АМЬДРАЛЫН ӨДӨР ХОНОГУУД

АМЬДРАЛЫН ӨДӨР ХОНОГУУД

Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно. 2 Тимто 4:7-8

Ахмад гольфчин Петр Седоре өөрийн байнга тоглодог Панорама гольфийн талбайд тоглож байхдаа нэг цохилтоор бөмбөгөө нүхэнд унагаж чаджээ. Нөгөөтэйгүүр энэ нь түүний анхны тохиолдол ч биш байв. Нарийн яривал энэ нь түүний ганц цохилтоор бөмбөгөө нүхэнд унагасан 18 дахь тохиолдол байсан юм. Энэ бол маш ховор тохиолдол гэдгийг гольфчин бүр сайн мэднэ. Гэхдээ нөгөөтэйгүүр энэ нь түүний сүүлчийн амжилт байсан гэдгийг 83 настай Петр мэдээгүй. Учир нь дараагийн цохилтоо хийх үеэр түүний тархинд цус харваж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас баржээ. Седорегийн хүү Деннис энэ үйл явдлын тухай хэлэхдээ “Аавын минь хувьд хамгийн сайхан цаг байсан. Магадгүй Бурхан түүнийг Өөртөө авахын өмнө ганц удаа үүнийг хийг гэж хүссэн байж болох юм” хэмээн өгүүлсэн байна. 
Би ч бас болдогсон бол үхэхээсээ өмнө ганц удаа ч болов нэг цохилтоор бөмбөгөө нүхэнд унагааж үзмээр л байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд Петр надаас хавьгүй олон удаа гольф тоглосон байж таарна. “Тиймээ, 18 дахь удаагаа” гэж Петр баяртайгаар дуу алдсан. Ганцхан цохилтоор бөмбөгөө нүхэнд унагаад түүнийгээ очиж авна гэдэг ямар сайхан мэдрэмж байх бол? Гэхдээ би нэг зүйлийг маш сайн мэдэж байна. Бидний анхных ч байна уу, 18 дахь ч байна уу ялгаагүй цаг нь ирэхэд бид бүгдээрээ амьдралынхаа сүүлчийн тоглолтыг хийх болно. Харин бид энэ тухай бодох тийм ч дуртай байдаггүй. 
Хүмүүс үхлийн тухай янз бүрээр бодож, үхлийг янз бүрээр хүлээж авдаг. Мөн маш олон хүн энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Тэд үхэл гэдэг үгийг амнаасаа унагах ч дургүй байдаг. Энэ тухай яриад байвал энэ нь өөрт нь тохиолдох байх гэж боддог. 
Гэхдээ хэрвээ бидний үхэл амьдрал бидний Бурхан Эцэгт үнэ цэнэтэй гэж бодох юм бол, мөн үхэл төрөх гэдэг бидний амьдралын салшгүй хэсэг гэдэгтэй эвлэрэх юм бол бидний хувьд энэ тухай ярихгүй байх үндэс үгүй юм. Дуулал номон дээр хэлэхдээ “Итгэлтнүүдийнх нь үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэй” (Дуулал 116:15) хэмээн бичсэн байдаг. Нөгөөтэйгүүр үхэл биднийг Бурхантай уулзуулдаг онцгой үйл явдал юм. Хэрвээ бид Английн Букенхэмийн ордонд очиж Английн хатан хаантай уулзах болвол бидэнд юу өмсөх, юу хэлэх, биеэ яаж авч явах ёстойг нэгд нэгэнгүй зааж өгөх болно. Тэгвэл энэ дэлхий дээрх хаад ноёдтой уулзадаа биеэ бэлддэг бид орчлон ертөнцийг бүтээсэн хаадын Хаан, эздийн Эзэнтэй уулзахдаа бид биеэ бэлдэхгүй гэж үү? 
Филиппой захидалдаа Паул өөрийнхөө амьдралын зарчмын тухай нэгэн гайхамшигтай үгийг өгүүлсэн байдаг. Тэрээр "Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг” (Филиппой 3:12) хэмээн тунхагласан байна. 
Би нэг зүйлийг асууя. Бурхан Паул хоёрын хооронд онцгой харилцаа байсан учраас л Паулын амьдралд хандсан Бурханы онцгой төлөвлөгөө байсан юм болов уу? Эсвэл бидний хүн нэг бүрийн амьдралд хандсан Бурханы төлөвлөгөө гэж байдаг юм болов уу? Хэрвээ бид Библийг харах юм бол бидний хүн нэг бүрт хандсан Бурханы төлөвлөгөө байдаг гэдгийг хэлсэн байдаг. Бурхан бидний хүн нэг бүрт амьд байх хугацаандаа амжуулахыг хүссэн онцгой үүрэг даалгаврыг өгсөн байдаг гэсэн үг.  
Хэрвээ таны амьдрал зорилгоор удирдуулсан амьдрал мөн бол та ч бас Паултай хамт “Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан” (2 Тимот 4:7) хэмээн тунхаглаж чадна. Түүний амьдралын зорилго нь амжилтын оргилд гарах биш харин Бурханаас өмнө нь тавьсан бүхнийг хийж гүйцэлдүүлэх явдал байсан юм. 
Эцэст нь хэлэхэд, Бурхан биднийг Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд түлхэж, нударч, чирч гулдардаггүй. Бидний амьдралын өдөр хоног элсэн цаг шиг урсан одсоор байна. Та амьдралдаа юуг амжуулж, юуг амжуулаагүйгээс үл хамаараад таны амьдралын өдөр хоног нэг нэгээр цөөрсөөр байна. Та үүнийг үргэлж санаарай.