ГАЛТ СОРИЛТЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

ГАЛТ СОРИЛТЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. 1 Петр 4:12

Амьдралд бүх зүйл харьцангуй. Зарим хүмүүсийн хувьд давшгүй даваа мэт санагдах зүйлс зарим хүмүүсийн хувьд жирийн нэг донсолгоо төдийхөн санагддаг. Зарим хүмүүс зовлонгоо дотроо хадгалж, эдэлж буй зовлон шаналлаа хэнд ч хэлэлгүй нуудаг бол зарим нь өчүүхэн жижиг асуудлаа ч бусдад зарлаж явдаг.
Би саяхан Петрийн тухай бодлоо. Мундаг загасчин байсан тэрээр Есүс Христийн хамгийн дотны гурван дагалдагчийн нэг болсон. Бас Есүсийг баривчлах үед тэргүүн тахилчийн зарц Малхын чихийг сэлмээр тас цавчсан хүн бол мөн л Петр. Пентекостын өдөр Петр номлол хийж, олон жилийн өмнө эш үзүүлэгч Иоелын эш үзүүлсэн гайхамшигтай үйл явдлыг тунхагласан.
Петр эрдэмтэн судлаач, теологич хүн байгаагүй. Гэхдээ тэр Бага Азид амьдарч байсан итгэгчдэд хандан гайхамшигтай захидлуудыг бичсэн. Ингэхдээ Петр тэдэнд хүнд хэцүү асуудлуудад хэрхэн хандах ёстойг зааж сургасан. Тэдгээр хүнд хэцүү асуудлуудаас болоод нурж сүйрэх биш харин тэдгээр асуудлуудаар дамжуулан өсөж хүчирхэгжих нууцыг Петр тэдэнд илчилж өгсөн. Петр өөрийн захидалдаа “Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх” (1 Петр 4:12) хэмээн бичсэн.
Тэгвэл энд гарч байгаа “галт сорилт” гэдэг нь чухам юу юм бэ? Зарим орчуулгад үүнийг “зовлонтой сорилт” гэдэг. Энд Петрийн хэлсэн “гал” гэдэг нь шууд утгаараа “гал” юм болов уу? Мэдээж энэ бол зүйрлэл. Галыг хяналтгүй орхивол бүхнийг шатаадаг шиг тухайн сорилтыг зөвөөр давахгүй бол энэ нь таныг устгана гэсэн үг. Бидний амьдралд ийм зүйл олон тохиолддог. Заримд нь өвчин зовлон хэлбэрээр. Зарим нь хилс хэрэгт, зарим нь хэрэг заргад холбогддог. Заримынх нь ажил дампуурч, зарим нь ган гачигаас болоод хамаг ургацаа алддаг.
Тэгвэл энэ мэт “галт сорилт” бидний амьдралд нүүрлэх үед тэдгээрийг хэрхэн давах тухай зааврыг Петр бидэнд өгсөн. Юуны түрүүнд Петр “ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл гэм нүгэлд унасан энэ дэлхий дээр амьдарч байгаа нэг ч хүн энэ мэт зовлон бэрхшээлээс ангид амьдарч чадахгүй гэсэн үг. 
Харин дараагийн эшлэлд хэлэхдээ Петр “Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла” гэж хэлсэн. Энд бидний баярлах шалтгааныг юу гэж хэлсэн бэ? Бид Христийн зовлонг хуваалцдаг гэж хэлсэн. Гэхдээ үргэлжлүүлээд Петр “Та нараас хэн нь ч алуурчин эсвэл хулгайч эсвэл муу муухайг үйлдэгч эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог” гэж сэрэмжлүүлсэн.  
Эцэст нь Петр зовлон шаналал дундаа ч Бурханыг алдаршуул гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн утгатай вэ? Энгийнээр хэлвэл Бурханыг алдаршуулах гэдэг нь тэрхүү галт сорилтыг давах үедээ Бурханыг сайнаар харагдуулна гэсэн үг. Энэ нь танд бурууг үйлдсэн хүнтэй та арцалдахгүй гэсэн үг. Энэ нь та галтай галаар тэмцэхгүй гэсэн үг. Харин дайснуудынхаа төлөө залбирч, Бурханы бүхнийг захирч байгаа гэдэгт итгэн, өшөө авалтыг хойш тавина гэсэн үг. Өшөө авалт нь Эзэнийх гэдгийг ухамсарлаж, ёрын муугийн хариуд Есүсийн адил үйлдлийг хийнэ гэсэн үг. 
Эцэст нь Петр “Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдэхдээ амиа итгэмжит Бүтээгчид даатгаг” (1 Петр 4:19) хэмээсэн. Тэгвэл Еврей захидлыг бичигч мөн л ийм зүйлийг хэлсэн. Тэрээр итгэлийн баатруудын тухай өгүүлээд дараа нь Еврей 12:2-т “Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм” хэмээсэн.
Хамтдаа зөвхөн Эзэнийг харцгаая. Өөрт чинь учраад байгаа галт сорилтод биш, танд зовлон авчирсан тэр хүмүүст биш харин Эзэнийг ширтэн харах нь хамгийн зөв шийдэл. Уламжлалын дагуу үзвэл, Петр МЭ 64 оны үед Неро хааны гарт Ромд цаазлагдсан.


ГАЛТ СУМ МЭТ ЗОВЛОН БЭРХШЭЭЛ ИРЭХ НЬ ДАМЖИГГҮЙ, ҮҮНИЙГ ХЭРХЭН ГАТАЛЖ ДАВЖ БАЙГАА НЬ ТҮНЭР ХАРАНХУЙГ ГИЙГҮҮЛЭХ ТАНЫ ГЭРЭЛ.