ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЦАГ

ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЦАГ

ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.  Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. 1 Самуел 15:22-23

Нэгэн пастор чуулганыхаа эмэгтэй ажилтантай маш их цагийг хамт өнгөрөөх болов. Улмаар тэр пастор нэг найздаа нөгөө эмэгтэйд сэтгэлтэй гэдгээ илчилж, эхнэрээсээ салж түүнтэй гэр бүл болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Найз нь түүнийг эсэргүүцэж “Чи яаж ийм зүйл хийж чадаж байна аа? Чиний хийж байгаа энэ зүйл чинь буруу гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?” гэж асуухад нь нөгөө пастор “Би энэ бүх шийдвэрийг сайтар залбирсны үндсэн дээр гаргасан” гэж хариулсан гэдэг. Эцэст нь бүх зүйл яаж эргэсэн бэ гэхээр тэр пастор үйлчлэлээ, 20 жил ханилсан ханиа, гэр бүлээ, нэр төрөө, байгаа бүхнээ алдсан. “Би залбирч байгаад үүнийг шийдсэн” гэсэн үг нь хуурамч шашинлаг байдлын илэрхийлэл байсан. 
Мэдээж залбирах үе бий. Гэхдээ дуулгавартай дагах үе ч бий. Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас хүчийг гуйн залбирч байгаа биш л бол махбодын хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Бурханы өмнө залбирахын хэрэг байхгүй. Энэ тохиолдолд та залбирах биш харин Бурханы үгийн дагуу юу нь зөв болохыг мэдэж түүнийхээ дагуу дуулгавартайгаар үйлдэх нь илүү чухал. 
Надад нэг асуулт байна. Яагаад хүмүүс янз бүрийн зүйлсээр шалтаг хийж мэдсээр байж Бурханы өмнө дуулгаваргүй байдлыг гаргадаг юм бэ? Бид тухайн зүйл дээр юу нь зөв юу нь бурууг мэдсээр байж дуулгаваргүй байдал гаргадаг. Зөв зүйлийг үйлдэх, Бурханы үгийг дуулгавартай дагах хүсэл бидний дотор төрдөггүй.
Хүүхэд эхээс мэндлэхдээ л өөрийн мэдрэмжийг хэрхэн илэрхийлэхээ хэнээр ч заалгалгүй мэдэж байдаг. Гэхдээ хүүхдэд дуулгавартай байдлыг, өөрийнхөө хүслийг хойш тавиад эцэг эхийнхээ хэлж зөвлөж байгааг дагах чадварыг суулгаж, зааж өгөх ёстой. “Бид хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг зааж сургахаасаа өмнө биеэ хянах чадварыг зааж  сургах ёстой” гэж нэгэн шилдэг сэтгэлзүйч онцолсон байдаг. 
Хуучин гэрээнд эш үзүүлэгч Самуел нэг удаа яг л энэ зөв буруугийн тухай асуудлыг хөндсөн. Энэ тухай бид Хуучин гэрээний 1Самуел номын 15-р бүлгээс уншиж болно. Бурхан Саул хаанд Амалекчуудын эсрэг дайн хийхийг тушааж, 400 жил үргэлжилсэн зөрчилдөөнд эцэс тавих үүрэг өгсөн. Ингэхдээ Бурхан Саулд “нэг ч хүнийг олзолж, нэг мал сүргийг нь өөрийн болгож болохгүй” гэдэг тушаалыг өгсөн. Учир нь Амалекчууд Израильчуудыг Египетээс гарч Негевийн цөлд явахад нь тэдний цуваа руу дайрч үлдэж хоцорсон сул дорой хүмүүсийг нь өршөөлгүй хядаж байсан. 
Гэвч Саул Бурханы үгийг аваагүй. “Сайн гэсэн мал сүргийг нь авч үлдэж болохгүй гэж үү. Тэдгээрийг нь Бурханы үйлчлэлд зориулан авч яагаад болохгүй гэж?” хэмээн Саул шалтагласан. Гэвч түүний энэ тайлбарыг Бурхан хүлээж аваагүй. Бурхан Самуелаар дамжуулан хатуу үгийг хэлүүлсэн. “ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.  Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ” (1 Самуел 15:22-23) хэмээсэн. 
Би танаас асууя. Та тийм эсвэл үгүй гэж хариулаарай. Бурханы хүслийн дагуу юу хийх ёстойгоо мэдсээр байж түүнийгээ дуулгавартай даган үйлдэж чадахгүй байх үе тань тохиолддог уу? Дуулгаваргүй байдлаа зөвтгөн хаацайлна гэдэг хэзээ ч бидэнд амар тайван ивээл ерөөлийг авчрахгүй. Энэ тал дээр бидэнд олон хувилбар байхгүй. Бид нэг бол дуулгавартай дагана. Нэг бол дуулгаваргүй байдал гаргана.
Бурханыг бүрэн дуулгавартай дагаагүйгээ ухаарсан Саул хаан “Би нүгэл үйлдэв” хэмээн харууссан. Тэгээд цааш нь юу ч болоогүй юм шигээр үргэлжлүүлэн амьдрахыг хүссэн. Гэвч түүний дуулгаваргүй байдлын улмаас Бурхан түүнийг орхисон. 
Гэр бүл, хань ижлээ орхисон тэр пастор ч мөн “би залбирнаа” гэж хэлсэн. Гэхдээ тэр хүн үнэхээр залбирсан гэж үү? Хэн мэдэхэв. Гэхдээ залбирах цаг гэж бий. Дуулгавартай дагах цаг гэж бий. Хэрвээ та ямар зүйл дээр Бурханыг дуулгавартай дагах ёстой вэ гэдгээ мэдэж байгаа бол та зоригтойгоор үйлдэл хийгээрэй. Бурханыг дуулгавартай дагаарай. Учир нь энэ бол залбирах цаг биш харин дуулгавартай дагах цаг байна. 


ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЦАГ ГЭЖ БИЙ.