ХЭСЭГЧЛЭН ХАЙРЛАХ НЬ

ХЭСЭГЧЛЭН ХАЙРЛАХ НЬ

Тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун. Ром 15:7

“Би хүмүүсийг хэсэгчлэн хайрлаж чадахгүй. Би тэднийг сайнтай муутай нь хамтад нь хайрладаг” хэмээн Артур хаан хэлсэн байдаг. Магадгүй ингэж итгэдэг учраас Артур хаан тэр олон хүлэг баатруудыг зангидаж хаан болж чадсан байж мэдэх юм. Тэгвэл бид хүмүүсийг хэсэгчлэн хайрлаж чадах уу? Сэтгэлд нийцсэн хэсгийг нь хайрлаад, нийцээгүй хэсгийг нь үзэн ядаж чадах уу? Үнэндээ бүхлээрээ бидний хайрыг татам хүн гэж байхгүй. Хүн бүр янз бүрийн хандлага, зуршил, сэдэл, үг яриа, биеэ авч явах байдлыг дотроо тээж байдаг. Нэг хүний дотор агуулагдаж буй тэр олон чанаруудаас зарим нь үнэхээр сайхан хайр татам чанарууд байдаг бол зарим нь үнэхээр дургүй хүрмээр, үзэн ядмаар чанарууд байдаг. 
Гэтэл бид хүмүүсийг хоёр туйлд хувааж үзэх хандлагатай байдаг. Нэг хэсгийг нь сайн хүмүүс, нөгөө хэсгийг нь муу хүмүүс гэж хувааж авч үздэг. Тэгээд бид сампин дээрх эрхийг нааш цааш нь хөдөлгөдөг шиг хүмүүсийг энэхүү сайн муу гэсэн хоёр туйлын хооронд нааш цааш нь хөдөлгөн дүгнэдэг. Заримдаа бидний муухай ааш хөдлөх юм бол бүх хүмүүсийг муу муухай хүмүүс гэсэн ангилал руу оруулж орхидог. Хайрлаж байсан хүмүүстээ ч хэзээ ч хайрлаж байгаагүй юм шиг ханддаг. 
Үнэндээ хайр буюу хайрлах гэдэг ойлголт нэг талаасаа маш гүн ухааны ойлголт юм шиг санагддаг. Хайр гэж чухам юу юм бэ? Мэдрэмж юм уу? Сэтгэл хөдлөл юм уу? Байр суурь юм уу? Хайр бол ийм зүйл гээд хатуу тодорхойлоод хэлэхэд тун амаргүй. 
Гэхдээ ямартай ч хайр гэдэг бол таатай сайхан мэдрэмж төдий зүйл бишээ. Энэ бол бусдын төлөө өөрийгөө зориулах зориулалт бөгөөд энэ нь бидний мэдрэмж, сэтгэл хөдлөлөөс үл хамаарах учиртай. 
Би хуримын ёслол дээр хос хоёрын өмнө зогсоод тэднээр хуримын андгай хэлүүлж байх үедээ, тэдний догдолсон зүрх, баяртай гэрэлтсэн харцыг нь харахдаа, “энэ залуус үнэхээр юуг андгайлан тангараглаж байгаагаа ойлгож байгаа болов уу?” гэж үргэлж боддог. “Аз жаргалтай ба гунигтай өдрүүдэд ч, эрүүл саруул ба өвчтэй сульдсан мөчүүдэд ч үхэл биднийг салгах хүртэл хайрласаар байх болно” хэмээн тэд амладаг. “Харин үнэндээ тэд энэхүү амлалтынхаа утга учрыг бүрэн гүйцэт ойлгож байгаа болов уу?” хэмээн би боддог. 
Бид хэн нэгэн хүний амьдралд бидэнд таалагдахгүй зүйлс байлаа гээд тэр хүнийг өөрөөсөө түлхэж байгаа бол Артур хааны хэлсэнчлэн бид хүмүүсийг хэсэгчлэн хайрлаж байна гэсэн үг. Тэгвэл хайр гэдэг сохор гэж үү? Бид хүмүүсийг алдаа дутагдал гаргаж, буруу үйлдэл хийж байхад нь ч нүдээ аниад хайрлах ёстой гэж үү? Би үүнийг тайлбарлаж өгье. Хэн нэгэн хүнийг жинхэнээсээ хайрлана гэдэг тэр хүнийг байгаагаар нь хүлээж авахын нэ. Нөгөөтэйгүүр үүний хажуугаар тэр хүнийг ганцхан Бурхан л өөрчилж, шинэчилж, засаж залруулж чадна гэдгийг хүлээн зөвшөөрх явдал юм.  
Мэдээж энэ нь танд хэцүү санагдаж байгаа байх. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах гэдэг ямар хэцүү болохыг бид бүгд мэднэ. Гэхдээ хэрвээ танд бусдыг хайрлах нь хэцүү санагдаж байгаа бол та биднийг хайрласан Бурханы хайрыг санаарай. Бурхан биднийг хэсэгчлэн хайрласан гэж үү? Үгүй ээ. Тэр биднийг байгаагаар маань хайрласан. Биднийг сайнтай муутайгаар маань хүлээж авсан. Сул дорой байдал, алдаа дутагдалтай маань хүлээж авсан. Тэр хэзээ ч бидэнд “Эхлээд өөрчлөгдөөдөх. Дараа нь Би чамайг хайрлая” гэж хэлээгүй. Тэгвэл Бурхан бидэнд хэлэхдээ бие биенээ ч мөн яг л ийнхүү хайрлаарай гэж заасан. Ром номонд Паул бичихдээ “Тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун” (Ром 15:7) гэсэн. 


“БИ ХҮМҮҮСИЙГ ХЭСЭГЧЛЭН ХАЙРЛАЖ ЧАДАХГҮЙ. БИ ТЭДНИЙГ САЙНТАЙ МУУТАЙ НЬ ХАМТАД НЬ ХАЙРЛАДАГ”