БУРХАНЫ ДУУ ХООЛОЙГ БИ ХЭРХЭН СОНСОХ ВЭ?

БУРХАНЫ ДУУ ХООЛОЙГ БИ ХЭРХЭН СОНСОХ ВЭ?

Чих тавин дууг минь чагнаач! Анхаарал тавин яриаг минь чагнаач! (Исаиа 28:23)

Та их хотын дуу чимээнээс алс хол байж үзсэн үү? Уулын орой дээр, эсвэл хээр талд ч юм уу? Магадгүй та нам гүмхэн шөнө, хээр талд тэнгэрийн оддыг ширтэн зогсохдоо ямар гайхамшигтай амгалан тайван, ямар гайхамшигтай нам гүм байгааг мэдэрч байсан байх. Тийнхүү зогсож байхад чинь эргэн тойронд чинь нам гүм байсан, тийм үү? Үнэндээ бол тийм биш! Бидний эргэн тойронд хэдэн мянган янзын чимээ гардаг. Харин зүгээр л бид тэрхүү чимээг барьж сонсож чаддаггүй. Магадгүй хэн нэгэн хүн танаас яг одоо юу сонсож байгааг тань асуувал “Радио сонсож байна” эсвэл “Онлайнаар нэтрүүлэг сонсож байна” гэж хариулж болох. Үнэхээр бидний эргэн тойронд маш олон чимээ шуугиан, дуу хоолой цацагдаж байдаг. Харин бидний чих тэр бүрийг барьж сонсох боломжгүй байдаг. 
Тэгвэл та Бурханы дуу хоолойг сонсож байсан уу? Магадгүй та дотроо “Би Бурханы дуу хоолойг чихээрээ сонслоо гэвэл намайг хүмүүс солиотой хүн гэж бодох байлгүй” гэж бодож болох. Сэтгэцийн эмнэлэгт нэг хүн өөрийгөө Наполеон Бонапарт байна гээд дөвчигнөөд байж гэнэ. Эмч түүнээс “хэн чамд ингэж хэлэв?” гэтэл өнөөх нөхөр “Бурхан хэлсэн” гэж хариулж. Тэгтэл өрөөний нөгөө захаас нэг нөхөр “Би л лав тэгж хэлээгүй шүү” гэж дуу алдсан гэдэг.
Би танаас Бурханы дуу хоолойг сонсож байсан уу? гэж асуухдаа ямар нэгэн этгээд сонин дуу чимээ эсвэл үг яриа чихэнд чинь сонсогдсон эсэх талаар асуугаагүй. Харин Бурхан таны дотроос чихэнд үл сонсогдох тийм дуу хоолойгоор ятгаж “Би чамайг ийм зүйл хийгээсэй гэж хүсэж байна” хэмээн хэлэх шиг болж байсныг та мэдэрч байсан уу? гэсэн утгаар асууж байна. Хэрвээ та энэ асуултад “хэзээ ч үгүй” гэж хариулж байгаа бол та энэ цагт өөрөөсөө “Бурхан надад ямар нэгэн зүйлийг хэлэхийг хүсээд харин би түүнийг нь сонсохгүй эсвэл сувгаа өөрчилчихсөн яваад байсан юм биш биз?” хэмээн асуугаад үзээрэй. 
Эш үзүүлэгч Исаиагаар дамжуулаад Бурхан “Чих тавин дууг минь чагнаач! Анхаарал тавин яриаг минь чагнаач!” (Исаиа 28:23) хэмээн айлдсан. Шинэ Гэрээний Еврей номд хэлэхдээ “...Түүний дуу дэлхийг доргиосон” (Еврей 12:26) хэмээсэн. Гэтэл нөгөөтэйгүүр 1Хаад 19-р бүлэг дээр Елиаг сэтгэлээр унасан байх үед Бурхан түүнтэй намуухан дуу хоолойгоор ярилцсан тухай өгүүлдэг. 
Тэгвэл эндээс би дараагийн асуултыг тавья. “Бурханы дуу хоолойг та Сатаны дуу хоолойноос эсвэл өөрийнхөө амин хувиа хичээсэн хүслээс хэрхэн ялгах вэ?” 
Бурхан Өөрийн хүслийг “Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв” хэмээн Еврей 1:2 дээр бичигдсэн. Тэгвэл Библийн сүүлийн ном болох Илчлэл номд Еүс ийнхүү айлдсан. “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” (Илчлэл 3:20).
Өнөөдөр бид Бурханы үг болсон Библиэр дамжуулан Түүний дуу хоолойг сонсдог. Заримдаа бусад хүмүүс бидэнд Библиэс ярьж өгөх үед эсвэл бид өөрсдөө Библиэ уншаад Бурханы үгийг хүлээн авдаг. Бурхан таны зүрх сэтгэлд Өөрийнхөө хүслийг шууд илчлэхгүй гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ Бурхан танд Өөрийнхөө хүслийг илэрхийллээ гэж бодоход тэр хүсэл хэзээ ч Бурханы үг болсон Библитэй зөрчилдөхгүй. Үүнийг бид үргэлж санах учиртай.
Бурханы дуу хоолойг бид эргэн тойрондоо байгаа өөр чанга дуу хоолойноос болоод тэр бүр анзааран сонсож чаддаггүй. Тэгвэл та Түүний дуу хоолойг илүү тодоор сонсохыг хүсэж байна уу? Тэгвэл Бурханаас танд хандан бичсэн захидал болох Библийг унших цаг гаргаарай. Библиэс уншиж ойлгосон бүхнээ тунгаан бодоорой. Бурханы өмнө залбирч, Түүний дуу хоолойг эрэлхийлээрэй. Бурханы үг танд “Энэ бол мөнхийн улсад хүрэх зам, энэ бол мөнх амийг хүлээн авах зам” хэмээн айлдаж байна. 


БУРХАНЫ ДУУ ХООЛОЙН ӨМНӨ ЧИХЭЭ БӨГЛӨХ НЬ МУНХАГЛАЛ.