БУРХАН ДУУГАРАХГҮЙ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАХ ҮЕД

БУРХАН ДУУГАРАХГҮЙ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАХ ҮЕД

Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө. Дуулал 46:10

Бид Бурханд хандан залбирсны дараачаас Бурханы мутар бидний төлөө хөдөлж эхлэх тэр хормыг Эми Кармайкл “1000 жил мэт санагдах ганц хором” гэж нэрлэсэн байдаг. 
Жон Эблинг коллежоо төгсөөд удаагүй байхдаа чухамдаа энэ л 1000 жил мэт санагдах ганц хормыг мэдэрсэн байдаг. Тэр өөрөө илгээлтийн эзний хүү учраас Бурхан тэдний гэр бүлийг хэрхэн ивээж, Хятадад үйлчилж байхад нь Бурхан хэрхэн хамт байсныг сайн мэддэг байж. Бурхан залбирлыг сонсож, гуйлтанд хариулдаг гэдгийг ч Жон маш сайн мэддэг байж. Гэвч гэр бүл зохиогоод удаагүй байгаа залуухан эцэг, залуухан нөхөр Жоны хувьд санхүүгийн дарамт, сургуулийнхаа хажуугаар ажлаа амжуулах ачаалал маш хүндээр тусч байлаа. Тиймдээ ч Жон Бурхан гуйлтанд хариулдаг гэдгийг бараг мартаж орхисон байна. 
Гэвч Бурхан түүнийг цөхөрч гүйцээд байх тэр үед гуйлтанд нь гайхамшигтайгаар хариулсан. Тэр цаг үе бол түүний хувьд “1000 жил мэт санагдах ганц хором” байсан юм. Харин өнөөдөр тэр цагаас хойш 30 жилийн дараа Жон олон олон саад бэрхшээлүүдийг даван Бурхантайгаа хамт алхсаар л байна. Бурхан залбиралд нь хариулахгүй байгаа юм шиг санагдах үед тэрээр өөртөө “Бурханы цагийн хуваарь биднийхээс ихэвчлэн өөр байдаг” хэмээн сануулсаар өдий хүрчээ. 
Нөхцөл байдал буруугаар эргэж, амьдрал арзгар болж, цөхрөнгөө барах тэр цагт бид “Бурхан минь Та хаана байна вэ?” гэж дуу алддаг. “Хүүхдийн минь амь нас дээсэн дөрөөн дээр ирээд байна. Танд хамаагүй гэж үү?” хэмээн хашхирдаг. 
Есүсийг дагаж байсан дагалдагч нар ч мөн ийм байдалд орж байсан. Тэд Галил тэнгисийг нэгэн жижигхэн завиар гатлан явах үед Есүс ядарч туйлдсандаа завин дотор унтаж байжээ. Харин тэр үед хүчтэй салхи дэгдэж тэдний сууж явсан завь хөмрөх шахсан. Хэдийгээр дагалдагч нар нь туршлагатай загасчид байсан ч салхи улам бүр ширүүсэн гарцаагүй сүйрлийн өмнө тулж иржээ. Уг нь Есүс завин дээрээ хэдхэн хором л дуг хийсэн. Гэвч энэ нь дагалдагч нарынх нь хувьд 1000 жил болох мэт санагдсан. Харин Есүс сэрээд тушаахад тэр дороо хүчлэн үлээж байсан салхи зогсож, оволзож байсан давалгаа намдсан.
Зовлон шаналал дунд Бурхан бидний залбирлыг сонсож хариулдаг. Бурханы туслалцаа бидний амьдралд ирэх тэр хугацаа Бурханы мөнх оршихуйн үүднээс аваад үзэх юм бол үнэндээ ганц хором ч хүрэхгүй хугацаа. Гэвч нөхцөл байдлын хүчинд автагдсан бидний хувьд тэр нь 1000 жил өнгөрөх мэт санагддаг. 
Магадгүй өнөөдөр таны амьдралд яг л ийм 1000 жил мэт санагдах хором үргэлжилж байж болох юм. Та Бурхан руу хандан хашхирсан ч Бурхан хариулахүй байгаа юм шиг танд санагдаж байж болох юм. Хэрвээ тийм бол та бүү цөхөр. Бурхан тантай хамт байгаа. Тэр Өөрийн товлосон цагтаа танд хариулах болно. Харин тэр цаг хүртэл бид Бурхан Эцэгтээ бат итгэж, Түүний хүсэл зориг хамгийн сайн нь гэдгийг санах учиртай юм. Тиймээс тэвчээртэй байгаарай, найз минь. 


1000 ЖИЛ МЭТ САНАГДАХ ГАНЦ ХОРОМ ЧИНЬ УДАХГҮЙ ДУУСНА