БИДНИЙ БҮТЭЛГҮЙТЛИЙГ БУРХАН ХЭРХЭН ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

БИДНИЙ БҮТЭЛГҮЙТЛИЙГ БУРХАН ХЭРХЭН ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. Эхлэл 50:20

Гэм нүглээр дүүрэн энэ дэлхийн амьдрал бидний дотор зүсэн бүрийн эргэлзээ тээнэгэлзлийг төрүүлдэг. Тэр тусмаа бидний бусдаас илүү гэж бодож байсан хүмүүс нүдэн дээр минь алдаж бүтэлгүйтэх үед бид “Үнэхээр алдаа гаргалгүй амьдарч чадах хүн бий гэж үү? Үг хэл үйлдэл нь зөрдөггүй хүн байдаг гэж үү?” хэмээн эргэлздэг. 
Харин Бурхан бүхнийг мэдэж, бүхнийг захирдаг бөгөөд хүмүүс бидний алдаа дутагтлыг Өөрийн зорилгын төлөө хэрэглэх чадалтай. Бидний эргэн тойронд буй итгэгчдийн алдаа дутагдал ч бай, бидний хөршийн алдаа дутагдал ч бай ялгаагүй тэдгээрээр дамжуулан Бурхан таны амьдралд хандсан Өөрийн хүслийг гүйцэлдүүлэх чадалтай.
Тэгвэл Бурхан бүхнийг захирагч гэдэг нь ямар утгатай вэ? Энгийнээр хэлэхэд Бурхан бүхнийг хяналтдаа байлгадаг гэсэн үг. Тиймээс таны амьдралд тохиолдож буй бүхэн хувь тавилангийн эргүүлэг биш, харин Бурханаас танд зөвшөөрсөн зүйлс. Яагаад? Магадгүй Бурхан танд Өөрийнхөө хүч чадлыг харуулахыг хүссэн байж болох Эсвэл Өөрийн хайр халамж хамгаалалт, хангалтыг харуулахыг хүссэн байж болох. Тухайн нөхцөл байдалд орохоос өөрөөр таны мэдэх боломжгүй байсан тэр бүхнийг танд мэдүүлэхийг хүссэн байж болно.
Анхнаасаа гэм нүгэлд унасан энэ дэлхий ертөнц дундуур Өөрийн хүмүүстэй хамт туулан гарах нь Бурханы сонголт байсан. Ингэхдээ Бурхан тэрхүү харанхуй хөндийгөөр тэдэнтэй хамт алхана гэдгээ амласан болохоос тэдний амьдралаас тэр бүх харанхуйг ор мөргүй зайлуулж өгнө гэж амлаагүй. 
Зарц боолоос Египетийн Ерөнхий сайд болтлоо дэвшсэн нэгэн залуугийн түүх энэ чухал үнэнийг гэрчилдэг. Тэр хүн бол Иосеф. Түүний түүхийг та Эхлэл номын 37-р бүлгээс уншиж болно.
Тэр анхандаа ах нарынхаа атаархал үзэн ядалтын бай байсан. Ах нар нь түүнийг үзэн ядаж, хувцсыг нь тайлж аваад харанхуй нүхэнд хаяж орхисон. Улмаар түүнийг Мидианы худалдаачдад боол болгон худалдсан. Энэ бол түүний хувьд хүмүүсийн хар санаа, хорон муутай нүүр тулсан анхны тохиолдол нь байв. Дараа нь Иосеф Египетийн Фараоны томоохон түшмэлийн боол болсон. Тэрээр эзнийхээ гэрт маш амжилттай үйлчилсэн. Тэглээ гээд амьдрал нь дээшилсэн үү? Үгүй ээ. Эзнийхээ эхнэрийн уруу татлагыг хүлээж аваагүйн улмаас хилс хэрэгт гүтгэгдэж шоронд хоригдсон. Ингээд хүмүүс түүнд дахин шударга бусаар хандсан.
Гэвч эцсийн дүндээ тэр маш хүчирхэг Ерөнхий сайд болж гэр бүлийнхнийхээ болон үй олон хүний амь насыг аварсан. Эндээс дүгнэхэд, бидний хувьд алдаа дутагдал, бүтэлгүйтэл гэж харагдаж болох тэр зүйлсийг Бурхан хэрэглэж амьдралд минь хандсан Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлдэг. Улмаар тэр зүйлсээр дамжуулан хэрвээ бид шударга бус зүйлийн хохирогч болоогүй байсан бол хэзээ ч хүрч чадахааргүй байсан тийм өндөрлөгт биднийг хүргэдэг. 
Хэрвээ Бурханы хүчит мутар бидний амьдралыг сахин хамгаалж байгаа гэдгийг бид харж чадвал, бид Бурханы мутар хүрэхээргүй гүнд хэзээ ч унахгүй гэдгийг ухаарвал бидэнд таагүй санагдах аливаа үйл явдал бүхэнд хандах бидний хандлага хичнээн өөр байх байсан бол!
Мэдээж хэн ч Иосеф шиг байдалд орохыг хүсэхгүй. Ах нартаа үзэн ядагдаж, харанхуй нүхэнд хаягдаж, боол болон зарагдаж, харанхуй шоронд хатсан талхаар голоо зогоож, эрх чөлөөг дахин үзэх болов уу гэсэн эргэлзээн дунд амьдрахыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ бид зовлон бэрхшээлээр, хүнд хэцүүгээр дамжуулж байж Паулд айлдсан Бурханы үгийн жинхэнэ утга учрыг ойлгож ухаарна. Бурхан Паулд хандан “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” (2Коринт 12:9) хэмээн айлдсан.
Тиймээс бидний хувьд хүнд хэцүү цаг үед биднийг түших Түүний хүчит мутарт, Түүнээс ирэх сайн сайхан бүхэнд эргэлзээгүй итгэх итгэл хамгийн чухал. Учир нь энэ л итгэл биднийг хүнд хэцүү цаг үеийг туулан гарахад тусалдаг. 


ТИЙМД БУРХАНД ЦАГ ЯМАГТ ИТГЭЖ НАЙД.