. Гэхдээ ингэлээ гээд Бурхан тантай хамт байхаа больсон гэсэн үг биш. Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг. Гэвч заримдаа Бурхан биднийг орхисон юм шиг санагдах тэр түнэр харанхуй дундаас бид хамгийн чухал хичээлүүдийг сурч авдаг. 
Хоёрдугаарт, Бурханаас зугтах гэж оролдох нь ямар ч үр дүнгүй гэдгийг та ойлгоорой. Иона Бурханаас зугтаж чадаагүй. Та ч мөн адил. “Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Таны оршихуйгаас би хаашаа зугтааж чадах вэ?” хэмээн Давид хаан асуусан. Дараа нь Давид өөрийнхөө асуултад ийнхүү хариулсан. “Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд, Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд. Үүрийн гэгээгээр жигүүрлэн далайн хамгийн алсын хэсэгт суувал Тэнд ч мутар тань намайг удирдаж, баруун мутар тань надаас зуурна” (Дуулал 139:7-10) хэмээсэн. Үнэхээр Бурханаас зугтаж эсвэл Бурханаас нуугдаж чадах хүн нэг ч үгүй. 
Иона Бурханаас зугтаах гэж оролдсон нь өөрийг нь бүр ч хүнд байдалд оруулсан. Биднийг хайрладаг Бурханы хайр биднийг хэзээ ч тавьж явуулахгүй. Яг л мөр даган мөшгих мөрч нохой мэт биднийг дагасаар байдаг. Эцэст нь бид бууж өгч Бурхан руу эргэх үед Бурхан төөрсөн хүүгээ тэврэн авах эцэг мэт биднийг тэврэн авдаг. 
Эцэст нь та нэг зүйлийг бодож үз. Бурханыг эсэргүүцэн тэмцэх нь Бурхан Эцэгээс бидний дээр ирэх ивээл ерөөлийг саатуулахаас өөр ямар ч нэмэргүй. Энэ нь яг л бидний дээрээс асгарах ивээлийн хурыг амьдралаасаа холдуулахын тулд дээрээ шүхэр барьж байгаатай адил. 
Бурханыг үл тоож, Түүнийг эсэргүүцэх нь Түүний хүсэл зоригт хэзээ ч саад хийж чадахгүй. Нөгөөтэйгүүр ийм хандлагаасаа болоод бид түнэр харанхуй дундуур ганцаардан алхахад хүрдэг. Иона шиг Бурханаас зугтаж, Таршиш орох түнэр харанхуй замыг сонгох биш харин Бурхан руу ойртох амийн замыг сонгох байсан билээ. 


БИД БУРХАНЫ НҮДЭЭР АЛИВААГ ХАРЖ ЧАДВАЛ ЗУГТАХЫН ОРОНД АЛЬ БОЛОХ БУРХАН РУУ ОЙРТОЖ, ТҮҮНЭЭС ЗУУРНА.