БУРХАН ҮНЭХЭЭР БУРУУТАЙ ГЭЖ ҮҮ?

БУРХАН ҮНЭХЭЭР БУРУУТАЙ ГЭЖ ҮҮ?

Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хагдарна. Дуулал 37:1-2

Английн нэрт рок од Лиам Галлахерын аав ээжийг нь, өөрийг нь болон ах нарыг нь үргэлж хүчирхийлэн зоддог байжээ. Энэ бүхний улмаас Лиам Бурханыг буруутгах болсон байна. “Надад тохиолдсон тэр бүх үйл явдлаас болоод би Бурханд итгэхээ больсон” хэмээн тэр хэлсэн байдаг.
Бурханыг буруутгадаг хүн олон бий. Амьдрал дахь хүнд хэцүү нөхцөл байдал дунд Бурхан руу гүйн очиж хоргодохын оронд Бурханд уурлаж, Бурханыг буруутгадаг хүмүүс олон байдагт би хувьдаа их гайхдаг.  
Хэрвээ Бурхан хүмүүсийг тушаалын дагуу үг дуугүй үйлддэг робот болгон бүтээсэн байсан бол бид хүмүүсийн алдаатай үйлдлийн төлөө Бурханыг буруутгаж болох байлаа. Гэтэл хүний гаргасан алдаа зөрчлийн улмаас Бурханыг буруутгана гэдэг нь өөрөө логикгүй алхам юм. 
Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц бол гэм нүгэл, ёрын муугаар дүүрэн. Нэг удаа надад маш хүндхэн долоо хоногт тохиолдож билээ. Миний хамгийн сайн найз хавдрын улмаас 4-хөн долоо хоногийн настай гэдгээ мэдсэн юм. Харин өөр хоёр ч найз маань тэр долоо хоногт хавдрын мэс засалд орсон. Миний танил гэр бүлийн хоёр настай охин золгүй байдлаар усан санд живж амиа алдсан байлаа. Миний ихэд хүндэлж хайрладаг нэгэн пастор шатнаас унаад ухаангүй болсон бөгөөд эхнэр хоёр охин нь өнчрөн хоцорсон юм. 
Нэгэн хүүхдийн магтан дуун дээр “хэрвээ бид залбирах юм бол Бурхан тэнгэрэлчээ илгээж биднийг хамгаалах болно” гэж өгүүлдэг. Энэ үнэн. Дуулал номон дээр хэлэхдээ “Эзэний тэнгэрэлч эмээгчдийнх нь эргэн тойронд байж тэднийг чөлөөлнө” гэсэн байдаг. Гэхдээ энэ нь Бурхан итгэгч хүн бүрийг гэм нүглээр дүүрэн дэлхий ертөнцийн бүх хорон муугаас цаг ямагт хамгаална гэсэн үг бишээ. 
Бид өөрсдийн амьдралд тохиолдсон таагүй үйл явдал бүрийн төлөө хэн нэгнийг заавал буруутгах ёстой гэж үү? Үнэндээ бидний гэм нүглийн үр дагавар ямар ноцтой байдаг вэ гэдгийг ойлгохгүй байх үедээ бид өөрсдийн амсаж буй зовлон бэрхшээлийн төлөө Бурханыг буруутгах хандлагатай байдаг. Ийм хандлагыг зүрхэндээ тээж байгаа хүн Бурхан руу нуруугаа харуулахдаа амархан. 
Бид ийнхүү буруу бүхний төлөө Бурханыг буруутгах үедээ хүн төрөлхтөний гэм нүглийн үр дагаварыг үгүйсгэж, зөвт байдал, ёс суртахууны хэм хэмжээнээс өөрсдийгөө чөлөөлж байдаг. 
Тэгвэл Дуулал 37-р бүлгийг та гаргаад уншаад үзээрэй. Тэнд Давид хаан өөрийн амьдралд тохиолдсон зовлон бэрхшээлийг хэрхэн харж дүгнэж байгаа тухай өгүүлсэн байгаа. Үнэндээ хүн төрөлхтөн бий болсон цагаасаа л зовлон бэрхшээлтэй зууралдсаар ирсэн юм. Одоогоос 3000 орчим жилийн өмнө амьдарч байсан Давид хаан ч мөн ийм зүйлтэй тулгарч байсан. Гэхдээ тэр бүхний эцэст Давид хаан “Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хагдарна” (Дуулал 37:1-2) хэмээн дүгнэсэн байдаг.
Давидын хувьд Бурханыг буруутгаж болох маш олон шалтгаан байсан. Давид Бурхан хандаж “Та Самуел эш үзүүлэгчээр дамжуулан намайг хаан болгож томилоогүй бол ийм зүйл болохгүй байх байсан юм. Түүнээс чинь болоод би одоо Саул хааны бай болж, золбин нохой шиг тэнүүчлэн амьдарч байна” хэмээн гомдоллож болох л байсан. Гэвч үүний оронд Давид “ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм”  (Дуулал 18:2) хэмээн тунхагласан байдаг. 
Зовлон бэрхшээлийн дунд та ямар хандлагатай байх нь маш чухал нөлөөтэй юм. Бурханыг буруутгахын оронд Бурхан руу эргэж, залбирал дотор Түүнд бүх зүрх сэтгэлээ уудал. Түүний оршихуйгаас ирэх амар тайвныг хүлээн авч, шаналсан зүрх  сэтгэлийг чинь тайвшруулах Түүний намуухан дуу хоолойг сонс. Нэг л өдөр тэр бүх таагүй зүйлс улиран одож тэр бүхэн бидний амьдралд яагаад тохиолдсоны учир шалтгааныг бид ойлгох болно