ИТГЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ТӨЛӨӨСИЙГ ТӨЛӨХ ВЭ?

ИТГЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ТӨЛӨӨСИЙГ ТӨЛӨХ ВЭ?

“Тэр тэдэнд бүгдэд нь хандаж —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага”. Лук 9:23

Абдул Рахман цаазын ялаа хүлээж байв. Түүний эсрэг үүсгэсэн хэрэг үнэхээр хүнд байлаа. Тэр өөрөө ч үйлдсэн гэмт үйлдлээ хүлээсэн. Гэхдээ тэр тухайн хэргийг 16 жилийн өмнө үйлджээ. Бавгар сахалтай, гунигтай царайтай энэ эрийг хийсэн үйлдлийнх нь төлөө яаралтай цаазлахыг хүмүүс шаардан хэдэн мянгаараа гудамжинд жагсаж хашхиралдаж байв. Тэгвэл тэр хүн ямар гэмт хэрэг үйлдсэн юм бол?
Тэрээр 16 жилийн өмнө 25 настай байхдаа Исламын шашнаа орхиж Христэд итгэгч болжээ. Ингээд л болоо юу? Өдөр бүр мянга мянгаараа л хүмүүс Христэд итгэдэг биш үү? гэж та бодож байж болох. Уг нь тийм. Гэхдээ Исламын шашинтай улсад аливаа хүний үхэх сэхэхийг шашны хууль буюу Шариат хуулиар шийддэг. Түүний тухай энэ мэдээ дэлхий даяар тархах үед дэлхийн өнцөг булан бүрээс үй олон хүн эсэргүүцлэл илэрхийлж улмаар түүний амь нас аврагдсан.
Рахманы амьдарч байсан Афганистан улсад шашны эрх чөлөөг үндсэн хуулиараа зөвшөөрдөг ч Исламын шашнаас өөр шашин руу шилжсэн хүнийг шашны хууль буюу Шариат хуулиар шийтгэдэг байжээ. Цаазын ял гүйцэтгэхийн өмнө яллагч түүнээс асуулт асуухад тэр өөртэйгөө ярин амандаа бувтнаад байв. Түүнээс юу хийж байгааг нь асуухад тэр “Би Бурхантай ярьж байна” гэж хариулжээ. Олон улсын зүгээс Ерөнхийлөгч Хамид Карзаид шахалт үзүүлж, үүн дээр нь тулгуурлан Рахманыг сэтгэцийн өвчтэй хэмээн олон нийтэд зарлан байж амийг нь Рахманы амийг хэлтрүүлжээ.
Нигерт олон жил үйлчилсэн илгээлтийн эзэн Мэри Слессор ч мөн залбирахдаа Рахман шиг амандаа бувтнан залбирдаг байсан гэдэг. Хүмүүс түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй болчихож хэмээн бодож эхлэх үед Мэри хүмүүст Есүстэй ярилцаж байсан тухайгаа хэлдэг байсан гэдэг. Тэгвэл Рахманд ч бас ийм зүйл тохиолдсон. 
Улмаар Абдул Рахманы амийг хэлтрүүлж тэрээр Англид улс төрийн орогнолоор амьдрах болов. Гэхдээ хэрвээ олон улсын зүгээс шахалт үзүүлээгүй бол Абдул Рахман нэр нь үл мэдэгдэх хохирогчдын нэгэн адил амиа алдах байсан. Өнөөдөр Абдул Рахман шиг аз тохиогоогүй үй олон итгэгч итгэлийнхээ төлөө амиа алдсаар.
Транс Ворлд Радиогоос Араб хэлээр явуулдаг Христитгэлт хөтөлбөрт хандан нэгэн захидал иржээ. Тэрхүү сонсогч нэвтрүүлэгчид хандан бичихдээ Есүс Христийг Аврагч Эзэнээ болгон хүлээн авсан тухайгаа өгүүлсэн байна. Хэдэн сарын дараа нэвтрүүлэгч тухайн сонсогчийн амьдарч байсан бүс нутгаар аялан явахдаа түүнтэй уулзахаар шийдэж түүний амьдардаг тосгонд ирж, түүнийг сураглажээ. Харин хүмүүс түүнийг нөгөө хүний гэр лүү биш оршуулгын газарт аваачсан байна. “Энд хүмүүс Есүс Христэд итгэвэл ийм зүйл тохиолддог юм даа” гэж хөтөч нь түүнд хэлсэн гэдэг. 
Сүүлийн үед Исламын улсуудад үндсэн хуулийг халж шашны Шариат хуулийг баримтлах хөдөлгөөн хүчтэй өрнөх болсон. Энэхүү шашны хуулийн хүрээнд голлох шийдвэрийг Исламын шашны Имам болон санваартнууд нь гаргадаг бөгөөд тэд буруутай гэж үзсэн хүнийг харгис хатуугаар шийтгэхийг шаарддаг. Шариат хуулинд үг дуугүй бүрэн захирагдахыг шаарддаг ба өршөөл энэрэл үзүүлэхийг хатуу хориглодог. Шийтгэл нь ч аймшигтай харгис. Зөвхөн өөр шашинд дагаар орсон хүмүүсийг гэлтгүй өөрийн шашны шаардлагыг бүрэн дагаж чадаагүй хүмүүст ч хатуу ханддаг. 
Өнөөдөр Исламын шашин болон Барууныхны хооронд тэмцэл өрнөөд байгаа юм биш. Харин Исламын шашны тулгар үзэлтнүүд болон дэлхийн бусад хүмүүсийн хооронд тэмцэл өрнөж байна. Италийн сэтгүүлд өгсөн ярилцлагад Рахман “Би хийсэн сонголтынхоо үр дагаварыг бүрэн ухамсарлаж байсан. Хэрвээ би үхэх ёстой бол үхэх болно” хэмээн өгүүлжээ.
Есүс дагалдагч нартаа “Тэр тэдэнд бүгдэд нь хандаж —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” хэмээн хэлсэн (Лук 9:23). Абдул Рахманы хувьд чухамдаа ийм л хандлагыг тээн амьдарсан. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт түүнд тохиолдсонтой адил байдалд орсон хүмүүс маш олон бий. 


ТА ТЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРАХГҮЙ ГЭЖ ҮҮ?