ГАШУУДАГСДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

ГАШУУДАГСДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Матай 5:4

“Ээж маань өөд болсноос хойш эгч маань ээжийн тухай болон хуучин амьдралынхаа талаар огт дурсахаа больсон. Яг л амьдралынхаа тэр хэсгийг мартчихсан юм шиг, тийм зүйл огт болоогүй юм шиг байх болсон” гэж нэгэн найз маань эгчдээ хэрхэн туслах аргаа олохгүй гайхан хэлсэн юм. 
Заримдаа бид өөрсдийнхөө мэдэрч буй зовлон шаналал, уй гашууг хүчээр дарж нуух юм бол тэр зовлон үгүй болчих юм шиг санадаг. Гэтэл үнэн хэрэгтээ бид энэ мэдрэмжээ хэдий чинээ хүчлэн дарна төдий чинээ хүчтэй бөглөрөл бидний дотор үүсч эцсийн дүндээ тэр нь галт уул мэт дэлбэрч орхидог. 
Рут ч гэсэн яг л ийм байдалд орсон. Түүний 6 настай хүү хорт хавдраас болж нас барах үед тэр уруулаа тас жимийжээ. Тэр огтхон ч уйлсангүй. “Дэвид хүү маань Бурхантай хамт байгаа хойно би яах гэж гашуудах юм бэ?” хэмээн тэр тайлбарлана. Ийнхүү бүтэн хоёр жилийн туршид тэр сэтгэл хөдлөлөө дарж амьдарчээ. Эцэст нь тэр дэлбэрч, энэхүү дэлбэрэлт түүний амьдралыг бүхэлд нь нурааж орхисон юм. 
Есүс хэлэхдээ “Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно” (Матай 5:4) хэмээн айлдсан. Хэрвээ гашуудахгүй юм бол тайвшрал эдгэрэл ирэхгүй гэдгийг Есүс энд тодорхой хэлсэн. Үнэндээ бидний амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн. Бидний өөрсдийнхөө амьдралд хэзээ ч хүсэхээргүй тэр зүйлс бидний амьдралд тохиолддог. 
Ийм уй гашуу тохиолдох үед бид Есүсийн сургаалаас үүдэлтэй дараах 3 зөвлөмжийг дагах хэрэгтэй. 
Зөвлөмж #1: Уй гашуугаа ил гарга. Өөрийн дотор төрж буй сэтгэлийн шаналалыг ил гарган ярь. Уй гашуугаа хуваалц. Сэтгэлээ онгойтол уйл. Сэтгэлд дотно сайхан дурсамжуудаа дурсан ярь. Гэхдээ дараах алхмуудыг бүү хий. “Ингэсэн бол яах байсан бол...” гэх мэтээр ургуулан бодож өөрийгөө бүү зовоо. Бусдыг бүү буруутга. Хэрвээ хэн нэгэн хүн буруутай бол тэдний мөс чанар нь тэднийг яллах болно. Өөд болсон нэгнийг дурсан сануулах зураг, дэвтэр зэргийг бүү нуу. 
Зөвлөмж #2: Итгэлээ өөртөө шингээ. Өөрөөр хэлбэл Бурханы тухай үнэнийг өөртөө хэлсээр бай. Бурхан танд хайртай гэдгийг, Бурхан Өөрт нь итгэж найдсан нэгэнд хоргодох газар болдог гэдгийг өөртөө сануулсаар бай. Бид Бурханы өршөөл нигүүлсэлийг хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож ухаарч чадахгүй. Гэхдээ бидний амьдралд хүнд хэцүү асуудал тулгарах үед, бидний амьдралд уй гашуу тохиох үед л Бурханы өршөөл нигүүлсэл, хайр энэрэл ямар их юм бэ гэдгийг бага ч болов ойлгодог гэж би боддог. 
Зөвлөмж #3: Найдвараа ил гарга. Бурханд итгэх итгэл дотор нас барсан хүмүүс Бурхантай хамт байгаа юу? Байгаа. Бид нэг өдөр тэдэнтэйгээ уулзах уу? Уулзана. Бурхан бидний нүднээс нулимсыг арчих уу? Арчина. Бид зөвхөн өнөөдрөө биш харин мөнхийн ирээдүйгээ харах учиртай. Тийнхүү тэдгээр чухал үнэнийг бид өөртөө сануулж, тэр л үнэнд итгэх итгэлээр амьдрах хэрэгтэй. 
Есүс бидэнд “Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно” гэж хэлсэн. Энэ тайвшрал гурван газраас ирдэг. Бурханаас, гэр бүл найз нөхдөөс мөн Библиэс. 
Библи бидэнд хэлэхдээ “Итгэлтнүүдийнх нь үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэй” (Дуулал 116:15) гэсэн байдаг. Шинэ гэрээг унших юм бол бид итгэгч хүмүүсийн амьдралд тохиолдож байгаа бүхэн санамсаргүй тохиолдол биш гэдгийг харж болно. Таны амьдралд юу ч тохиолдсон бай Бурхан түүнийг чинь мэдэж байгаа, харж байгаа.  
Нөгөөтэйгүүр таны амсаж байгаа зовлон бэрхшээл, ганцаардал, уй гашуу хичнээн их байсан ч таныг хайрлаж байдаг Бурханы хайр түүнээс ч илүү агуу бөгөөд юу ч таныг Бурханы мутраас булааж чадахгүй гэдгийг та битгий мартаарай. Хэрвээ та амьдралд чинь юу тохиолдоод байгааг ойлгохгүй байгаа бол, амьдралынхаа зорилго утга учрыг алдсан юм шиг санагдаж байгаа бол өөрийнхөө үнэн гэж мэдэж байгаа тэр зүйлээс зуураарай. Элч Паул нэгэнтээ “Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,  өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна” (Ром 8:38-39) хэмээн өчсөн байдаг. Энэ үг одоо ч үнэн хэвээрээ байна.