БУРХАНЫ САЙН САЙХАНД ЭРГЭЛЗЭХ НЬ

БУРХАНЫ САЙН САЙХАНД ЭРГЭЛЗЭХ НЬ

Хар, Тэр намайг алах гэж байна. Надад найдвар алга. 
Гэсэн ч Түүний өмнө би өөрийн замуудаа өмгөөлөх л болно. Иов 13:15 

Бидний амьдралд зовлон шаналал янз бүрийн хэлбэрээр тохиолддог. Энэ удаад би хоёр хүний жишээг татъя гэж бодлоо. Нэг нь спортын уралдаан тэмцээний үеэр тархиндаа гэмтэл авч насан туршдаа хэвтрийн байдалтай амьдрах болсон нэгэн эр. Нөгөө нь бяцхан охин нь нярайн орон дотроо бүтэж нас барсан залуу эх. Энэ хоёр хоёулаа Бурханы хайрын талаар ярьсан. Эхнийх нь Бурханы хайрыг тайвшрал, хүч чадлын эх сурвалж гэсэн бол хоёр дахь хүн “Ийм зүйлийг бидэнд зөвшөөрч байгаа Бурхан биднийг яаж хайрлах юм бэ?” хэмээн уурласан. Өөрт нь тохиолдсон зовлон бэрхшээл тэдний нэгийг нь Бурхан уруу ойртуулсан бол нөгөөг нь Бурханаас холдуулжээ.
Хайртай охин нь автомашины осолд орж хүндээр гэмтэх үед Рой Зак хүний амьдралд тохиолддог зовлон бэрхшээл болон Бурханы хайрын талаар эргцүүлэн бодсон байдаг. Охинд нь нийтдээ 16 хагалгаа хийсний дараа Зак ийнхүү бичжээ. “Зовлон шаналал бидний амьдралд янз бүрийн хэлбэрээр ирдэг. Өвчин зовлон, үхэл хагацал, гэр бүл салалт, хүнд хагалгаа гээд дурдаад байвал дуусахгүй. Заримдаа үүнээс болоод бид тэргэнцэр дээр, шоронгийн өрөөнд эсвэл эмнэлгийн орон дээр хадагддаг. Хэрвээ таны амьдралд ийм зүйл тохиолдсон бол та Бурханы өмнө очоод “Бурхан минь, яагаад заавал би гэж?” хэмээн залбирч болох. “Тэр сайн Бурхан яахаараа надад, зөвхөн надад гэлтгүй бусад хүмүүст ийм зовлонг зөвшөөрдөг юм бэ?” гэж бодож байсан байх” хэмээн Зак бичсэн.  
Бурханы сайн сайханд жинхэнээсээ эргэлзэж эхлэх үедээ та яах вэ? Уур бухимдалд автах уу? Хүнд хэцүү нөхцөл байдлаас зугтах гэж оролдох уу? Дотроо Бурханы сайн сайханд эргэлзэж байгаа хэрнээ гаднаа тэс өөр юм яриад зогсох уу? 
Манай радиод өнгөрсөн жилүүдийн хугацаанд ирсэн олон и-мэйл болон захидлаас харахад ерөнхийдөө гурван зүйл биднийг Бурханы хайранд эргэлзэхэд хүргэдэг байх нь.

1-рт: Зовлон шаналал. “Бурхан бидэнд хайртай байсан бол ийм зовлонд унахаас хамгаалах байсан, энэ зовлонг зогсоох байсан” гэх бодол. 2-рт: Энэ дэлхий дээрх шударга бус байдал. 3-рт: хүссэн хариултаа аваагүй залбирлууд.
Тэгвэл өнөөдөр танд эдгээр асуудлуудын аль нь нүүрлээд байна вэ? Альтай ч тулсан бай ялгаагүй надад танд өгөх дараах гурван заавар байна. 
Заавар 1: Таны дотор төрж буй мэдрэмж, таны сэтгэл хөдлөлөөс үл хамаараад Бурхан таныг нөхцөл болзолгүйгээр хайрладаг гэдгийг ойлго. Та Бурханы хайрыг мэдрэхгүй эсвэл үүнд итгэж чадахгүй байж болно. Гэхдээ Библид Бурханы хайрыг хөдлөшгүй баримт хэмээн бичсэн байдгийг сана.
Заавар 2: Бурханы сайн сайхан, хайр энэрэлд эргэлзэх болсон шалтгаанаа эргэцүүлэн бодож ойлгохыг хичээ. Энэ сэдвээр бичсэн олон ном зохиол байдаг. Тэдгээрийн дундаас Си.Эс.Льюис, Эдит Шафер, Филип Янсей нарын бичсэн номуудыг та олж уншихыг хичээгээрэй. Эдгээр шилдэг зохиолч нар, мөн миний бие ч ялгаагүй зовлон шаналал бидэнд ашигтай гэдэгтэй, уй гашуу бидэнд тустай байж болдог гэдэгтэй санал нийлсэн байдаг. 
Хэрвээ та зовж шаналж байгаа бол теологийн эсвэл гүн ухааны хариулт танд тийм ч тус болохгүй. Бидний зовлон бол хүн төрөлхтөн гэм нүгэлд унасны үр дагавар, Бурханаас нүүрээ буруулсны төлөөс юм гэж хэллээ гээд таны зовлон нимгэрэхгүй. Энэ мэт онолын хариулт Бурхан бол сайн бөгөөд биднийг хайрладаг гэдэг итгэлийг маань батжуулж өгч чаддаггүй.
Заавар 3: Бурханы мутрыг харж чадахгүй байгаа бол Бурханы зүрх сэтгэлд итгэ. 
Лондонгийн их сургуулийн профессор Др.Жод дэлхийн 2-р дайны улмаас зовж шаналсан хүмүүсийг харахдаа Бурханы сайн сайхан, шударга ёсонд эргэлзжээ. Гэвч удтал бодсоны эцэст тэр бүх хүний эдэлсэн зовлон шаналал, энэ дэлхий дээрх шударга бус байдал нь үүний эсрэг зүйл байгаа гэдгийг илтгэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улмаар тэр нь хайр энэрэл, шударга ёсоор дүүрэн Бурхан юм байна гэдэгт тэр итгэсэн байна. Тийнхүү итгэх үед түүний зүрх сэтгэл амар тайвнаар дүүрсэн гэдэг. Бурханыг таньж мэдэх үедээ бид зарим нэг зүйлсийн учир шалтгааныг заавал олж мэдэх гэж тэмцэлдэхээ больдог. Учир нь бидний амьдралд юу ч тохиолдсон Бурхан бүхнийг хянаж байгаа гэдгийг бид итгэлээр хүлээн зөвшөөрч чаддаг билээ.


ТА ЭРГЭЛЗЭЖ БОЛОХ Ч БУРХАНЫ САЙН САЙХАН ТАНЫГ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ.