БАЯРЛАН ЦЭНГЭЦГЭЭЕ.

БАЯРЛАН ЦЭНГЭЦГЭЭЕ.

Таны элбэг сайн сайхны дурсгалыг тэд уудалж, 
Таны зөвт байдлыг хашхиран дуулна. (Дуулал 145:7)

Данийн нэрт зохиолч Исак Динесений “Бабеттын найр” хэмээх зохиолд 1880-аад оны үед, Данийн баруун эрэгт орших алсагдмал зэлүүд нутгийн нэгэн тосгонд амьдралынхаа ихэнх он жилүүдийг өнгөрүүлсэн эгч дүү хоёрын тухай өгүүлдэг юм. Тэрхүү тосгоныхон Протестант уламжлалыг хатуу баримталдаг байсан бөгөөд эгч дүү хоёрын талийгч эцэг нь тэрхүү тосгоны пастор байжээ. Эгч дүү хоёрыг бага залуу байхад нь тэдэнтэй гэрлэхийг хүсч байсан залуус байсан ч хатуу итгэл үнэмшилтэй эцгийнх нь сэтгэлд нийцээгүй учир тэд гэр бүлтэй болж чадаагүй юм. Улмаар тэр эгч дүү хоёр ч гэр бүлтэй болох итгэл найдвараа орхиж, зэлүүд нутгийн буйдхан тосгондоо өдөр хоногийг аргацаан амьдрах болжээ. Тэдний итгэл үнэмшил ч албан үүрэг мэт санагддаг байв. 
Гэтэл 49 жилийн хойно Бабетт нэртэй нэгэн Франц бүсгүй тэднийд хүрэлцэн иржээ. Францад өрнөсөн их хувьсгалаас дүрвэн зугтаж явсан тэр бүсгүйг нэгэн цагт эгч дүүсийн нэгэнтэй нь гэрлэхийг хүсэж байсан эр ийш нь илгээсэн байв. Ингээд Бабетт 14 жилийн туршид тэднийд амьдарч толгой хоргодуулсных нь төлөө тэдний хоолыг хийж, гэрийг нь цэвэрлэж амьдарсан байна. Ингэхдээ Бабетт жил бүр нууцаар сугалаа худалдан авдаг байжээ. Гэтэл нэг өдөр Бабетт сугалаагаараа 10 000 долларын шагнал хожсоноо олж мэджээ. Ингээд Бабетт сугалаанд хожсон гэдгээ нууцалж Парисаас хамгийн ховор, хамгийн үнэтэй гэсэн хоол хүнсний эд зүйлсийг сэмхэн авчруулж эхэлсэн байна. Тэрээр хэнд ч мэдэгдэлгүй нууцаар Дани даяар үзэгдээгүй ер бусын тансаг найрыг бэлтгэж эхэлжээ. Энэ найр бол 10000 долларын өртөгтэй найр байсан юм. 
Ингээд найр эхэлэхэд бэлэн болж тосгоны бүх хүнд урилга илгээхэд цаадуул нь эргэлзэж сэжиглэсэн байдлаар хүлээж авчээ. Тэд энэхүү урилгад хэрхэн хариу өгөхөө шийдэхээр цугларан зөвлөлдөж гэнэ. Тосгоны иргэд нийтээрээ нас дээр гарсан байсан бөгөөд ийм сүртэй том найр бүү хэл өчүүхэн төдий ч баяр тэмдэглэлгүй ихэд удсан байжээ. Ингээд тэд найранд очихоор шийдсэн ч бэлдсэн хоол хүнснээс нь амсахгүй байхаар тохиролцжээ. 
Гэвч тэрхүү сүрлэг сайхан найрын үеэр хүмүүс Бабеттын зүгээс ямар их хайр, ямар их золиос гарсныг ухаарч, бүгд хөөр баяр болж, бие биенээ уучилж, бие биентэйгээ нөхөрлөж, гайхамшигтай сайхан баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн гэдэг.  
“Баяр тэмдэглэнэ гэдэг бол Сүнслэг дасгалжуулалтын салшгүй хэсэг юм. Найр хурим, баяр хөөр үгүй бол дагалдагчид бид хүйтэн хөндий, бусдыг хэл яриагаараа үхүүлсэн орчин цагийн Фарисайчууд болон хувирах болно” хэмээн Ричард Фостер бичсэн байдаг. 
Библи дээр баяр тэмдэглэж, найрлаж хуримласан тухай олон олон түүхүүд бичигдсэн байдаг. Жишээ нь Иудейчүүд Вавилоны цөллөгөөс буцан ирээд сүртэй сайхан баярыг тэмдэглэж байсан. Энэ тухай Нехемиа бичихдээ “... лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Иерусалимд авчрав. Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав” (Нехемиа 12:27-28) хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. 
Есүс Христийг хүсэн хүлээж, Хурганы их хурим найранд оролцохыг хүсдэггүй итгэгч хүн бий гэж үү? Тэгвэл таны хувьд амьдралд чинь үе үе тохиолддог тэрхүү баяр ёслолуудын талаар ямар бодолтой байдаг вэ? Заримдаа итгэгч бидний хувьд бидний амьдрал жинхэнэ баяр хөөрөөр дүүрэн амьдрал байх учиртай гэдгийг мартчихсан явж байдаг. Бидний баяр хөөр бидний амьдралын нөхцөл байдлаас бус харин бидэнд баяр хөөрийг өгөгч Түүнээс хамаарч байдаг юм гэдгийг бид умартдаг.  
Тэгвэл та хамгийн сүүлд Бурханы сайн сайханыг хэзээ тэмдэглэн баярласан бэ? Та хамгийн сүүлд хэзээ хуримын ой эсвэл бусад чухал баярт өдрүүдээ тэмдэглэн баярласан бэ? Түнэр харанхуй, ганцаардал, хоосрол улам бүр газар авсаар байгаа энэ дэлхий дээр Бурханы хүмүүс бид баяр хөөрөөр дүүрэн амьдрах учиртай юм. Тийнхүү бид 2 Коринт дээр бичигдсэнчлэн “аврагдаж буй болон мөхөж буйчуудын дунд … Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр” байж чадах юм. Итгэгчид бид Бурханы сайн сайхныг баяр хөөртэйгөөр тэмдэглэн баярлаж байгааг энэ дэлхий харах учиртай. 
Лук номон дээр өгүүлдэг Төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэл дээр, төөрсөн хүүг эргэн ирэхэд эцэг нь “Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” хэмээн баярласан байдаг. Тэгээд “тэд найрлан цэнгэлдэж эхлэв” хэмээн Библид бичигдсэн байдаг билээ (Лук 15:23-24).


ХРИСТ ДОТОРХ ИТГЭЛИЙН АМЬДРАЛДАА БАЯР ХӨӨРӨӨР ДҮҮРЭН АМЬДАРЦГААЯ.