ХҮН ЗҮРХЭЭ ДАГАДАГ

ХҮН ЗҮРХЭЭ ДАГАДАГ

“Уу! Ид!” гэж тэр чамд хэлэвч үнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг. Сургаалт үгс 23:7

Одоогоос 3000 жилийн өмнө нэгэн мэргэн хүн хэлэхдээ “хүн зүрхээ дагадаг” хэмээсэн. Өөрөөр хэлбэл таны зүрх сэтгэл, бодол санаа ямар байна та түүнийхээ дагуу өөрчлөгддөг гэсэн үг. Таны бодол санаа таны хандлагыг хэлбэржүүлж, харин таны хандлага таны амьдралыг хэлбэржүүлж байдаг. 
Эрт цагт Сургаалт үгс номд бичигдсэн энэ үгийг 27 жилийн туршид хийсэн судалгааны үр дүн ч мөн баталж байна. Дьюкийн их сургуулийн анагаах ухааны төвийн профессор, др.Жон Бэрфүтийн хийсэн судалгаанаас үзвэл гутранги үзэлтэй хүмүүс нь урам зориггүй, идэвхигүй амьдардаг бөгөөд өөдрөг үзэлтэй хүмүүсээс илүүгээр эрүүл мэндийн асуудалтай байдаг нь тогтоогджээ. Тэр дундаа өөрийнхөө талаар сөрөг бодолтой явдаг хүмүүс өөрийнхөө талаар эерэг бодолтой явдаг хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл 70 хувь, зуурдаар нас барах магадлал 60 хувиар илүү байдаг ажээ. 
Тиймээс ч судлаачид Сургаалт үгс номд гарч буй “хүн зүрхээ дагадаг” гэсэн үгтэй санал нийлж байгаа юм. Соломон хааны 3000 жилийни өмнө мэдэж байсан зүйлсийг эрдэмтэд саяхан баталжээ гэсэн үг. Др.Жон Бэрфүт бидэнд “санаа зовнил, уйтгар гунигтайгаар удаан амьдар болохгүй бөгөөд хэрвээ хэдэн долоо хоногоос урт хугацаагаар гуниглаж байгаа бол яаралтай мэргэжлийн хүний туслалцааа авах хэрэгтэй” хэмээн зөвлөж байна. 
Энэхүү судалгаа нь бидэнд өөр нэгэн чухал зүйлийг илэрхийлж байна. Бид Бурхантай харилцах харилцаатай байвал үүнийг дээрх судалгаанд “шашны үйл ажиллагаанд оролцдог” гэж тодорхойлсон байна, энэ тохиолдолд та оюун санааны хувьд илүү эерэг хандлагатай байдаг бөгөөд таны хандлага таны амьдралд нөлөөлж байдаг байх нь. Өөрөөр хэлбэл таны хандлагаас та асуудлаа ялан дийлэх үү эсвэл асуудлынхаа дор дарагдан живэх үү гэдэг нь тодорхойлогддог. 
Судалгаанаас үзвэл “таагүй мэдрэмжтэйгээр” амьдардаг хүмүүсийн хувьд архи тамхи, хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх, хорт муу зуршилд амархан автах хандлагатай байдаг. Энэ нь эргээд тэр хүний амьдралыг улам бүр дордуулдаг. 
Тэгвэл Бурхантай харилцах харилцаа бидний хандлагатай юугаараа холбоотой юм бэ? Олон талаараа. Магадгүй бүх талаараа холбоотой байж ч мэднэ! Бурханд итгэдэг итгэлийн баатруудын амьдралд таагүй нөхцөл байдлууд бидэнтэй л адилхан тохиолддог байсныг Библи уншдаг хүн бүр сайн мэднэ. Жишээ нь: Иосеф даргынхаа эхнэрийн уруу татлагад ороогүйнхээ төлөө шоронд хоригдсон. Даниел хааны тушаалыг үл тоон Бурхандаа залбирч байсныхаа төлөө арслантай нүхэнд хаягдсан. Иона Бурханы үгээс зөрж яваад аварга том загасны аманд орсон.
Шинэ Гэрээнд ч үүнтэй адил түүх олон бий. Стефан итгэлээсээ болоод амиа алдсан. Паул тоймгүй олон удаа баривчлагдаж хоригдож байсан. Маш олон Христэд итгэдэг хүн нийгмээсээ гадуурхагдаж, бүх амьдралаа алдаж байсан. Гэхдээ Бурханы хүүхдүүд хүнд хэцүү нөхцөл байдалд орох үедээ хэзээ ч бууж өгдөггүй, цөхөрдөггүй. Учир нь тэдний амьдралын таагүй нөхцөл байдал биш, харин итгэж найддаг Бурхан нь хамгаас хүчтэй гэдгийг тэд мэддэг. 
Энэ л итгэл найдвар бүхнийг өөрчилдөг. Тэд яаж ч хавчигдаж, яаж ч гадуурхагдаж, яаж ч хүнд байдалд орж байсан Бурхан бүхнийг хянаж байгаа гэдэгт үргэлж итгэж өөдрөг, урам зоригтой байж чаддаг байсан.
Тэгэхээр найз минь, 1-10 оноогоор дүгнэвэл та өөртөө хэдэн оноо өгөх вэ? Хамгийн өөдрөг урам зоригтойг 10, хамгийн сөрөг хандлагатайг 0 оноо гэвэл та өөртөө ямар оноо өгөх вэ?
Үнэндээ Бурхантай харилцах харилцаагүйгээр зарим нөхцөл байдал дунд үнэхээр ямар ч найдвар байхгүй. Харин Бурхан бүхнийг мэддэг, бүхнийг захирдаг гэдэгт итгэдэг бол юу ч тохиолдсон та итгэл найдвар, урам зоригоор дүүрэн байж чадна. Хэрвээ та үүнд эргэлзэж байвал Паулын бичсэн Филиппой захидлыг уншаад үзээрэй. Паул энэхүү захидлаа шоронгоос бичсэн. Энэ захидлаас та бидний Бурхантай харилцах харилцаа бидний хандлагыг тодорхойлж, бидний хандлагаас бидний ирээдүй шалтгаалж байдгийг харах болно. Энэ зарчим одоо ч бидний амьдралд үйлчилсээр байна. 


БАЯРЛАГТУН! ФИЛИППОЙ 4:4