ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?

ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?

Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ. Илчлэл 2:4

“Бурхан надад үнэхээр хайртай бол яагаад ийм нөхцөл байдлыг зөвшөөрч байгаа юм бэ?” Хэрвээ та хэзээ нэгэн цагт ингэж асууж байсан бол, ганц ч болов удаа дотроо ингэж бодож байсан бол таны логик сэтгэлгээ эрүүл байна гэсэн үг. Учир нь бидний амьдралын нөхцөл байдал буруугаар эргэж, бүх зүйл нуран унах мэт санагдах тэр үед бидний дотор “Бурхан үнэхээр надад хайртай гэж үү?” гэсэн эргэлзээ аяндаа төрдөг. 
Үнэндээ хүмүүсийн хайр өөрчлөгддөг. Хүмүүс бие биедээ хайртай гэж хэлдэг ч, үүрд хайрлана гэж амладаг ч явцын дунд бодлоо өөрчилдөг. Тиймээс ч энэ бүх зуурдын хайрыг амсаж үзсэн хүмүүсийн хувьд үүрдийн хайрыг төсөөлж тэр бүр чаддаггүй. Тиймээс ч бидний хувьд Библи дээрээс Бурханы нөхцөл болзолгүй, өөрчлөгдөшгүй хайрыг ойлгож ухаарна гэдэг маш хэцүү. Бурхан тэр бүх хүнээс өөр гэдгийг би яаж мэдэх юм бэ? гэж хүмүүс асуудаг.
Харамсалтай нь биднийг сэтгэлийн шархтай үлдээсэн, бидний урмыг хугалсан хүмүүсээс болоод бид Бурханы хайранд эргэлзэх тохиолдол цөөнгүй. Тэгвэл Мосе бидэнд хэлэхдээ Бурхан бол хүмүүс шиг гуйвж дайвдаг, өөрчлөгдөж хувьсаж байдаг, бидний урмыг хугалдаг Нэгэн биш гэдгийг тодорхой хэлсэн. Тиймээс бүгдээрээ энэ нийгэм эсвэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бидний дотор өгсөн тэр ойлголтыг түр хойш тавиад жинхэнэ хайрын талаар дахин нэг бодож үзэцгээе. 
 “Хайр бол...” гэсэн өгүүлбэрийг та хэрхэн төгсгөх вэ? Таны хувьд хайр гэж чухамдаа юу юм бэ? Мэдрэмж үү? Сэтгэл хөдлөл үү? Зориулалт уу? Хандлага уу? Үнэндээ сэтгэл хөдлөлийг тодорхойлно гэдэг амаргүй. Бид химийн лабораторид туршилт хийгээд хайрын орц найрлагыг гаргаад ирж чадахгүй. Эсвэл үүнд зориулсан компьютерын програм бичиж чадахгүй. Үүнийг бид графикаар илэрхийлж эсвэл жинлүүрээр жинлэх боломжгүй. Миний хувьд хайрыг тодорхойлох хамгийн сайн тодорхойлолт бол “Хайр гэдэг нь төгс бус нэгний хэрэгцээг хангахын тулд өөрийн зүгээс золиос гаргаж буй нөхцөл болзолгүй зориулалт” гэсэн тодорхойлолт юм. 
Бурхан таныг нөхцөл болзолгүйгээр хайрласан учраас таны төлөө нөхцөл болзолгүй зориулалт гаргаж цорын ганц Хүү Есүс Христээ дэлхий рүү илгээсэн. Энэ үйлдлээрээ дамжуулаад Бурхан бидэнд “Би чамд хайртай, Би чамтай нөхөрлөхийг хүсэж байна” гэж хэлсэн. Энэхүү гайхамшигтай зориулалтыг Иохан “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” (Иохан 3:16) хэмээн илэрхийлсэн. Бурхан төгс биш бидний төлөө нөхцөл болзолгүйгээр зориулалт гаргасан нь бидний төлөх ёстой байсан дааж давшгүй төлөөсийг Бурхан бидний өмнөөс төлсөн хэрэг байлаа. 
Магадгүй та Бурхантай харилцах харилцаагаа бяцхан хүүхдийн эцэгтэйгээ харилцах харилцаагаа хардаг шиг жижигхэн явцуу байдлаар хардаг байж болох. Та аливаа асуудлыг маш явцуу өнцгөөс харж “Таны хийж байгаа зүйлс надад таалагдахгүй байна” гэж Бурханд хэлдэг байж ч болох. Гэтэл үнэндээ Бурхан Өөрийн төгс мэргэн ухаанаар бүгдийг мэдэж биднийг хор хөнөөлөөс төдийгүй өөрсдийг маань өөрсдөөс маань хамгаалж байдаг. 
Манай оффист Камбожийн дүрвэгсдийн Тайланд дахь дүрвэгсдийн хуаранд байхдаа оёсон гоё хатгамал байдаг. Энэхүү жижигхэн дөрвөлжин даавууг нэг талаас нь харвал үзэсгэлэнтэй сайхан зурагтай харин нөгөө талаас нь харвал хуучин тааран дээрх арзайж сарзайсан утаснууд харагдана.
Үүний нэгэн адил Бурхан биднийг төгс болсон талаас нь харж байдаг бол бид нөгөө талаас нь харж байдаг. Хэрвээ бид амьдралынхаа нөхцөл байдлыг биш, харин Бурханыг харвал амьдралаа Бурханы нүдээр харж чадна. Нөгөөтэйгүүр бидний амьдралд зориулан төлөвлөсөн Бурханы төлөвлөгөө болон Бурханы оёж байгаа тэрхүү хатгамлыг бид итгэлээр хүлээн авч чадна. 
Эцэст нь, бид хайрыг хүлээн авсан бол хайрыг бусдад өгөх учиртай. Үүнийг Бурханы үг бидэнд тодорхой хэлдэг. Нэгэн ухаантай хүн “Хонхыг дугаргахгүй юм бол тэр хонх байж чадахгүй. Дууг дуулахгүй юм бол тэр дуу байж чадахгүй. Үүний нэгэн адил бусдад зориулахгүй юм бол таны зүрхэнд байгаа хайр чинь хайр байж чадахгүй” гэсэн байдаг.


ИЛЧИЛЖ ИЛЭРХИЙЛЭХЭЭС НААШ ХАЙР ХАЙР БИШ!