ӨМНӨӨ ЗӨВ ЗОРИЛГЫГ ТАВИХ НЬ

ӨМНӨӨ ЗӨВ ЗОРИЛГЫГ ТАВИХ НЬ

“Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг. Филиппой 3:13-14

Бурханы хүүхдүүдийн хувьд сэтгэлээр унах, урам хугарах гэдэг тийм ч харь зүйл бишээ. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт эмтэрсэн, шархалсан, сэтгэлээр унасан, урам хугарсан итгэгчид амьдарч байна. Үнэндээ энэ тал дээр итгэгч байна уу, үл итгэгч байна уу бараг л ялгаагүй. Тэгвэл бидний урмыг хамгийн их хугалдаг зүйлсийн нэг бол бидний зорилго. Хүрч чадаагүй зорилго, гаргаж чадаагүй амжилт, биелэж чадаагүй зорилтууд бидний урмыг маш ихээр хугалдаг. 
Харин итгэгч бидний хувьд бидний зорилго зорилт бүхэлдээ Бурханы хүсэлд суурилсан байх учиртай. Өөрийнх нь амьдралд хандсан Бурханы хүсэл зориг юу вэ гэдгийг таньж мэдсэн тэр итгэл дээр суурилах ёстой. Тиймээс зорилго зорилтоо Бурханы хүсэлтэй нийцүүлэх нь биднийг урам хугарах, сэтгэлээр унах олон тохиолдлоос хамгаалж чадна.
Зөвлөмж #1: Зорилгоо эргэж хар. Магадгүй та Бурханы хүслээс гадуурх зүйлийг хийхээр хичээж зүтгээд байгаа ч юм билүү. Бурханы хайрын мутар биднийг буруу тийш замнах замналаас минь хамгаалан саатуулах үед бид үүнийг нь ойлголгүй сэтгэлээр унаж, урам хугардаг. Гэхдээ бидний хийх буруу үйлдэл бүрийг Бурхан зогсоодоггүй. Мөн бидний үйлдсэн буруу үйлдлийн үр дагаварыг ч үгүй болгодоггүй. Та залбирлаа гээд нэгэнт өнгөрсөн цаг хугацааг эргүүлж чадахгүй. Нэгэнт гаргасан алдааг буцааж чадахгүй. Гэхдээ бидний зорилго буруу байх үед олон тохиолдолд Бурхан биднийг саатуулдаг. Үүнээс болоод бидний урам хугардаг. Тиймээс та зорилгодоо хүрч чадахгүй урам хугарсан бол үүнийг дохио хэмээн хүлээж аваад өөрийнхөө зорилгыг нэг нягтлаад үзээрэй. 
Зөвлөмж #2: Хэрвээ чадахаар бол сэтгэлээр унагаж, урам хугалж байгаа тэр шалтгааныг зогсоо. Мэдээж ингэх боломжгүй үе гэж байна. Гэхдээ заримдаа бид үүнийг зогсоож чадна. 
Зөвлөмж #3: Бурхан бүхнийг захирагч гэдгийг ойлго. Зарим тохиолдолд бид нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэдгээ хүлээн зөшөөрөх хэрэгтэй. Хэрвээ та Бурханд итгэдэг, Бурханы хүүхэд бол таны өчүүхэн амбицыг дарж, танд Өөрийн өршөөл энэрлийг мэдрүүлэхийг Бурханы хүсдэг болохыг та ойлгох хэрэгтэй. Хэрвээ бид өөрсдийнхөө амьдралыг Бурханы нүдээр харах юм бол бидний амьдрал ямар өөр байх бол. Ефес 1:11 дээр хэлэхдээ Паул хэлэхдээ бүх юмс “хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор” болдог гэдгийг онцолсон. Харин та үүнд итгэж амар тайвныг хүлээн авах уу эсвэл гонсгор байдалтайгаа зууралдсаар байх уу гэдэг нь таны сонголт. 
Зөвлөмж #4: Сэтгэл гутралаа Бурханы өмнө авчирж, Түүний хөлийн өмнө тавь. Паул ч бас өөрийнх нь амьдралд байсан өргөсийг салгаж өгөөч хэмээн Бурханаас нэг биш хоёр биш бүр гурвантаа гуйсан байдаг. Гэвч тэр болгонд Паул Бурханаас хүссэн зүйлээ хүлээн авч чадаагүй. Гэхдээ Бурхан илүү дээр зүйлийг түүнд өгсөн. Паул хэлэхдээ “Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.  Иймд Христийн төлөө мөхөсдөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг” гэсэн байдаг (2 Коринт 12:9-10). Үнэндээ амьдралын олон “яагаад?” гэсэн асуултын хариултыг бид бүгдийг нь мэдэж хэзээ ч чадахгүй. Гэхдээ тэр бүхний хариултыг Бурхан мэдэж байгаа, Бурхан биднийг харж хандаж байгаа гэсэн тэр итгэл бидэнд хүчийг өгдөг.  
Зөвлөмж #5: Бурханы хүч чадлаар дайснаа ялан дийлснээр урам хугарсан байдлаа ялан дийл. Бид урам хугарсан, сэтгэлээр унасан байдлаа ялан дийлж чадна. 2 Коринт 2:14 дээр Паул хэлэхдээ “Биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр түгээдэг Бурханд харин талархал нь байг” гэсэн байдаг. Чухамдаа ийм учраас Паул Силас хоёр хэдийгээр зодуулж нүдүүлээд, шоронд хаягдсан байхдаа ч Бурханыг магтан дуулж байсан. Чухамдаа ийм учраас Иохан шорон дотор байхдаа ч урам зоригтой байж, тэнгэрийн улсын сүр жавхланг үзэгдэл дотор үзэж байсан. Өнөөдөр бид нөхцөл байдлын нүдээр амьдралаа харах үед бидний амьдрал хар бараан харагдаж байж болно. Харин бид амьдралаа сүнслэг нүдээр харах юм бол бид урам хугарсан, сэтгэлээр унасан байдлаа ялан дийлж чадна. Энэ бол цорын ганц зөв шийдэл юм шүү.