ЭМГЭНЭЛИЙН МЭДЭЭ

ЭМГЭНЭЛИЙН МЭДЭЭ

Гэвч үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав. Лук 9:27

Та хэн нэгэн хүн өөд болсон тухай эмгэнэлийн мэдээг уншиж эсвэл сонсож байсан уу? Сонирхуулж хэлэхэд Кансасын их сургуулийн сэтгүүлзүйн ухааны профессор Жэнис Хүмэ эмгэнэлийн мэдээг онцлон уншдаг нэгэн. Учир нь түүний докторын ажлын сэдэв нь үүнтэй холбоотой байсан юм. Тэрээр өнгөрсөн хэдэн зуун жилийн туршид бичигдэж үлдсэн бүхий л эмгэнэлийн мэдээнүүдийг уншиж тэдгээрт дүн шинжилгээ хийжээ. Др.Хүмэгийн судалгаанаас үзэх юм бол 1800-аад оны үед эмгэнэлийн мэдээнүүд онцлон талийгчийн зан чанар, түүний харилцаа холбоонд төвлөрдөг байсан бол 20-р зуунд бол эд хөрөнгө, гэр бүлийн нөлөө, гаргасан гавъяа гэх мэт илүү амжилтад төвлөрдөг болсон гэдгийг тэрээр онцолсон байна. Өөрөөр хэлбэл хэн байснаас нь илүү юу хийснийг нь анхаардаг болсон байна. 
Бидний эмгэнэлийн мэдээ хүртэл бидний үнэлэмж хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг нотлон харуулж байна шүү дээ. Ямар хүн бэ гэдэг нь юу хийсэн бэ гэдэгт дарагдаж, зан чанар биш амжилт бүтээл нь илүү үнэлэгдэх болсон нийгэмд бид амьдарч байна. 
Тиймээс найз минь, чи эмгэнэлийн мэдээг зориуд цаг гаргаад уншаарай. Энэ нь бидэнд тухайн хүний төдийгүй нийгмийн үнэлэмжийн талаар өгүүлээд зогсохгүй амьдрал ямар богинохон болохыг бидэнд сануулдаг. Мэдээж 90 гаран насалсан өндөр настнууд бий. Гэхдээ нэг нас ч хүрээгүй бяцхан хүүхдүүдээс эхлээд, 40 нас, 50 нас, 18 настайдаа өөд болсон хүмүүс ч олон бий. Мэдээж тэр бүх хүний ард өөрийн гэсэн амьдралын түүх бий. 
17-р зууны үеийн Католикийн ламтан Франсуа Фенелон хэлэхдээ “Бид өөрсдийгөө үхэшгүй юм шиг боддог. Үгүй ядаж л хэдэн зуун жил амьдрах юм шиг санадаг. Гэтэл өдөр бүр л хүмүүс нас барж, өмнө нь нас барсан хүмүүсийн араас оддог. Тиймээс өнөөдөр амьд байгаа бүхэн өөрсдийгөө маргааш энэ алсын аянд гарах боломжтой гэдгээ үргэлж санах хэрэгтэй. Амьдрал гол мэт урсаад өнгөрдөг биш үерийн ус шиг дайраад өнгөрдөг юм” гэсэн байдаг. 
Үнэхээр бид энэ дэлхийд мэндлээд төрсний гэрчилгээгээ хүлээн авахдаа л онолын хувьд үхэх гэрчилгээгээ хүлээн авч байнаа гэсэн үг шүү дээ. Гэвч үнэндээ бид үхэх тухай, онцгойлоод энэ дэлхийг орхихоосоо өмнө Бурхантай эвлэрэх тухай төдийлөн боддоггүй. Уиллиам Куллен Брайант хэлэхдээ биднийг цаазын тавцан руу чирэгдэн яваа боол шиг биш харин гэр лүүгээ эцэг лүүгээ явж байгаа хүү шиг энэ дэлхийг орхих тухай өгүүлсэн байдаг. 
Тиймээс та өөд бологсдын тухай эмгэнэлийн мэдээг уншаад үзээрэй. Эсвэл та оршуулгын газраар яваад үзээрэй. Тэр бүхэн бидэнд амьдрал компани захирал болох эсвэл хэмжээлшгүй баян чинээлэг болохоос ч илүү утга учиртай зүйл олон бий гэдгийг сануулдаг. Гэхдээ Христэд итгэгч хүмүүсийн хувьд Сайн Баасан гарагийн араас Амилсан баяр үргэлжилдгийг санах хэрэгтэй. Учир нь итгэгч бидний хувьд үхэл бол төгсгөл биш харин үхлийн араас амилал залгадаг гэдгийг санах учиртай. 
“Амилал ба амь бол Би байгаа юм” хэмээн Есүс айлдсан. 


“НАДАД АМЬДРАГЧ ХИЙГЭЭД ИТГЭГЧ БҮХЭН ХЭЗЭЭ Ч ҮХЭХГҮЙ”