БУРХАНТАЙ УУЛЗАХ ХОРОМ

БУРХАНТАЙ УУЛЗАХ ХОРОМ

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Иохан 1:12

Ньюфаундлэндын эргийн ойролцоо осолдсон Швейцарийн иргэний агаарын тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг судлаад онгоц унах эрсдэлд орлоо гэдгийг нисгэгч мэдсэнээс хойш онгоц унах хүртэл нийт 16 минут өнгөрсөн болохыг олж тогтоожээ. Үхэл хүртэл 16 минут. Бурхантай эвлэрэх 16 минут. 
Бид бүгд л нэгэн цагт энэ дэлхийг орхих болно гэдгээ мэддэг. Гэхдээ бид ихэнхдээ тэр өдөр ирэхгүй юм шиг амьдардаг. Нэрт номлогч Томас а’Кемпис “Үхэлтэй нүүр тулж, Бурхантай уулзах мөч ирэхийн цагт айх биш баярлахын тулд одооноос хүн шиг амьдар” хэмээн сануулсан. Бидний амьдрал яг хэзээ дуусахыг бид мэдэхгүй. Магадгүй тэрхүү унасан нисэх онгоцонд зорчиж явсан хүмүүс ч өөрсдийнх амьдрал дуусахад 16 минут үлдсэнийг мэдээгүй явсан байх. Бид хэзээ энэ дэлхийг орхихоо мэдэхгүй учраас яг одоо Бурхантай эвлэрсэн нь зөв.
Хэрвээ танд амьд явах 16 минутын л хугацаа үлдсэн гэдгийг мэдвэл та яах вэ? Титаник хөлөг онгоц живэх үед зарим хүмүүс хөлөг онгоц дотор яваад хананд өлгөөтэй зургуудыг тэгшилж байсан гэдэг. Гэтэл шатаж байгаа байшингийн доторх цэцэгсийг услаад ямар ч нэмэргүй. 
Би танаас нэг зүйлийг асууя. Хэрвээ танд Бурхантай эвлэрэх 16-хан минут үлдсэн бол та яах вэ? Танд амьд явах 16 минут л үлдсэн бол та Бурханы өмнө бүх гэм нүглээ гэмшин улайж амжих уу? Есүс Христийг загалмай дээр хадагдах үед хоёр гэмт хэрэгтэн Түүний хажууд цовдлогдсон. Тэдний нэг нь Есүст хандан “Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай” гэж хашхирахад Есүс хариуд нь “Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” хэмээн хэлсэн. Энэ үйл явдал үнэндээ 16 минут бүү хэл 16 секундийн дотор өрнөсөн. 
Бурхантай эвлэрнэ гэдэг урт удаан угацаа шаардагдахгүй! Гэхдээ энэ нь бидний чин сэтгэлийг шаарддаг. Тэгвэл бид хэрхэн Бурхантай эвлэрэх вэ? Ромын шоронгийн хянагчид хандан Паул “Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана” (Үйлс 16:31) хэлсэн. Ромын итгэгчдэд хандан бичихдээ элч Паул “Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно”  (Ром 10:9) хэмээсэн. Тиймээс 16 минут бүү хэл 16 секунд ч бидний хувьд Бурхантай эвлэрэхэд хангалттай. Гэхдээ энд нэг асуудал бий. 
Олон хүн хүссэнээрээ амьдарч байгаад нас барахынхаа өмнөхөн Бурханд итгээд авралыг авчихна гэж боддог. Тэгвэл нэрт номлогч, Библийн багш Мэтью Хенри одоогоос 250 жилийн өмнө “Үхлээ хүлээж байгаа нэгний өчил тэр бүр үнэн байдаггүй. Нөгөөтэйгүүр үнэн итгэл тэр бүр үхлийн өмнөхөн ирээд байдаггүй” хэмээсэн. Өөрөөр хэлбэл бид үхэлтэйгээ нүүр тулах цагийг хүлээх биш харин яг одоо энэ цагт Бурхантай эвлэрэх цагийг гаргах нь чухал гэдгийг Хенри хэлсэн юм. Тийнхүү та өдөр бүрийг өөрийнхөө амьдралын сүүлчийн өдөр мэт амьдарвал та үхэлтэй нүүр тулах цагт ч таныг мөнхийн улс хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байж чадна. 
Тохиромжтой цаг ирэхээр нь Бурхантай эвлэрэх цагийг гаргана гээд яваад байвал бидэнд тийм цаг хэзээ ч ирэхгүй. Нэг удаа би өөд болох гэж байгаа хүний дэргэд зогсож байлаа. “Энэ хүний итгэлийн талаар надад хэлж өгөөч” гэж гэр бүлийнхнээс нь намайг асуухад тэд түүний итгэлийн тухай биш, харин түүний бизнесийн амжилт, бусадтай харилцах харилцаа, нэр хүнд гэх мэт зүйлсийн талаар ярьж эхэлсэн.
“Энэ хүн чуулганд хамрагддаг байсан уу?” гэж намайг тодруулан асуухад охин нь гунигтайгаар “Үгүй ээ, аавд маань тийм зав байгаагүй” гэж хариулсан юм даа. Тэр үед би дотроо “Энэ хүнд нийт 60 гаруй жил, жил тутамд нийт 52 долоо хоног байсан атал Бурхантай эвлэрэх алхам хийгээгүй байх гэж дээ” гэж харамссан юм. Гэтэл түүний амьдралын сүүлийн 16 минут үлдчихээд байхад бүх зүйл дэндүү оройтсон байлаа. 
Тиймээс амьдралд чинь 16 минут үлдэх хүртэл асуудлыг бүү хойшлуулаарай. Магадгүй танд амьдралын олон он жил дутуу байж болно. Гэхдээ хэн мэдэхэв дээ? 
Элч Иохан бидэнд Бурхантай хэрхэн эвлэрэх арга замыг зааж өгсөн байна. Тэрээр Иохан 1:12 эшлэл дээр “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө” хэмээн бичсэн. Энэ чухал алхмыг хийхэд 16 минутаас ч богино хугацаа хэрэгтэй боловч үр дүн нь мөнхийн мөнхөд нөлөөтэй юм шүү. 


БУРХАНТАЙ ЭВЛЭГТҮН.