БУРХАНЫ ХАЙРАНД ЭРГЭЛЗЭХ ҮЕДЭЭ

БУРХАНЫ ХАЙРАНД ЭРГЭЛЗЭХ ҮЕДЭЭ

ЭЗЭН түүнд холоос үзэгдэн “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ.  Иеремиа 31:3

Та хэзээ нэгэн цагт Бурханы хайранд эргэлзэж байв уу? “Надад ийм нөхцөл байдлыг зөвшөөрч буй Бурхан надад хайртай гэж үү?” гэж асуумаар санагдаж байсан үе танд бий юу? Бидний амьдралд уй гашуу, үхэл хагацал тохиох үед эсвэл бидний хамгийн ихээр итгэж байсан хэн нэгэн итгэл эвдэх, бидний удаан хугацаагаар залбиран гуйж байсан бүхэн хариултаа эс авах үед бид ингэж боддог. Хэдийгээр бид амаараа ингэж хэлэхгүй ч дотроо “Бурхан надад хайртай юм бол яагаад ийм нөхцөл байдлыг зөвшөөрч байгаа юм бэ?” гэдэг.
Бурханы сайн сайханд эргэлзэх эргэлзээ бараг хүн бүрийн дотор төрдөг. ИнтерВарсити Христэч нөхөрлөл олон улсын үйлчлэлийн ерөнхийлөгч асан Пол Литл автомашины ослоор өөд болохынхоо өмнөхөн “Бидний теологийн хамгийн үндсэн асуулт бол Бурхан сайн уу, үгүй юу гэдэг асуулт юм” хэмээн бичиж байсан. Хэрвээ Бурхан бол сайн гэдэгт та итгэвэл Бурхан танд хайртай гэдэгт итгэхэд амархан байх болно. Харин эсрэгээрээ Бурхан сайн биш гэж бодвол бидний амьдрал эргэлзээгээр дүүрнэ.
Энэ тохиодолд юуны түрүүнд, та Бурхантай харилцах харилцаандаа эргэж эхлэх болно. Хоёрдугаарт та амар тайван байдлаа алдах болно. Улмаар та бусдад Бурханы хайрыг дамжуулж чадахгүйд хүрэх болно. Бурхан шударга биш, Бурхан сайн биш гэсэн бодол бидний толгойд эргэлдэж эхэлбэл бидний амьдрал Бурханы ерөөлийг дамжуулахаа больж, бидний амьдралаас амар тайван байдал дайжин одно. 
Тэгвэл ийм эргэлзээг үгүйхийхийн тулд бид Бурханы сайн сайхны талаар болон таныг хайрласан Түүний хайрын талаар Библид юу гэж өгүүлснийг сайтар ойлгож мэдэх учиртай. 
Бид Бурханы тухай ойлголтоо нөхцөл байдал, сэтгэл хөдлөл, мэдрэмждээ биш харин Бурханы үгэнд суурлах учиртай. Хуучин Гэрээ болон Шинэ Гэрээ дээр Бурхан таныг хувь хүний чинь хувьд хайрласан гэдгийг маш олон удаа тодорхой хэлсэн байдаг. Ефес 3:19 дээр “мэдлэгийг давдаг хайр”-ын тухай өгүүлдэг бол Иеремиа 31:3 дээр Бурханы хайр бол “үүрдийн хайр” гэдгийг хэлсэн. Дуулал 103:17 дээр “ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд” хэмээсэн. Мөн бидний сайн мэдэх Иохан 3:16 эшлэл дээр Бурхан биднийг хайрласан учраас ганц Хүүгээ илгээсэн гэж хэлсэн. Элч Паул ямар ч нөхцөл байдал, ямар ч сүнслэг түнэр харанхуй биднийг Бурханы хайраас салгаж чадахгүй хэмээн өгүүлсэн.
Харин бидний өөрсдийн зүрх сэтгэлийн хандлага Бурханы хайр бидний зүрх сэтгэлд нэвтрэхэд саад болдог хана хэрэм болон хувирах боломжтой. Үнэндээ бид өөрсдийнхөө талаар юу ч гэж бодсон Бурхан биднийг хайрласаар байдаг гэдгийг Библи хэлдэг. Үнэнийг хэлэхэд Бурхан яагаад одоог хүртэл намайг хайрласаар байдгийг би ойлгодоггүй. Гэхдээ үүнийг би заавал ойлгох ч албагүй. Харин Христийн үүрсэн загалмай надад Бурхан үнэхээр намайг хайрладаг юм байна гэдгийн нотолгоо болдог. Загалмай дээр Христ бидний төлөө амиа өгснийг санахдаа хайр гэдэг бол зориулалт, харин амиа өгөхөөс илүү дээд зориулалт гэж үгүй гэдгийг би ухаарсан. 
Бурхан үнэхээр таныг нөхцөл болзолгүй хайраар хайрладаг. Үүнд таны зүгээс шалтгаалж чадах зүйл нэг ч үгүй. Шотландын Клайд голын эрэг дээр нэгэн жижигхэн чулуун сүм байдаг. Тэр чуулганы залуухан пастор хараа нь муудаж сохорч эхэлжээ. Тэгээд хайрлаж явдаг, гэр бүл болохыг хүсдэг эмэгтэйдээ хаягдсаныхаа дараа тэрээр:
“Намайг хэзээ ч орхихгүй тэр л хайрын Эзэн минь 
Таны дотор би сэтгэлээ амраая.
Танаас ирсэн энэ л амьдралаа Тандаа би эргүүлэн барья.
Учир нь Таны дотор байхдаа миний амьдрал 
Далайгаас ч илүү бялхам дүүрдэг
” хэмээн шүлэглэжээ. 
Энэ хүн бол Шотландын нэрт пастор, магтуу дуу зохиогч Жорж Матесон байлаа. Амьдралын хүнд хэцүү нөхцөл байдал дундаас тэрээр Бурханы дуусашгүй хайрыг олсон юм.


АМЬДРАЛААСАА БУРХАНЫ ХАЙРЫГ ОЛЖ ХАРААРАЙ.