БОД!

Харин би үргэлж найдаж, Таныг улам ихээр магтах болно. Дуулал 71:14

Хүний тархи бол үнэхээр гайхамшигтай бүтээл. Хүн тархиныхаа хүчээр сансрын уудамд аялж, бичил биологийн ертөнцөд хүртэл нэвтэрч чадсан. Хүн тархиныхаа хүчээр компьютерыг бүтээж, техник технологийн дэвшлийг авчирсан. Анагаах ухаан, шинжлэх ухаан, түүх, одон орон судлал, яруу найраг, нийгэм судлал, хүн судлал гээд маш олон салбарт үсрэнгүй амжилтыг гаргаж чадсан. Тэр бүхнийг дурдаад байвал бидний цаг хаанаа ч хүрэхгүй. Нөгөөтэйгүүр хүн тархиныхаа хүчээр тоо томшгүй муу муухайг үйлдсэн. Дэхийн 1,2-р дайн, бөөнөөр хорих лагер, үй олноор хөнөөх зэвсэг гэх зэрэг хүн хүнийхээ эсрэг, байгаль дэлхийн эсрэг, ан амьтдын эсрэг үйлдсэн хорон муу бүхнийг дурдвал дуусашгүй. 
1 кг гаруйхан жинтэй энэ эрхтнийг хүмүүс хүний биеийн бусад эрхтнийг удирддаг “элеътрохимийн орган” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь тархинд буй хэдэн тэрбум мэдрэлийн эсээр дамжуулан бидний бие махбодыг удирддаг. Энэ дэлхий дээр хүмүүс шиг бодож сэтгэж, тунгааж чаддаг өөр ямар ч амьд амьтан байхгүй. 
Саяхан би хүмүүсийн сэтгэн бодох, эргэцүүлэн ойлгох чадварыг Бурхантай, бидэнд хандсан Бурханы зорилготой холбон эргэцүүлэн бодлоо. Та энэ талаар өмнө нь бодож байсан уу? Хэрвээ үгүй гэвэл би л лав гайхахгүй. Маш олон хүн Бурханы тухай огт бодолгүйгээр амьдардаг. Тэдний хувьд Бурханы тухай бодлоос илүү “уралдаандаа түрүүлж” амьдралаа сайжруулж, илүү мөнгө олохыг л хичээдэг. 
Харин Библи бидэнд хэлэхдээ Бурхан хүмүүсийг Өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн. Үүнд бидний сэтгэн бодох, эргэцүүлэн ойлгох чадвар ч бас багтана. Адамд Бурханы өгсөн анхны үүрэг даалгавар юу байсан бэ гэвэл Бурханы бүтээсэн ан амьтдад нэр өгөх явдал байсан. Адам тэдгээр амьтдад зан чанар, гадаад үзэмж зэргийг нь харгалзан үзэж оновчтой нэрсийг өгсөн. Анхны хүн Адам нь “хүй нэгдлийн үеийн агуйн зэрлэг” байгаагүй. Харин ч сэтгэн бодох, эргэцүүлэн тунгаах, логиктойгоор шийдвэр гаргах чадвартай нэгэн байсан. 
7-р зууны үеийн эш үзүүлэгч Исаиа биднийг Бурхантай харилцах харилцааныхаа талаар бодож тунгаацгаая хэмээн уриалсан. Тэрээр биднийг Өөртөө урин дуудаж буй Бурханы урилгыг дамжуулан хэлэхдээ ““Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно”” (Исаиа 1:18).
Паул Бурхан өмнө бидний хүлээх үүрэг хариуцлагын тухай өгүүлэхдээ логикан гэсэн Грек үгийг хэрэглэсэн байдаг нь бидний мэдэх логик гэсэн үг. Паул бол тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай рабби нарын нэг болох Гамалиел багшийн шавь байсан. Тэрээр Дамаскт дүрвэн очсон итгэгчдийг барьж гинжлэн Иерусалимд авчрахын тулд Дамаск руу явах замдаа Есүс Христтэй уулзаж амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн. Тэр бол Шинэ Гэрээний үеийн теологич бөгөөд Христитгэлийг тунхаглахын тулд хамгийн ихийг хийсэн хүн. Тэр бол өндөр боловсролтой, хурц ухаантай, амьдралын аливаа асуудлуудад нухацтай ханддаг нэгэн байв. Хэдий тийм ч Паул Бурханд итгэх итгэлийнхээ талаар хэзээ ч мухар сүсгийн, эсвэл хий хөөрлийн байдлаар хандаж байгаагүй. 
Магадгүй та Бурхантай харилцах харилцааныхаа талаар өнөөдрийг хүртэл нэг их бодолгүй явж ирсэн байж болох. Үнэндээ энэ талаар нухацтай боддог хүн цөөн. Гэхдээ бид амьд байх хугацаандаа энэ тухай заавал эргэцүүлэн бодох учиртай. 
Та дараах асуултуудад өөрийн тархийг ашиглан хариулаад үзээрэй.
1.    Би хэн бэ?
2.    Би хаанаас ирсэн юм бэ?
3.    Амьдралын зорилго юу юм бэ?
4.    Үхлийн дараа би хаана очих вэ?
Библи энэ бүх асуултад хариулт өгсөн. Та тархиа ашигла. Сайн бод. Энэ асуултуудад хариулна гэдэг их хэцүү гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ бол маш чухал алхам. Та заавал бодож үзээрэй.


БОД, БОД БАС ДАХИН БОД!