ТА ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА ВЭ?

ТА ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА ВЭ?

Үйлсээ ЭЗЭНд даатга, бодол санаа чинь биелнэ. Сургаалт үгс 16:3

Олон жилийн өмнө Америкт цагаачилж ирсэн нэгэн эр амьдралаа босгох гэж олон жил шаргуу хөдөлмөрлөжээ. Тэрээр олон цагаар ажиллаж олсон ашгаараа жижигхэн дэлгүүр нээсэн байна. Тэрээр худалдан авагчдаа халамжилж, үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлээсээ үйлчилдэг байв. Түүний энэ бүх шаргуу хөдөлмөр ч үр дүнгээ өгчээ. Тэрээр хүүгээ өөрөөсөө илүү хүн болгох гэж байдгаараа хичээдэг байсан учраас хүүгээ хамгийн сайн гэсэн их сургуульд явуулсан байна. 
Улмаар хүү нь ч сургуулиа төгсөөд эргэж ирсэн байна. Тэгээд хүү нь ирсэн даруйдаа аавынхаа данс хөтлөлтийг шүүмжилж, орчин үеийн компьютержсэн хэлбэр лүү шилжихийг санал болгожээ. Харин аав нь хүүхдээ “Миний санхүүгээ барих төлөвлөгөө маш энгийн. Аав нь анх өмсөж байгаа өмднөөсөө гадна 100 доллартай бизнесээ эхлүүлж байлаа. Тэгэхээр одоо байгаа нийт хөрөнгөнийхөө үнийн дүнгээс миний өмсөж байгаа өмд болон 100 долларыг хасахад л миний нийт ашиг гараад ирнэ” гэж хариулсан гэдэг. 
Олон жилийн өмнө олсон мөнгөө тамхины хайрцганд хадгалаад, санхүү бүртгэлээ гар аргаар хийхэд болдог байсан байж болно. Харин одоо цаг өөр болжээ. Санхүүгийн байдлаа нарийн нягталж явахгүй бол аливаа бизнес дампуурахад хүрэх болно. Тиймээс ч бизнесийн хувьд стратегийн төлөвлөгөө гэдэг маш чухал. Зөвхөн бизнест ч биш бидний сүм чуулган, бидний үйлчлэл, бидний хувийн амьдралд ч амин чухал. 
Танд юу хийх ёстойг чинь хөндлөнгөөс хэлж өгч чадах хүн олон байж болно. Гэхдээ таны амьдралыг танаас илүү мэдэх, таны амьдралд танаас илүү санаа тавих, таны амьдралыг танаас илүү босгож чадах нэгэн гэж хаана ч үгүй. Бизнесийн зөвлөх Деннис Вэйтли хэлэхдээ “Ихэнх хүмүүс нэг жилд хийх ажлаа хэтэрхий ихээр тооцдог хэрнээ таван жилд хийх ажлаа хэтэрхий багаар тооцдог” гэсэн байдаг. Энэ бол үнэн үг. Бидний ихэнх нь өдөр тутмын тулгамдсан асуудлуудтайгаа зууралдсаар хамаг цагаа бардаг. Гэтэл үнэндээ бидний өмнө тулгамдаад байгаа асуудлууд нь ач холбогдлын хувьд тийм ч өндөр зүйлс биш байдаг. 
Тэгвэл Есүс хэлэхдээ “Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ?” (Лук 14:28) хэмээн сануулсан байдаг. Зорилго зорилт, өртөг зардал, нөөц бололцоогоо нарийн тооцоолсон тооцоолол үүнийгээ ажил хэрэг болгох алхам тутмын төлөвлөгөө байхгүй бол бид өөрсдийн санаа, хүсэл мөрөөдлийг хэзээ ч ажил хэрэг болгож чадахгүй. Есүс энд хэлэхдээ “эхлээд суугаад, тооцоолно” гэж хэлсэн. 
Үнэндээ бизнесийг амжилттай болгодог тэр зарчмууд бидний гэр бүл, амьдрал ахуй, үерхэл нөхөрлөлд ч адилхан үйлчилдэг. Сайтар төлөвлөсөн өндөр зэрэглэлийн гүйцэтгэл бидний амьдралын бүхий л талбарт амжилтыг авчирч чаддаг. 
Тэгвэл бидний амьдралд амин чухал зүйл болох тэрхүү стратегийн төлөвлөгөөг боловсруулахдаа бид Бурханы удирдамжийг эрэлхийлэх нь чухал. Францис Шефферээс 5 жилийн төлөвлөгөөг нь асуух үед тэрээр “Миний амьдралд хандсан төлөвлөгөөгөө Бурхан надад хараахан илчилж өгөөгүй байна” гэж хариулсан гэдэг. Энэ бол үнэхээр гайхалтай үг. Мэргэн хүн бол Бурханыг хамгийн чухал хамтрагчаа гэж үздэг. Сургаалт үгс номонд бичигдсэн дараах үгс надад үнэхээр онцгой санагддаг. “Зүрхний төлөвлөгөө хүнээс. Хэлний хариулт ЭЗЭНээс. Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр ч Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ.  Үйлсээ ЭЗЭНд даатга, бодол санаа чинь биелнэ” (Сургаалт үгс 16:1-3). Энэ бол үнэхээр үнэн үг. 


ТА ЭЗЭНД ҮЙЛСЭЭ ДААТГААРАЙ. ТЭГВЭЛ АМЖИЛТАД ХҮРЭХ БОЛНО.