ЧУУЛГАН АЙЛЫН ГЭРТ ЦУГЛАЖ БОЛОХ УУ?

ЧУУЛГАН АЙЛЫН ГЭРТ ЦУГЛАЖ БОЛОХ УУ?

“Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотоос бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд”. Филемон 1:1-2

Саяхан Тайм сэтгүүлд “Орон гэр бол хамгийн, хамгийн сайн индэр” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн. Тэрхүү нийтлэлд нэгэн айлд цуглардаг итгэгчдийн тухай өгүүлсэн байв. Тэд хамтдаа Библи судалж, хамтдаа магтан дуулж, зовлон жаргал, асуудал бэрхшээлээ хуваалцдаг ажээ. Хамтдаа залбирч, хамтдаа уйлж, Библиэс уншиж, уншсан зүйлээ ярилцдаг байна. Мөн хамтдаа талх дарс хувааж, Христийн үхэл болон амиллыг дурсдаг ажээ. 
Би хувьдаа үүнтэй адилхан зүйлийг 55 жилийн өмнө Хятадад харж байлаа. Тэр үед Хятадад ердөө хоёрхон чуулганыг засгийн газар нь зөвшөөрдөг байсан бөгөөд нэг нь Бээжинд, нөгөө нь Шанхайд байдаг байв. Тэр хоёр чуулган нь голдуу гадныханд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Хятадууд тийшээ нэг их хошуураад байдаггүй байсан. Гэвч тухайн үед сая, сая Хятад итгэгчид Тайм сэтгүүлд өгүүлсэнчлэн гэр чуулганд цуглардаг байсан юм. 
Харин энэхүү сэтгүүлд өгүүлсэн чуулган нь Хятадад биш харин миний төрж өссөн Колорадогийн Денверт байдаг чуулган.
1979 онд Хятад улс Баруунтай харилцах харилцаагаа сайжруулахын тулд чуулгануудад илүү эрх чөлөөг олгож засгийн газрын хатуу хараа хяналт дор итгэгчид чуулганы байранд цугларах боломжийг олгосон байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар, Пурдью Их сургуулийн Хятад судлалын тэнхим болон Шашин судлалын тэнхмийн хамтарсан судалгаагаар хятадад 93 саяас 115 сая орчих протестант итгэгч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин 30 сая хүрэхгүй итгэгчид албан ёсны бүртгэлтэй чуулганд хамрагддаг ажээ. Өөрөөр хэлбэл одоо ч маш олон итгэгч гэртээ цугларсаар байна гэсэн үг. 
Өнөөдөр маш олон чуулган анх Үйлс номд бичигдсэн хэлбэр лүү буцаж байна. Үйлс номд чуулган буюу экклэсиа гэдэг үг 88 удаа давтагдсан байдаг. Энэ нь “дуудагдсан хүмүүс” гэсэн утгатай үг. Лукын тэмдэглэлээс харвал тухайн үеийн чуулганууд голдуу цөөн итгэгчтэй байсан бөгөөд ихэнхдээ нэгнийхээ гэрт цуглардаг байжээ. Харин хожим нь хавчлага өрнөсний улмаас чуулганууд далд хэлбэрт шилжиж тусдаа газарт уулздаг болов. Филемон захидлын эхний хэсгийг харвал Паул “бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд” (Филемон 1:2) хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн байдаг.
Үнэндээ 300 жилийн туршид чуулганы байр гэж огт байгаагүй. Зөвхөн гэр чуулганууд л гэж байсан. Харин хожим Константин хааны үед буюу МЭ 325 оны үеэс сүм дугануудыг чуулганы байр болгон өөрчлөх тушаал гарснаар одоогийн бидний мэдэх чуулганы байр гэдэг ойлголт бий болсон. 
Тэдгээр гэр чуулганууд бидний мэдэх чуулганы тухай Барууны ойлголтоос тэс өөр. Тэдний хувьд дагалдуулалт, үйлчлэл болон харилцаагаар дамжуулан сайнмэдээг тараах тал дээр онцгой анхаардаг нь давуу тал юм. Харин сул тал нь энэхүү гэр чуулгануудад хамрагдаж буй итгэгчдийн дунд уламжлалт чуулганд сэтгэл дундуур болсон хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд энэ нь эргээд чуулганд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай болдог. Гэр чуулганы гишүүд Есүс Христтэй болон бусад итгэгчидтэй харилцах ойр дотно харилцааг хүсдэг тухайгаа онцолдог.
Үнэндээ Шинэ Гэрээнд чуулганыг ямар нэгэн газар биш харин хүмүүс гэж тодорхойлсон. Матай 16:18-д “Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй” хэмээн Есүс Петрт хэлсэн. Тиймээс ч Пастор Алекс Мосечук болон түүний чуулганыхныг Украины Донетск дахь чуулганыхаа байрнаас террористууд хөөн гаргах үед тэд ямар ч асуудалгүйгээр итгэгчдийнхээ гэрээр цугларч эхэлсэн гэдэг. 
Хэрвээ бид гэр чуулганыг буруу гэж яривал Христитгэлийн анхны 300 жилийн үйл ажиллагааг буруу гэж хэлж буйтай адил. 


УЧИР НЬ ХОЁР БУЮУ ГУРВУУЛАА ЕСҮСИЙН НЭРЭЭР ХААНА ЦУГЛАНА, ТЭНД ТЭР ТЭДНИЙ ДУНД БАЙНА.