ХӨРШӨӨ ХАЙРЛА

ХӨРШӨӨ ХАЙРЛА

“Чи хөршөө өөрийн адил хайрла”... (Матай 22:39)

 “Өвчинд нэрвэгдсэн энэ дэлхийг эдгээх жинхэнэ эм бол хайр билээ” хэмээн Др.Карл Меннингер хэлсн. Энэ үгтэй санал нийлэхгүй хүн цөөхөн болов уу. Гэхдээ дэлхийг бүхлээр нь хайрлах нэг хэрэг. Жишээ нь: Хятад улсыг 1,4 тэрбум хүнтэй нь хайрлах нэг хэрэг. Харин урдах ажлаа хийгээд амьдарч байгаа эгэл жирийн Хятад гэр бүлийг хайрлана гэдэг тэс өөр хэрэг. Тэгвэл “Библи хүмүүсийг бөөнөөр нь хайрлах тухай огт өгүүлдэггүй. Харин хувь хүмүүсийг хайрлах тухай тодорхой тушаал бий” хэмээн Сорен Киркегард хэлсэн.  
Хөршөө хайрлах хайрын тухай ярих амархан. Ингэж ярихад биднээс ямар ч золиос гарахгүй. Гэтэл яг дэргэд байгаа хэн нэгэн хүнээ өөрөө хайрлах, гэр бүлийнхэн ойр дотныхноо хайрлах, тэр бүү хэл бидэнтэй таагүй муухай харьцдаг, бидэнд дургүй, биднээс тэс өөр зан араншинтай хүнийг хайрлах болохоор энэ нь биднээс маш их золиос, зориулалтыг шаардаж эхэлдэг.
Бидэнтэй ойр дотно байдаг эсвэл бидэнтэй адил төстэй хүмүүсийг хайрлах харьцангуй амархан байж мэдэх юм. Гэтэл биднээс тэс өөр хүмүүсийг, олон хоногоор усанд ороогүй, хувцас хунар муутай, өмхий самхай үнэртүүлсэн хүнийг хайрлана гэдэг үнэхээр хэцүү. 
Нэг удаа би өглөө эртлэн босоод Хонгконгт байрлаж байсан зочид буудлаасаа гарч МакДоналдс орохоор явах замдаа нэгэн орон гэргүй эмэгтэйтэй тааралдсан юм. Тэр эмэгтэй хөл нүцгэн байснаас гадна бохир заваан хөнжил нөмрөөд гудамжинд унтаж байв. Түүнийг хараад би түр саатаж юу хийх ёстойгоо бодлоо. Би өөрөөсөө “Хэрвээ миний оронд Есүс энд зогсож байсан бол яах байсан бол?” хэмээн асуусан. “Хөнжлийнх нь буланд мөнгө орхиод явах байсан уу? Хөлийг нь угааж өгөх байсан уу? Ресторанд оруулж хоол авч өгөх байсан болов уу? Яах байсан бол?” Үнэндээ би өөрөөсөө асуусан асуултдаа хэрхэн хариулахаа мэдэхгүй байлаа. 
Мэдээж энэ дэлхий дээр байгаа дутагдаж гачигдсан, зовлон шаналалд унасан бүх хүний хэрэгцээг би хангаж чадахгүй. Та ч мөн адил! Тэр нэгэн удаа гудамжинд унтаж байсан Хятад эмэгтэйн дэргэд юу хийхээ мэдэхгүй хэсэг зогссоны эцэст би юу ч хийж чадалгүй яваад өгсөн. Тийнхүү би өөрийгөө буруутгах буруутгал, эргэлзээ тээнэгэлзлийн хүнд хар бодолд автан цааш алхсан. Би тэр эмэгтэйтэй ярилцсан ч тэр эмэгтэйтэй хэл нэвтрэлцэхгүй шүү дээ гэж би өөртөө хэлж байлаа. Тэгээд ч хэрвээ би мөнгө өгвөл тэр эмэгтэй архи авч уух эсвэл хар тамхи авч хэрэглэхгүй гэх газаргүй шүү дээ хэмээн би өөрийгөө зөвтгөсөн. Тэр эмэгтэйд хэрхэн туслах вэ гэдгээ би огт мэдэхгүй байсан минь надад нэгийг бодогдуулсан.
Хэдийгээр би тэр эмэгтэйд хэрхэн туслахаа мэдэхгүй байж болох ч би хөршүүддээ, гэр бүлийнхэндээ, хамтран ажиллагсаддаа хэрхэн туслахаа мэднэ. Би тэдэнтэй хэл нэвтрэлцэж чадна. Тэдэнд ямар хэрэгцээ байгааг би маш сайн мэднэ. Чухамдаа тийм учраас л Есүс дагалдагч нартаа хөршөө өөрийн адил хайрла гэж хэлсэн (Матай 22:39). Гэхдээ Есүс үүгээр зогсоогүй. Тэр биднийг дайснаа ч хайрла гэж хэлсэн. Бусдыг хайрлах бидний хайр өнгөцхөн төдий хуурамч хайр байх ёсгүй гэдгийг Есүс бидэнд тодорхой хэлсэн. Тэрээр бидэнд хандан “Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун” (Иохан 15:12) хэмээн тушаасан.   
Бусдыг хайрлах хайр биднээс ямагт төлөөсийг шаарддаг. Золиос гаргахгүй, төлөөс төлөхгүйгээр жинхэнээсээ хайрлана гэдэг боломжгүй. 
Эцэст нь хэлэхэд, хэрвээ хайр халамж, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хэн нэгэн хүн тантай таарах юм бол та тэр хүнд тусалж чадна шүү дээ. Харин эсрэгээрээ, хүнд хэцүү нөхцөл байдалд автсан бүхэл бүтэн тосгоны төлөө ямар нэг зүйл хийх ёстой болвол магадгүй та шантрах болно. Тиймээс өнөөдөр тантай тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хэн нэгэн хүн таарвал тэр хүний төлөө ямар нэг зүйлийг заавал хийгээрэй. Энэ бол таны хувьд бусдын төлөө ямар нэгэн зүйл хийх, бусдыг хайрлах, зовж шаналж ганцаардсан хүний амьдралд ганц ч болов тустай зүйл хийж өгөх боломж. Тиймээс өнөөдөр ийм боломж таны өмнө нээгдвэл та энэ боломжийг бүү алдаарай.


ЗОВЖ ШАНАЛСАН НЭГЭНД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАХ ҮЕДЭЭ ЕСҮС ХРИСТИЙН ОРШИХУЙ ТАНТАЙ ХАМТ БАЙГААГ МЭДЭРНЭ.