БУРХАН БАЙДАГ ГЭЖ ҮҮ?

БУРХАН БАЙДАГ ГЭЖ ҮҮ?

Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Еврей 11:6

“Би бол бурхангүй үзэлтэн. Надад туслах ямар ч шашин хэрэггүй” хэмээн залуухан нисгэгч цааргалжээ. Харин түүнийг цуглаанд урьсан пастор бол Оксфорд болон өөр олон томоохон сургуулийг дүүргэсэн өндөр боловсролтой нэгэн буюу Эдвин Орр байсан юм. Тэрээр нисгэгч залуугаас “Би чамаас хэдэн зүйл асууж болох уу?” хэмээн асуухад цаадах нь амархан юм асуух байх гэж бодоод зөвшөөрчээ. 
“Нэгдүгээрт, чи бүхнийг мэддэг юм уу?” гэж Орр асуужээ. 
“Мэдээж үгүй” хэмээн цаад залуу нь гайхаж гэнэ. Ингэхдээ тэр залуу мөчөөгөө өгөлгүй Ейнштейн хүртэл өөрийгөө агуу их мэдлэгийн зах зухаас нь л мэддэг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм болохоор би ч бас “Агуу их мэдлэгийн өчүүхэн хэсгийг л мэднэ” хэмээн тэр залуу мэдэмхийрчээ. 
Эхний үеийн ялагч болсноо ойлгосон Орр ч “Сайн байна” гэж хэлж гэнэ.
“Хоёр дахь асуулт. Чиний мэдэхгүй байгаа тэр хэсэгт чинь Бурхан оршин байх боломжтой юу?” гэж Оррыг хэлэхэд залуу ч эргэлзэж эхлэв. Орр үргэлжлүүлээд “Дэлхий дээрх бүх мэдлэгийн дэргэд чи хэр ихийг мэдэх вэ? 10 хувь уу?” гэж асуув. 
“Юу 10 хувь гэж, 1 хувь ч хүрэхгүй” хэмээн тэр залууг дуу алдахад Орр “За тэгвэл 1 хувь гэж үзье. Тэгвэл чиний мэдэх 1 хувийн чинь гадна Бурхан оршин байх боломжтой юу?” хэмээн асуусан байна. 
“Тиймээ” хэмээн залууг хүлээн зөвшөөрөхөд Орр “Тэгвэл чи бол хамгийн гайхалтай бурхангүй үзэлтэн байна. Чи хэдхэн минутын өмнө Бурхан байхгүй гэж хэлж байснаа одоо болохоор байж болох юм хэмээн хүлээн зөвшөөрч байна шүү дээ” хэмээн хариулсан гэдэг. 
Үнэндээ дэлхийн хамгийн шилдэг бурхангүй, шашингүй үзэлтнүүдтэй маргалдаж явсан Эдвин Оррын хувьд тэр залуутай маргах маргаандаа ялалт байгуулахыг хүсээгүй. Харин эндээс тэр нэг л санааг тодруулан гаргаж ирэхийг хүссэн. Энэ дэлхий дээрх бүх мэдлэгийг өөртөө багтаасан нэгэн л Бурхан байхгүй гэж хэлэх боломжтой. Гэтэл үнэндээ ийм хүн дэлхий дээр нэг ч байхгүй. Өнөөдөр бурхангүй үзэл улам бүр дэлгэрсээр байна уу? Бурхангүй үзэлтнүүд улам бүр олширсоор байна уу? гэвэл үгүй ээ. Тийм биш болохыг судалгаагаар харуулж болно. Үнэндээ Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг бид судалгаанаас харж болно. 
Гэхдээ Бурхан байдаг гэдэгт итгэнэ гэдэг нэг хэрэг. Харин тэр Бурхантай харилцаатай байна гэдэг тэс өөр хэрэг юм. Алберт Эйнштейн Бурханд итгэдэг нэгэн байсан. Гэхдээ тэрээр хүн Бурханыг бүрэн таньж мэдэх боломжгүй гэдэгт ч мөн итгэдэг байсан юм. Мэдээж Бурханы бодол санааг, Түүний хүч чадлыг, Түүний оршихуйг бүрэн дүүрэн таньж мэдэх боломжгүй юм. Би үүнтэй бүрэн санал нэгдэнэ. Гэхдээ 2000 жилийн тэртээд Бетлехемд мэндэлсэн Есүс Христээр дамжуулан Бурханыг таньж мэдэх боломжгүй гэж хэлвэл би үүнтэй санал нийлэхгүй.
“Намайг харсан бүхэн Эцэгийг харсан” хэмээн Есүс Томаст хэлж байсан. Иоханы сайнмэдээн дээр хэлэхдээ Христ бол Бурханы дүр төрх байсан гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг. 
Бид Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй хүмүүстэй мэтгэлцэж яллаа гээд эсвэл тэднийг дооглож тохуурхлаа гээд ялалт байгуулахгүй ээ. Үүгээрээ бид тэдний амьдралыг өөрчилж чадахгүй. Харин тэр хүний зүрх сэтгэл дотор хоосон орон зай байгаа гэдгийг ойлгож, тэр хүнийг байгаагаар нь хайрлаж чавал тэр найз чинь таны ятгалгын үгийг биш харин амьдралын гэрчлэлийг чинь харахдаа Бурханыг хүлээн авах боломжтой. 
19-р зууны хамгийн алдартай бурхангүй үзэлтнүүдийн нэг Роберт Ингерсол өөрийн номны оршил хэсэгт Христэд итгэдэг нагац эгчтэй байсан тухайгаа өгүүлсэн байдаг. Тэрээр хэрвээ дэлхий дээрх бүх Христэд итгэгчид нагац эгч шиг нь амьдардаг байсан бол энэ ном хэзээ ч бичигдэхгүй байх байлаа хэмээн онцолсон байдаг. 
Нөгөөтэйгүүр итгэгч бидний амьдрал Бурханыг гэрчилж чадах ч тэрхүү төгс Бурханыг бидний амьдралаар дүгнэнэ гэдэг өрөөсгөл юм. Бид Бурханыг шүүн дүгнэж чадахгүй бөгөөд шүүн дүгнэгч нь гагцхүү Бурхан Өөрөө юм. Тиймээс хамтдаа Бурханыг Бурхан чигээр нь үлдээцгээе.