ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТЭЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТЭЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

Харин үг чинь “За бол за, үгүй бол үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг юм. Матай 5:37

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцах арга зам харилцан адилгүй гэдгийг сэтгэл судлаач Дебора Таннен “Эрэгтэй эмэгтэй хүний харилцан яриа” номдоо тодорхой өгүүлжээ. Адам Ева хоёрын үеэс л ийм байсаар ирсэн. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны арга барил өөр байдгаас гадна тэдний тархи хүртэл харилцааны тал дээр харилцан адилгүй ажилладаг болохыг эрдэмтэд тогтоов. Харилцааны энэ асуудал олон жилийн турш эрчүүд эмэгтэйчүүдийн дундах томоохон асуудал байсаар ирсэн. Ямар сайндаа дуу цөөнтэй нөхрөөсөө болоод аргаа барсан нэгэн эмэгтэй “Нөхрийн маань хэлний булчин сайн хөгжөөгүй юм” гэж дуу алдсан гэдэг. 
Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр хоорондоо харилцахад ярвигтай байдаг гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл зохиолч Таннены номд шинэ зүйл юу өгүүлэв? Таннен эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох ярилцлагуудыг бичиж хэдэн зуун цагийн харилцан яриаг нэгтгэн цуглуулсан. Улмаар тэр бүх ярилцлагуудын агуулга өнгө аясыг судалж үзсэний эцэст тэрээр нэгэн чухал дүгнэлтэд хүрчээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс багаасаа тэс өөр ертөнцөд өсч өндийсөн байдаг бөгөөд улмаар харилцан ярианд тэс өөр байр сууринаас ханддаг ажээ.
Эмэгтэйчүүдийн хувьд харилцаагаа бэхжүүлэхийн тулд ярилцдаг бол эрчүүд асуудлын шинж тэмдгүүдийн талаар ярилцахыг илүүд үздэг байна. Мөн эрчүүд эвдрээгүй зүйлийг хэзээ ч засах гэж оролддоггүй бол эмэгтэйчүүд өөрт нь үнэ цэнтэй санагдсан бүхний талаар ярилцахдаа хэзээд бэлэн байдаг байна.
Таннены судалгаанаас үзэхэд эрчүүд эмэгтэйчүүдийг нэг яриад эхлэхээрээ дуусдаггүй “нойтон хамуу шиг” гэж үздэг бол эмэгтэйчүүд “яриа” гэдэг бол харилцааг нэгтгэн барьж байдаг цавуу гэж үздэг ажээ.
Тэгвэл танд эхнэртэйгээ эсвэл нөхөртэйгөө харилцахад асуудал гардаг уу? Хэрвээ тийм бол та дараах зөвлөмжийг дагаарай.
Зөвлөмж #1: Эрчүүд бодит байдлын үүднээс, эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлийн үүднээс харилцдаг гэдгийг сана. Эрчүүд бие махбодоороо мэдэрч байгаа зүйлийг, харин эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө илүү сайн илэрхийлж чаддаг. Улмаар ойр дотно харилцаа эмэгтэйчүүдийг илүү сэтгэлээ нээхэд хүргэдэг бол эрчүүдэд энэ нь илүү сул дорой болсон мэт мэдрэмж төрүүлдэг. 
Зөвлөмж #2: Эрчүүдийн хувьд харилцааг эмэгтэйчүүдээс тэс өөрөөр ойлгодог гэдгийг сана. Би эхнэртэй эрчүүдийг өөрсдийгөө хэр сайн харилцагч болохыг 1-ээс 10 оноогоор дүгнэ гэж хэлэхэд тэд эхнэрийнхээ өөрт нь өгсөн үнэлгээнээс ихэвчлэн гурваас илүү оноог өөрсдөдөө өгдөг. 
Зөвлөмж #3: Бүх хүнд бусадтай харилцах хэрэгцээ бий гэдгийг сана. Тиймээс эхнэр болон нөхрийнхөө өөрийгөө илэрхийлэх гэж оролдож буй оролдлогод дэмжлэг үзүүл. Нөхрүүдийн хувьд эхнэрүүд нь сэтгэл хөдлөлөө ил гаргаж байгааг нь хүлээж авч сурах хэрэгтэй. Харин эхнэрүүдийн хувьд нөхрүүдийнхээ болхи, эв хавгүй ч гэсэн өөрийгөө илэрхийлэх гэж оролдож буйг нь ойлгохыг хичээ. 
Зөвлөмж #4: Насанд хүрсэн хүмүүс ч харилцаанд суралцах боломжтойг сана. Харилцаа бол ур чадвар бөгөөд хэрвээ таны тухайн хүнтэй харилцах харилцаа үнэ цэнэтэй л бол та энэ ур чадвараа заавал хөгжүүлэх хэрэгтэй. 
Зөвлөмж #5: Үг хэлэхгүйгээр илэрхийлж буй утга санааг ойлгож сур. Харвардын их сургуулиас гаргасан судалгаанаас үзвэл хүмүүст үг хэлэхгүйгээр өөрийгөө илэрхийлэх 700 мянган арга зам байдаг байна. Тиймээс та үг хэлэхгүйгээр өөрийгөө илэрхийлж мөн бусдын үг хэлэхгүйгээр илэрхийлж буй утга санааг ойлгож сур. Гэхдээ үүнд зөвхөн найдах биш өөрийнхөө хэлэх гэсэн санааг мөн үгээр илэрхийлж сурах нь ч чухал. 
Зөвлөмж #6: Хоорондын харилцаа чинь таны хувьд ямар чухал болохыг цаад хүндээ ойлгуул. Энэ чухал харилцааныхаа төлөө харилцах ур чадвараа дээшлүүлэхэд бэлэн буйгаа илэрхийл. 


ЗҮРХ СЭТГЭЛЭЭ НЭЭСЭН ХҮНДЭЭ УРУУЛАА Ч МӨН НЭЭЖ БАЙ.       ~ЧАРЛЬЗ ДИКЕНС~