ЕРӨӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

ЕРӨӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ!  Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм. Матай 5:11-12

Нэгэн баян хүн маш өндөр үнээр Ломбаргини хэмээх спорт машин худалдаж авчээ. Тэгээд тэр нутгийнхаа нэгэн католик ламтан руу утасдаад шинэ машиныг нь ерөөж өгөөч гэж гуйж гэнэ. Гэтэл нөгөө ламтан эргэлзэнгүйгээр “Ламборгини гэдэг чинь юу билээ?” гэж асууж гэнэ. “Хэрвээ та үүнийг юу гэдгийг нь мэдэхгүй бол яаж ч ерөөх билээ дээ” гэж хэлээд нөгөө хүн утсаа тавьж гэнэ. Тэгээд тэр нэгэн пастор луу утасдаад шинээр авсан спорт машиныг нь ерөөж өгөхийг гуйжээ. Тэгтэл цаадах нь “Ламборгини уу? Пөөх, гайхалтай. 3 секундэд 100 км.цаг хурд авна шүү дээ. Дэлхийн хамгийн хурдан машин” гэж дуу алдаж гэнэ. Тэгснээ эргэлзэнгүйгээр “Тэгээд та машинаа ерөөж өгөөч гэж надаас хүсэж байгаа юм уу? Ерөөл гэдэг чинь ер нь юу билээ?” гэж асуусан гэдэг. 
Өнөөдөр маш олон хүмүүс Бурханаас ивээл ерөөлийг авахын тулд Бурхан дээр ирж байна. Тэд Бурханы ивээл ерөөл гэдгийг гэнэтхэн аз жаргалтай, амжилттай, баян чинээлэг болгох ид шид мэтээр төсөөлдөг. 
Тэгвэл Бурханы өршөөл, Бурханы ивээл ерөөл гэж юу юм бэ? Хүмүүс ивээл ерөөл гэдгийг аз жаргал гэж боддог. Үгүй ээ. Бурханы ивээл ерөөл гэдэг бол Бурханы өршөөл нигүүлсэлээр бидний амьдралд ирдэг Түүний ОРШИХУЙ юм. Түүгээр дамжуулан бид хүчийг олж, урам зориг орж, туслалцааг авдаг. 
Тэгвэл аз жаргал гэдэг үг нь ийм утгатай юу? Үгүй ээ, огт тийм биш. Англи хэлэнд аз жаргал буюу happy гэдэг үгийн үндэс нь hap гэсэн үг байдаг. Энэ  үг нь “аз, тохиолдол” гэсэн үг. Аз жаргал гэдэг үгийн үндэс болж байгаа “аз” гэдэг үг нь Бурханы ивээл ерөөл гэдэгтэй огтхон ч адил утгатай биш. 
Жишээ нь та өлсөж ядраад явж байтал гудамжнаас 100 доллар оллоо гэж бодъё. Та эргэн тойрноо хартал хэн ч байхгүй. Та тэр мөнгийг аваад шууд хоол олж идэхээр явжээ гэж бодъё. Энэ тохиолдолд та “Аз жаргалтай хүн үү? Ерөөгдсөн хүн үү?” магадгүй аль аль нь ч байж болно. Гэхдээ нэг зүйл тодорхой. Мөнгө чинь дуусах үед та дахиад өлсөнө. Харин Бурханы ивээл ерөөл хэзээ ч дуусдаггүй. 
Нөгөө талаас та аз жаргалтай биш байх үедээ ч ерөөлийг авч болно. Жишээ нь Есүс “та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ” гэж хэлсэн. Энд “аз жаргалтай яа” гэж хэлсэн үү? Үгүй ээ. “Ерөөлтэй еэ” гэж хэлсэн. Ийм нөхцөл байдал дунд аз жаргалтай байдаг хүн бол сэтгэцийн хувьд асуудалтай хүн байна. Эндээс харах юм бол Бурханы ерөөл гэдэг бидний мэдэрдэг аз жаргалаас илүү гүн гүнзгий ойлголт болж таарч байна. 
Бурханы ерөөл бидний амьдралд ирэхдээ ихэвчлэн дүрээ хувилган ирдэг. Заримдаа зовлон бэрхшээлийн дүрээр ирдэг. Бидний сайн дураараа хэзээ ч сонгохооргүй тэр дүрээр ирдэг. Гэхдээ нөгөөтэйгүүр тэр бүх зовлон бэрхшээлийн дунд Бурханы мутар хэрхэн ажиллаж, бидний амьдралыг хэрхэн хамгаалж, босгож, хүчирхэгжүүлж байгааг бид хардаг. Энэ бол жинхэнэ ерөөл юм. 
Хэрвээ та аз жаргалыг амьдралынхаа гол зорилгоо болгох юм бол энэ хэзээ ч удаан үргэлжлэхгүй. Харин та Төгс хүчит Бурханаас ирэх ерөөлийг эрэлхийлэх юм бол энэ нь таны амьдралд урам зоригийн эх үндэс болно. Яг л газар доороос тасралтгүй ундрах горхи шиг Бурханы ивээл ерөөл таны амьдралын талбар бүрт урссаар байх болно.