ХҮНДХЭН ШИЙДВЭРИЙГ ГАРГАХ НЬ

ХҮНДХЭН ШИЙДВЭРИЙГ ГАРГАХ НЬ

Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно. Иеремиа 29:12

Эрт урьд цагт нэгэн тариачин эр үзэсгэлэнтэй охинтойгоо амьдран суудаг байжээ. Маш олон залуу охинтой нь гэрлэхийг хүссэн ч тариачин эр охиноо хэнд нь өгөхөө шийдэж чадахгүй байв. Тэгээд тариачин эр өөрийнх нь талбайн нэг захаас нөгөө зах руу эргэж буцалгүй шулуун явахдаа нэг л эрдэнэ шишийг тасдах ёстой бөгөөд ингэхдээ талбайд нь ургаж байгаа хамгийн гоё хэлбэртэй, хамгийн сайхан эрдэнэ шишийг олж ирж чадсан залууд охиноо өгнө гэж амлаж. Гэвч харамсалтай нь тэдгээр залуусын дундаас хэн нь ч хамгийн том эрдэнэ шишийг авчирч чадаагүй ажээ. Ингээд эцэстээ тариачин эрийн охин тэдгээр залуусын хэнтэй нь ч гэрэлж чадаагүй гэдэг. 
Учир нь эрдэнэ шишийн талбай руу орсон залуус өмнөө таарсан эрдэнэ шишийг хамгийн гоё хэлбэртэй, хамгийн сайхан эрдэнэ шиш мөн эсэхийг мэдэхгүй тээнэгэлзэн явсаар талбайн нөгөө захад хүрч, талбай дуусаж буйг мэдэн сандарсандаа гарт тааралдсан эрдэнэ шишээ сонгосноос тариачин эрийн шаардлагыг биелүүлж чадаагүй байна. 
Ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзэх үед ийм л байдал үүсдэг. Тариачин эр ч охиндоо тохирох эрийг сонгож чадаагүй. Залуус ч өөрт нь тавьсан болзлыг хангах эрдэнэ шишийг сонгож чадаагүй. Тариачин эрийн охин ч өөрт нь тохирох эр нөхрийг сонгож чадаагүй.  
Өнөөдөр шийдвэр гаргахдаа ийнхүү эргэж буцаж, эргэлзэж тээнэгэлздэг хүмүүс олон. Гэтэл нөөдөр бидний амьдрал улам бүр нарийн түвэгтэй болж байгаагаас бидний гаргах ёстой шийдвэрүүд ч нарийн түвэгтэй болсоор. 
Өмнө бидний амьдрал илүү энгийн байсан бол одоо улам бүр түвэгтэй, улам бүр хурдан хэмнэлтэй болсоор. Тиймээс бид аливаа шийдвэрийг гаргахдаа эргэлзэж тээнэгэлзэж, цаг алдах л юм бол өөр хэн нэгэн бидний өмнөөс асуудлыг шийдэж орхидог. Харин асуудлаа өөр хүнээр шийдүүлнэ гэдэг тийм ч ухаалаг хэрэг биш.
Тэгвэл ийм тохиолдолд ямар алхам хийх тухай мэргэн зөвлөмжийг танд санал болгомоор байна.
Зөвлөмж #1: Шийдвэртэйгээ нүүр тул. Эхний алхам бол шийдвэрээ тодорхойлох. Олон хүн шийдвэрийнх нь үр дагавар ямар байх бол гэдгээс айж шийдвэр гаргалгүй хойшлуулсаар байдаг. Жишээ нь нэг бүсгүйд хорт хавдрын шинж тэмдэг илэрч эхэлжээ. Гэвч энэ нь хорт хавдар байх вий гэхээс айсандаа тэр бүсгүй эмчид үзүүлж чадалгүй цаг алдсаар байв. Ийнхүү цаг алдах нь нөхцөл байдлыг улам л дордуулдаг. Асуудал байсаар байтал шийдвэр гаргахгүй удна гэдэг асуудлыг улам дордуулах шийдвэр гаргаж байгаатай адил. 
Зөвлөмж #2: Өмнөө буй боломжит хувилбар болгоныг үр дагавартай нь тооцоол. Хүмүүс ихэвчлэн нөхцөл байдал муугаар эргэвэл юу болох вэ гэдгийг бодох дургүй байдаг. Гэтэл бодит байдал дээр бид нөхцөл байдлыг сайнаар эргэнэ гэж тооцоолдогтойгоо адилхан муугаар эргэвэл яах вэ гэдэг тооцооллыг ч мөн хийх хэрэгтэй юм. Хэрэв гаргах гэж байгаа шийдвэрийнхээ үр дагаврыг тооцоолж чадахгүй байгаа бол танд үнэнийг хэлж чадах шударга, ухаалаг, төлөвшсөн нэгнээс туслалцаа хүс.
Зөвлөмж #3: Өөрт байгаа боломжуудаа тэмдэглэн бичиж бай. Бал цаас гаргаад өөрийнхөө гаргах гэж буй шийдвэрийн давуу талууд болон сул талуудыг тус тусад нь эгнээ болгон жагсааж бич. Тэдгээрийг 1-5 оноогоор үнэлж дүгнээд таны гаргаж байгаа сонголт хэр хүчтэй сонголт болохыг цэгнэж үз.
Зөвлөмж #4: Шийдвэр гаргахдаа нухацтайгаар залбир. “Бурхан минь энэ нөхцөл байдал дунд Таны хүсэл юу вэ?” гэж асуу. Та Бурханы өмнө ирээд чин сэтгэлээсээ “Бурхан минь, энэ шийдвэрээр дамжуулаад Таны хүсэл биеллээ олох болтугай. Миний юу хийх ёстойг Та энэ цагт зааж өгөөч” гэж залбирвал та Бурханы удирдамжийг гарцаагүй хүлээн авна. 
Зөвлөмж #5: Тантай адил нөхцөл байдал дунд ямар шийдвэр гаргах ёстойг Библи дээр аль хэдийн заачихсан байна уу үгүй юу гэдгийг судалж мэд. Библи дээр өнөөдрийн бидэнд өдөр бүр тохиолддог хэдэн зуун асуудлын шийдлийг тов тодорхой хэлээд өгчихсөн байдаг. Үнэндээ бидний амьдралдаа гаргах бүхий л шийдвэрийн цаана холбогдох үндсэн зарчмуудыг Библи дээр аль хэдийн тодорхой хэлээд өгчихсөн байгаа. Бид тэдгээр зарчмуудыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх нь л чухал юм. 
Зөвлөмж #6: Хэрвээ та шийдвэрээ нэгэнт гаргасан бол, тэрхүү шийдвэр чинь Бурханы хүслийн дагуух шийдвэр гэдэгт итгэлтэй байгаа бол эргэж бүү хар. Итгэлээр үйлдсэн үйлдлээ эргэлзээгээр бүү нураа. Нэгэнт шийдвэрээ гаргасан бол урагш алхаарай. Юу ч тохиолдож байсан эргэж битгий буцаарай.


ЭЗЭН ТАНЫ ШИЙДВЭРТЭЙ ХАМТ БАЙХ БОЛТУГАЙ!