СЭТГЭЛЭЭР УНАСАН БАЙДЛААСАА ХЭРХЭН ГАРАХ ВЭ?

СЭТГЭЛЭЭР УНАСАН БАЙДЛААСАА ХЭРХЭН ГАРАХ ВЭ?

“Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгцээнд минь үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь чухал гэж би бодлоо.  Тэр та бүгдийг үгүйлэн, өвчтэй буйг нь та нар сонссоноос болж шаналсан юм.  Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн...”. Филиппой 2:25-27

“Ноён Сала, надад туслалцаа хэрэгтэй байна. Би 34 настай. Гэхдээ би өөрийнхөө өмнө тавьсан зорилгуудаас алийг нь ч биелүүлж үзээгүй. Би одоо оройгоор коллежид сурдаг. Хичээл сургуулийн хувьд боломжийн ч миний өмнө миний хэрээс хэтэрсэн зүйл тохиолдоод байна. Энэ зүйлийг даван гарах итгэл надад байхгүйг би мэдэж байна. Тийм болохоор би бичиж байна. Би итгэлгүй хүн. Би өөрийгөө Бурханд итгэдэг гэж боддог байсан ч тийм биш юм байна. Тэр бүү хэл би өөртөө ч итгэдэггүй. Би таны Мэргэн зөвлөмж нэвтрүүлгийг хааяа сонсдог. Та надад тусалж чадах уу? Надад бодитой тус болж чадах зөвлөгөөг өгч чадах уу? Гүнээ сэтгэлээр унасан.... ”. Та энэ захидлыг бичигч нэгэн шиг байдалд орж байсан уу?  
Сэтгэлээр унаж, урам хугарч үзээгүй хүн гэж нэг ч байхгүй. Та сайхан амралт төлөвлөсөн ч эхнэр чинь гэнэт ажилтай болоод явж чадахгүй байх ч юмуу, автобуснаасаа хоцроод, такси бариад, түгжрээнд ороод, ажлаасаа хоцроод, цалингаа хасуулах ч юмуу. Энэ мэт олон зүйлээс болоод бидний урам хугардаг. Ирэх сарын орлогоо бүрэн хуримтлуулна даа гэж бодож байтал машин гэнэт эвдэрдэг ч юмуу, хүүхэд гэнэт өвдөх үе олонтаа тохиолддог шүү дээ. 
Гэхдээ амьдралд бидний урмыг хамгийн их хугалдаг зүйлс ихэнхдээ хүмүүстэй холбоотой байдаг. Гэр бүлийнхэн, ажлын газрынхан, найз нөхөд гэх мэт хүмүүстэй холбоотой байдаг. Мөн нөгөөтэйгүүр бид өмнөө тавьсан зорилгоосоо болоод урам хугардаг. Эсвэл биднээс үл шалтгаалах нөхцөл байдлууд, бидэнд хэзээ ч битгий тохиолдоосой гэж бодож байсан тэр зүйлс бидэнд тохиолдсоноос болоод бидний урам хугарч, бид сэтгэлээр унадаг. 
Тэгвэл эдгээрийн дотроос зорилго гэсэн сэдвийг авч үзье. Бидний амьдралын зорилго угтаа бол бидний амьдралд хандсан Бурханы хүсэл зориг, Түүний зорилготой нийцэж байх учиртай. Өөрөөр хэлбэл Бурхан таныг юу хийгээсэй гэж хүсэж байна гэж та бодно, түүнийхээ дагуу зорилгоо тодорхойлох учиртай. Гэхдээ хэдий ингэсэн ч бидний амьдралд урам хугарах, сэтгэлээр унах зүйл тохиолдох л болно. Хэрвээ та сүнслэг байх юм бол, итгэлтэй байх юм бол, хангалттай залбирах юм бол хэзээ ч урам хугарахгүй гэж боддог бол том эндүүрч байна гэсэн үг. Учир нь Библи дээрээс харах юм бол итгэлийн агуу баатрууд ч урам хугарч, сэтгэлээр унаж байсан тухай өгүүлсэн байдаг. 
Бид хүссэн зүйлээ авч чадахгүй байхаараа урам хугардаг. Уурлаж бухимддаг. Үүнээсээ болоод өөрийгөө ч асуудалд оруулдаг. Тэгвэл сэтгэлээр унах, урам хугарах асуудлыг илүү дээрээр шийдэж болно. Бидний амьдралын амжилт ялалттай өдрүүдэд ч, урам хугарч сэтгэлээр унасан өдрүүдэд ч Бурханы мутар бидэнтэй хамт байдаг гэдгийг чин сэтгэлээсээ ухаарах үед бид “Бурхан намайг орхиогүй. Тэр намайг хэзээ ч орхихгүй. Бурхан надад энэ сэтгэлээр унамаар нөхцөл байдлаас гарахад заавал туслах болно” хэмээн итгэлтэйгээр тунхаглаж чаддаг. Бидний дотор ийм хандлага байгаа цагт бүх зүйл тэс өөрөөр эргэх болно.