ЦАГ ХУГАЦАА ХЭЗЭЭ ЗОГСОХ ВЭ?

ЦАГ ХУГАЦАА ХЭЗЭЭ ЗОГСОХ ВЭ?

Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.  Иаков 4:14

Нэгэн залуу гал тэргийн буудал руу хар хурдаара гүйж ирээд буудлын ажилтнаас “08.00 цагийн галт тэрэг хэдээс хөдлөх вэ?” гэж аахилан асууж. Буудлын ажилтан ч “08.00 цагаас хөдөлнө өө” гэж сонин уншингаа тайвнаар хариулав. Нөгөө залуу үргэлжүүлэн “Гэхдээ миний цагаар 07:55 болж байдаг галт тэргийн буудлын цаг 08.05 болж байдаг. Аль цагаар нь явах юм бол?” гэж санаа зовнин асуухад ажилтан егөөтэйгөөр “Та аль ч цагийг нь сонгосон болно аль ч байлаа гэсэн 08.00 цагийн галт тэргэнд сууж амжихгүй. Яагаад гэвэл аль хэдийн хөдлөөд явчихсан” гэж хариулсан гэдэг. 
Бид бүгд хүссэн хүсээгүй цаг хугацааны хохирогчид. Цаг хугацаа гэдэг яг л үл тасрах голын урсгал мэт тасралтгүй урссаар байдаг. Тэгвэл цаг хугацаа гэж юу юм бэ? “Цаг хугацаа гэж юу болохыг хүн бүр л мэднэ” гэж та бодож байна уу? Тийм биш! Цаг хугацаа гэдэг тодорхойлон тайлбарлахад хэцүү зүйл. Эрдэмтэд биологийн цагийн тухай ярьдаг. Зарим цэцэгс өглөө болоход дэлгэрч, орой болоход дэлбээгээ хумидаг. Хэн тэдэнд үүнийг зааж өгөв? Зарим шувууд улирал даган алс хол нүүдэллэдэг. Тэдэнд газрын зураг, луужин, компьютерын чип ч байдаггүй шүү дээ. Гэхдээ тэд хэзээ явахаа, хаашаа явахаа, зорьсон газартаа яаж хүрэхээ мэддэг. Тэдэнд энэ мэдлэгийг хэн өгөв?
Сэр Исаак Ньютон цаг хугацааг хөдлөшгүй абсольют чанартай гэж үздэг байсан бөгөөд ямар ч нөхцөл байдалд цаг хугацаа яг адил хурдтайгаар урагшилж, тасралтгүй үргэлжилдэг хэмээн үзэж байсан. Гэтэл Алберт Эйнштейн үүнтэй санал нийлээгүй. Тэрээр цаг хугацааг харьцангуй гэж үзсэн. Хэрвээ цагийг өөрөөс чинь асар хурдтайгаар холдуулбал тэр цагийн секунд таны бугуйнд зүүсэн цагийн секундээс илүү удаан шилжих болно гэж Эйнштейн үзсэн. Үүнийг Эйнштейн гэрлийн хурдтай холбож тайлбарласан. 
Лондон хотын гаднах Гринвичийн одон орон ажиглах төвийн хананд дараах үгсийг бичжээ. “Хэрвээ цаг хугацаа абсольют чанартай биш бол үүнийг өөрчлөлтөөр тодорхойлох боломжтой гэсэн үг. Тэгвэл өөрчлөлт зогсох мөч гэж байх уу? Термодинамикийн хуулиар энерги нь илч хэлбэрээр халуунаас хүйтэн объект руу шилждэг. Хэзээ ч эсрэгээрээ шилждэггүй. Тэгвэл цаг хугацааны аясаар энэ нь бүх энергийн ялгааг тэнцвэртэй байдалд хүргэх болно. Үүнийг энтропи гэж нэрлэдэг. Цаг нь ирэхэд орчлон ертөнц бүхэлдээ энтрипи хэлбэрт шилжих болно. Бүх зүйлийн халуун хүйтэн тэнцэнэ. Тэр цагт ямар ч өөрчлөлт явагдахаа болино. Тийнхүү цаг хугацаа ч мөн зогсох болно”.
Давид ч бас цаг хугацаа, амьдралын утга учрыг эргэцүүлэн бодсон байдаг. Тэгээд тэр ямар дүгнэлтэд хүрсэн бэ? Давид “Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. ... Учир нь энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог” (Дуулал 90:10) хэмээн шүлэглэсэн.
Хамгийн хачирхалтай нь бид өөрсдийнхөө ирээдүйн цаг хугацааг хэзээ ч бүрэн тодорхой мэдэж чадахгүй. Хэдийгээр бид ирээдүйгээ төсөөлөн төлөвлөж болох ч Бурханы төлөвлөгөө биднийхээс тэс өөр байх боломжтой. Хэн нэгний эмгэнэлийн үгэнд тэдний амьдрал үйлсийн тухай өгүүлдэг. Тэдний зарим нь 80, 90 насалсан байдаг бол зарим нь цэл залуухнаараа хорвоог орхисон байдаг.
Хэрвээ Бурхан 08.00 цагийн галт тэрэг хөдлөх боллоо л гэсэн бол таны цаг эсвэл галт тэргийн буудлын цаг хэдийг зааж байх нь хамаагүй. Тиймээс миний хувьд 08.00 цагийн галт тэргээр тэнгэр лүү явах болбол тэр цагт яарч сандрах биш, харин ч тээшээ бэлдчихсэн бэлэн хүлээж байхыг хүснэ. 


“ӨДӨР ХОНОГ ЦӨВҮҮН ТУЛ ЦАГИЙГ ҮНЭЛ” ХЭМЭЭСЭН ПАУЛЫН ХЭЛСНИЙГ БҮҮ МАРТ!