БУРХАНЫГ ЯАЖ ОЛОХ ВЭ?

БУРХАНЫГ ЯАЖ ОЛОХ ВЭ?

Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.  Иеремиа 29:13

20 гаруй жилийн өмнө “Бурхан онлайн боллоо” гэсэн гарчигтай нийтлэл Уолл Стрийт сэтгүүлд гарч билээ. Үнэхээр бид интернетэд ороод “Бурхан” гэж бичээд хайвал даруй 2,9 тэрбум илэрц гарч ирнэ.
Гэхдээ бид үнэхээр Бурханыг интернетээс олж чадна гэж үү? Мэдээж бид орон орны хэл дээр бичигдсэн, Бурханы тухай маш олон материалыг тэндээс олж чадна. Гэхдээ хэрвээ бид Бурханыг үнэхээр нухацтайгаар хайж буй бол бид Түүнийг интернетээс биш арай өөр газраас хайх хэрэгтэй гэж би бодож байна. 
Тэгвэл бид Бурханыг хаанаас олох вэ? Зарим хүмүүс Түүнийг байгаль дэлхийгээс хайдаг. Гэхдээ энэ нь яг л цасан дээгүүр явсан хүний хөлийн мөрийг судлахтай адил. Тэр мөрийг хараад тэр газраар хүн явжээ гэдгийг бид баттай мэддэг ч тэр хүний талаар тодорхой өгүүлэх зүйл маш бага. Зарим хүмүүс Бурханыг өөрийнхөө дотроос хайдаг. Ингэхдээ тэд бясалгал хийж, даяанчилж, Бурханы оршихуйг дотроосоо мэдрэхийг хичээдэг. Хэдийгээр итгэгч хүний дотор Бурхан Ариун Сүнсээрээ оршдог нь үнэн ч үл итгэгч хүн Бурханыг дотроосоо олох боломжгүй. Нөгөөтэйгүүр бидний амьдралын завгүй хэмнэл биднийг Бурханы дуу хоолойг олж сонсоход саад болдог. Харин Бурхан эрт цагт эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан бидэнд “Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно” (Иеремиа 29:12) хэмээн амалсныг та битгий мартаарай. Тиймээс хэрвээ та Бурханыг таньж мэдэхийг үнэхээр хүсэж байгаа бол Бурханыг хайж болох илүү дээр газрыг би танд зааж өгье. 
Алхам #1: Библи судал. Библийн хуудсууд дээр Бурхан Өөрийгөө хэрхэн илчилснийг та олж уншаарай. Бурханыг таньж мэдэхийн тулд та Бурханы тухай бичсэн бусад ном зохиолуудыг биш харин Бурханы Өөрийнх нь үг болох Библийг эхлээд судлах нь хамгийн зөв зам. Библи нь итгэгчдийн итгэлийн амьдралыг дэмжих нэмэлт материал биш харин тэдний амьдралын салшгүй хэсэг. Харамсалтай нь судалгаанаас үзвэл, чуулганд тогтмол хамрагддаг нийт итгэгчдийн ердөө 19 хувь нь Библиэ тогтмол уншдаг гэсэн бол 40 хувь нь “сард нэг, хааяа эсвэл огт уншдаггүй” гэж хариулжээ.
Бурханы зүгээс танд хандан Өөрийгөө илчилж бичсэн захидлыг уншилгүйгээр Бурханыг таньж мэднэ гэдэг боломжгүй. Магадгүй та Иоханы сайнмэдээнээс уншиж эхэлж болох юм. Тэр номоос та Есүс Христийн амьдралын тухай олж мэдэж, түүгээр дамжуулан Бурханыг таньж мэдэх боломжтой. Тийнхүү Бурхан таныг уучилж, тантай ойр дотно харилцаатай байж, таны амьдралд зорилго төлөвлөгөөгөө илчилж өгөхийг хүсдэг гэдгийг олж мэдэх болно. 
Нэмж хэлэхэд, Христитгэлт ном зохиол, интернет дээрх материалууд, чуулганы номлолууд зэрэг нэмэлт мэдээллийг судлахад буруу байхгүй. Гэхдээ тэдгээр нь зөвхөн Бурханы үгэнд суурилсан байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. 
Алхам #2: Залбирлаар дамжуулан Бурхантай ярилц. Бурханыг хайж эхлэхдээ Бурханы өмнө ирээд “Бурхан минь, Та надад Өөрийгөө илчлээч. Би Таныг харахын тулд миний нүдийг нээгээч. Таны дуу хоолойг сонсохын тулд миний чихийг нээгээч” гэж залбир.
Алхам #3: Бурханыг сайн таньж мэдсэн хүмүүстэй ойртож, нөхөрлө. Бурхантай олон жил хамт алхсан бурханлаг эрчүүд, эмэгтэйчүүдийн туршлага танд маш их тусыг хүргэнэ. Тэдэнтэй ярилц, хамт цагийг өнгөрөө, Бурханыг хайсан эрэл хайгуул нь тэднийг хааш хөтөлж, Есүс Христийг хэрхэн Аврагч Эзэнээ болгон хүлээн авсныг олж мэд. Тэд танд жинхэнэ Бурхан буюу Библийн Бурхан яг ямар Бурхан юм бэ гэдгийг тайлбарлаж өгнө. Теологич, философич Фрэнцис Шаеффер “Бурханыг ТӨГС атлаа, ЭГЭЛ” хэмээн тодорхойлсон байдаг. 
Эцэст нь хэлэхэд, та Бурханыг таньж мэдэхийг хүсэж буйгаас ч илүүгээр Бурхан тантай нөхөрлөж, дотносохыг хүсдэг. Тиймээс ч Бурхан Өөрийн Хүүг илгээж, Түүгээр дамжуулан Өөрийгөө бидэнд илчилсэн. Бурханы амлалтууд одоо ч үнэн хэвээрээ. 


ТА НАР НАМАЙГ ХАЙХ БӨГӨӨД БҮХИЙ Л ЗҮРХЭЭРЭЭ НАМАЙГ ХАЙВАЛ ОЛНО.