БИДНИЙГ САТААРУУЛАГЧ ДУУ ХООЛОЙНУУД

БИДНИЙГ САТААРУУЛАГЧ ДУУ ХООЛОЙНУУД

Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө. (Дуулал 46:10)

Хэн нэгэн хүн бидэнд “Бурхан надад ийм зүйл хэллээ” гэж хэлэх үед бид тэр хүнийг нэг бол их мундаг сүнслэг хүн байна гэж боддог, эсвэл сэтгэцийн асуудалтай хүн байна гэж боддог. Үнэндээ Бурханы дуу хоолойг цаг үргэлж сонсож байгаа юм шиг санагддаг хүмүүсийн хувьд тэд сэтгэцийн асуудалтай биш. Харин тэд шашин шүтлэгтэйгээ холбоотой дуу хоолойг, эсвэл нийгэм соёлын эсвэл энэ дэлхийн дуу хоолойг Бурханы дуу хоолой хэмээн эндүүрч байна гэсэн үг. 
Хуучин Гэрээнд бидэнд сонсогддог гурван янзын дуу хоолойн талаар өгүүлдэг. Эдгээр нь их хотын чимээ шуугиан, шашинлаг байдлын дуу хоолой мөн Бурханы дуу хоолой. Энэ тухай Хуучин Гэрээний Исаиа 66:6 эшлэл дээр өгүүлсэн. Энэ хэсэгт Исаиа хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ болон Бурханы дуу хоолой гэсэн гурван төрлийн дуу хоолойны тухай өгүүлдэг.  
Эхнийх нь их хотын чимээ шуугиан. Энэ дуу хоолой нь өнөөдрийн бидний амьдралын хэв маягийг илэрхийлдэг. Өнөөдөр бидний амьдрал өдрөөс өдөрт хурдан хэмнэлтэй, чимээ шуугиантай, завгүй үймэж бужигнасан байдалтай болсоор байна. Хэвлэл мэдээлэл, медиа, ажлын шахуу хуваарь, ар араасаа үргэлжлэх үйл ажиллагаанууд гээд бидний амьдрал Бурханы намуухан дуу хоолойг сонсоход саад болдог олон чимээ шуугианаар дүүрэн.
Хоёр дахь дуу хоолой бол сүмийн зүгээс гарах чимээ шуугиан байсан. Уг нь эндээс гарах дуу хоолой амар тайван байх ёстой байсан. Гэтэл чимээ шуугианаар бас дүүрэн байсан. Үүгээрээ Исаиа ёс бус байдалд автсан сүмийн тахилч нарыг зэмлэн буруутгасан. Өнөөдөр ч бас бид Исаиагийн нэгэн адил сүм чуулган доторх үнэн зөв болон худал хуурмаг хоёрыг ялгаж салгаж хүлээн авч чаддаг байх учиртай. 
Харин гурав дахь дуу хоолой нь Бурханы дуу хоолой. Энэ бол маш тодорхой, үнэний дуу хоолой. Исаиа номын сүүлийн хэсэгт Бурхан зовлон шаналлынх нь дунд Өөрийн ард түмнээ тайвшруулж буй тухай өгүүлдэг. Энэ бол дэлхийн үймж шуугисан чимээ шуугианаас үл хамааран бидэнд итгэл найдвар, тайвширалыг тунхагласан намуухан дуу хоолой билээ. Гэхдээ энэ нь “бүх зүйл сайхан болно” гэсэн тайвшруулах үгсээр хязгаарлагддаггүй. Харин энэ чимээ шуугиант ертөнц дээр Бурхан Өөрийнхөө ард түмнийг орхилгүй үргэлж хамт байдаг гэдгийг бидэнд илтгэх үнэний үгс ч бас багтдаг.  
Тиймээс бид өнөөдөр ч Исаиа номд бичигдсэнчлэн “Энэ бол зам, үүгээр алхагтун!” хэмээсэн Бурханы дуу хоолойг сонсож чадна. Гэхдээ бид Бурханы дуу хоолойг сонсох үедээ энэ үнэхээр Бурханы дуу хоолой байна гэдгийг хэрхэн мэдэх вэ? 
Дараах гурван бодол танд энэ асуултад хариулахад тус болно. Үнэндээ энэ нь бидний төсөөлдөг шиг тийм ч хэцүү биш.
1. Бурханы дуу хоолой намуун зөөлөн байдаг. Бурханы дуу хоолой бидний эргэн тойронд буй чимээ шуугиантай өрсөлдөн тэмцэлддэггүй. Тиймээс бид анхааралтай сонсох учиртай. Дуулал номд хэлэхдээ “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд” (Дуулал 46:10) хэмээсэн. Энд гарч байгаа “тэмцэлдэхээ больж” гэсэн үгийг өөрөөр “хийж байгаа зүйлээ орхиод” гэж орчуулж болно. Өөрөөр хэлбэл биднийг ядрааж, бидний анхаарлыг сарниулж, биднийг шахалт дарамтанд оруулж буй бүхнээ орхиод Бурханы үг рүү анхаарлаа хандуулах цагийг гарга гэсэн үг. 
2. Бурханы дуу хоолой үргэлж бидний хуучин махбодын хүсэл тачаалын эсрэг зүйлсийг бидэнд хэлдэг. Мөн үргэлж Бурханы үг болох Библийн дагуух зүйлсийг хэлдэг. Тэр утгаараа бид Бурханы хүслийг дуулгавартай дагахын тулд ихэвчлэн тодорхой төлөөсийг төлөх ёстой болдог гэсэн үг. Бидний гэмт мөн чанараас үүдэлтэй арга замууд нь Бурханы арга замуудтай үргэлж зөрчилддөг. Тиймээс ч Бурханы өмнө ирээд шударгаар “Эзэн минь, би Таны нарийн замаар алхахыг хүсэж байна” хэмээн хэлж чадах хүн тийм ч олон байдаггүй.
3. Бурхан дуу хоолой биднээс биднийг биш, харин Бурханыг алдаршуулах зүйлсийг хийхийг сануулдаг. Найз минь, Бурханы дуу хоолойг сонсохыг хүсэгч бүхэнд Бурхан дуу хоолойгоо сонсгосоор байна. Тиймээс та Бурханы дуу хоолойг сонсохыг хүсч тэмүүлээрэй. Магадгүй та ингэж хүсдэггүй учраас л Бурханы дуу хоолойг сонсолгүй явж ирсэн ч юм билүү.


БУРХАНЫ ДУУ ХООЛОЙГ СОНСОХЫГ ХҮСЭН ТЭМҮҮЛ.