БҮТЭЛГҮЙТЭЛ ДУНД Ч БУРХАНТАЙ ХАМТ

БҮТЭЛГҮЙТЭЛ ДУНД Ч БУРХАНТАЙ ХАМТ

ЭЗЭН, Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв. 1 Саумел 18:14

Бизнесийн салбарт стартегийн төлөвлөгөө бол амжилтад хүрэх хамгийн чухал түлхүүр гэж сургадаг. Зорилгоо тодорхойлох, түүндээ хүрэх төлөвлөгөөгөө боловсруулахын ач холбогдлыг үгүйсгэх хүн нэг ч үгүй бизээ. Тэгвэл Бурханы үг, Түүний амлалтыг гол үнэт зүйлээ болгож явдаг хүн бизнесийн талбар дээр амжилт гаргахын тулд яах ёстой вэ? Бизнесийн амжилтыг юу гэж харах вэ? Хийж байгаа бизнесээ зөвхөн хэрэгтэй санхүүгээ олох хэрэгсэл гэж харах уу? Ариун Сүнсний удирдамжийг бизнесийн салбартаа хэрхэн холбож ойлгох вэ? 
Библи дээр бидний амьдралын амжилт эсвэл бүтэлгүйтэлд Бурханы оролцоо бий гэдгийг тодорхой хэлсэн. Жишээ нь Дуулал 1-р бүлэгт Давид Бурханы үгийн дагуу алхдаг хүний тухай өгүүлэхдээ “Аливаа үйл нь түүнд амжилтыг авчирна” (1:3) гэсэн байдаг. Бизнесийн талбар болон стратегийн төлөвлөгөөндөө Бурханы хүслийг эрэлхийлэх нь зөв алхам мөн. 
Библи дээр амжилт гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлдог болохыг харцгаая. Хуучин гэрээг гүйлгээд уншихад л Саул хаан ирээдүйг мэдэхээр үзмэрч дээр очиж байгаа, Израилийн хаад Бурхантай зөвлөлдөлгүйгээр дайн тулаанд орж байгаа зэргийг харахад Бурханыг үл тоосон хүний амьдрал бүтэлгүйтдэг, Бурханд итгэж найдсан хүний амьдрал ерөөгддөг зүй тогтлыг бид хялбархан харж чадна. 
Библи дээр “тэр Эзэнтэй зөвлөлдсөнгүй” гэсэн үг дахин дахин давтагдаж байгаа. Өнөөдөр та ажлынхаа талбар дээр шилдэг мэргэжилтэн байж болно. Та зах зээлийн судалгаагаа хамгийн сайнаар хийж, нөөц бололцоогоо хамгийн сайнаар тооцоолсон байж болно. Гэхдээ та үүнийхээ хажуугаар “Бурхан минь, би юу хийх ёстой вэ? Энэ тал дээр Таны хүсэл юу вэ?” хэмээн асуусан уу? 
Бүх зүйл зөвхөн танаас хамаарч байгаа мэтээр ажилла, бүх зүйл зөвхөн Бурханаас хамаарч байгаа мэт залбир. Энэ хоёрыг хамтатгасан байхад та хэзээ ч буруутахгүй. 
Олон тохиолдолд бид Бурханыг хамгийн сүүлийн вариант болгон сонгодог. Бид өөрсдийнхөөрөө оролдоод бүтэхгүй болохоор нь залбирч эхэлдэг. Хөлөг онгоцыг живж эхлэх хүртэл өөрсдөө зүтгээд живээд эхлэх үед нь Бурханаас тусламж гуйн хашхирч эхэлдэг. Гэтэл үнэндээ бид эхнээсээ Бурханд итгэж найдаж байсан бол тийм байдал орохгүй ч байж болох байсан шүү дээ. Мэдээж асуудал бэрхшээлийн дунд Бурхан бидэнтэй хамт байдаг. Гэхдээ асуудалд орохоос чинь ч өмнө Бурхан таны хөлийг чиглүүлэн удирдахдаа ч бэлэн байдаг гэдгийг санаарай. 
Эцэст нь хэлэхэд, Бурханд итгэх нь биднийг хичээн зүтгэж, хамгийн сайнаараа ажиллаж, шаргуу хөдөлмөрлөхөд саад болох ёсгүй. Гэхдээ нөгөөтэйгүүр бид хичнээн сайн төлөвлөж, хичнээн шаргуу хөдөлмөрлөсөн ч зөвхөн Бурханы л мэдэх, бидний үл мэдэх хүчин зүйлс бидний амьдралд нөлөөлж байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. 
Нөгөөтэйгүүр та Бурханыг эрүүл мэнд, аз жаргал, эд хөрөнгөнд хүрэх үүд хаалга гэж бүү хараарай. Харин Түүнийг тантай хамт алхаж, өгсөж уруудах амьдралын дунд, ололт амжилт, уналт бүтэлгүйтлийн чинь үед тантай хамт байдаг Нэгэн хэмээн хараарай. 


ТЭНГЭРЛЭГ ЭЦЭГ ЧИНЬ БҮГДИЙГ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ