УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ

УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ

Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюу санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Ром 12:2

Нэгэн залуу тушаал дэвшиж, олон жил ажилласан компанийнхаа Гүйцэтгэх захиралтай ярилцах завшаан олджээ. Тэрээр захиралтайгаа уулзаад “Таны амжилтын нууц юу бэ?” гэж асуухад захирал нь “Сайн шийдвэр гаргалт” гэж хариулж гэнэ. “Тэгвэл сайн шийдвэр гаргахад юу хамгийн ихээр нөлөөлдөг юм бэ?” хэмээн нөгөө залууг лавшруулан асуухад захирал нь “Туршлага” гэж хариулжээ. “Ойлголоо захирал аа. Гэхдээ надад тан шиг олон жилийн туршлага байхгүй л дээ. Би яавал тан шиг туршлагатай болох вэ?” гэж асуухад нь захирал нь “Муу шийдвэр гаргаснаар” гэж хариулсан гэдэг. 
Энэ бол үнэхээр үнэн үг. Бид гаргасан алдаанаасаа сурч дараа дараагийн шийдвэрээ зөв гаргах туршлагыг олж авч байдаг. Гэвч харамсалтай нь алдаанаасаа огт суралцдаггүй хүн ч гэж байдаг. Тэд шийдвэр гаргахдаа нэг гаргасан алдаагаа дахин, дахин давтсаар байдаг. 
Гэхдээ бид алдаанаасаа суралцаж чадна. Та дараах таван нотолгоог бодож үзээд үнэн эсвэл худлаа гэсэн хариултын аль нэгийг өгөөрэй. Энэ нь нэг талаасаа таныг өөрийнхөө болон бусдын алдаа, туршлагаас хэр суралцдаг хүн болохыг тодорхойлж өгөх болно. 
Нотолгоо #1: Таны шийдвэрийг олон хүн эсэргүүцэх тусам тэр нь сайн шийдвэр байна гэсэн үг. Үнэндээ заавал ийм албагүй. Хэн эсэргүүцэж байна, ямар сэдлээр эсэргүүцэж байна гэдэг чухал. Таны шийдвэр буруу болохыг мэдээд таны төлөө гэсэн сэтгэлээр таны шийдвэрийг эсэргүүцэж байж ч болно. “Хэрвээ нэг хүн таныг морь худалдаж ав гэж хэлбэл битгий тоо. Хоёр хүн танд ингэж хэлвэл нягталж үз. Гурван хүн танд ингэж хэлвэл явж морь худалдаж ав” гэсэн үг байдаг шүү дээ. 
Нотолгоо #2: Шийдвэр гаргахаас удаан зайлсхийх тусам сайн. Заримдаа үнэн, заримдаа худлаа. Та үнэхээр юу хийхээ огт мэдэхгүй байгаа бол шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Хатан хаан Викториа ихэвчлэн шийдвэр гаргахаас зайлсхийдэг байсан гэдэг. Хэрвээ удаан хүлээвэл нөхцөл байдал аяндаа цэгцэрнэ гэж тэр итгэдэг байж. Зарим тохиолдолд ийм байж болох ч жишээ нь хэрвээ таны эрүүл мэндтэй холбоотой асуудал байвал та хүлээх хэрэггүй. Гэтэл хөрштэйгөө муудалцах асуудал байвал яаралгүй хүлээсэн нь илүү дээр байж болно. 
Нотолгоо #3: Найзууд чинь таны шийвэрийг буруу гэвэл таны буруу гэсэн үг. Үнэн үү? Худлаа юу? Аль нь ч байж болно. Заримдаа найзуудын маань магтаалаас дайснуудын маань шүүмжлэл бидэнд илүү тустай. Гэхдээ Библиэс харвал “анд нөхрийн учруулах шарх итгэмжтэй” хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ анд нөхөр чинь танд шударгаар бурууг чинь хэлж байвал та үүнийг хүлээж авах хэрэгтэй гэсэн үг.
Нотолгоо #4: Шийдвэр гаргах оновчтой цаг хугацааг олно гэдэг шийдвэр гаргахаас дутахгүй чухал. Энэ бол гарцаагүй үнэн. Зөв шийдвэрийг буруу цагт гаргавал энэ нь сайнаасаа илүү муу үр дагавар ч авчирч болзошгүй гэдгийг Библи тодорхой хэлдэг. Харин зөв цагт, зөв шийдвэр гаргах нь нөхцөл байдлын салхийг бүхэлд нь эргүүлэх чадалтай юм.
Нотолгоо #5: Хэрвээ гаргаж байгаа шийдвэр чинь танд таатай мэдрэмж төрүүлж байгаа бол таны шийдвэр зөв. Ихэнхээ худлаа. Өнөөдөр маш олон хүн “Өөрийн санаа өөртөө зөв” гэсэн зарчмаар амьдардаг. Гэтэл үнэндээ бидний дотор санамсаргүй битгий хэл санаатай буруу зүйл хиймээр санагдах үе ч байдаг. Бид өөрийнхөө хүслийг дагаад засаж болошгүй алдаа гаргасан тохиолдол маш олон бий. 
Гэхдээ хэрвээ та сайтар залбирч, эргэцүүлж, зөвлөлдсөний эцэст нэг шийдвэр гаргаад тэр шийдвэр чинь танд амар тайвныг өгч байгаа бол та тэр шийдвэрээ дагаарай. Учир нь Бурханы хүслийг дагах үед бидний дотор амар тайван мэдрэгддэг. Зарим тохиолдолд бид бусдын зөвлөгөөг дагасан ч бидний зүрх сэтгэлд амар тайван бус байдаг. Энэ тохиолдолд та тэр шийдвэрээ эргэж заавал хараарай. 
Эцэст нь хэлэхэд, та зөвхөн өөрийнхөө алдаанаас гэлтгүй бусдын алдаа туршлагаас ч суралцах боломжтой гэдгийг битгий март. Бурханаас тусламж хүсэж, ухаалаг, зөв шийдвэрүүдийг гаргаарай. Хэн мэдэхэв, та нэг л өдөр компанийхаа хамгийн том захирал нь болох ч юм билүү?


МЭРГЭН ХҮҮ ЭЦГИЙНХЭЭ СУРГАМЖИЙГ АВАХ. БАСАМЖЛАГЧ НЬ ЗЭМЛЭЛИЙГ ҮЛ СОНСОХ. СУРГААЛТ ҮГС 13:1