ӨНГӨРСӨН БҮХЭНД ЦЭГ ТАВЬ

ӨНГӨРСӨН БҮХЭНД ЦЭГ ТАВЬ

Өрнө нь дорноос хол байдаг адил гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан. Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг. Дуулал 103:12-14 

Эхний дүр зураг, Боинг 747 онгоц сүйрсэн газарт автобус дүүрэн хүмүүс ирж эмгэнэл илэрхийлэн, цэцэг өргөж, чин сэтгэлээсээ залбирцгаана. Хоёр дахь дүр зураг, 21 настай хүүгийнхээ шарилын өмнө эцэг нь өвдөг сөгдөн суугаад “Аав нь чамаараа ямар их бахархаж, ямар их хайрлаж явдгаа хэлж амжсангүй дээ” хэмээн харуусан уйлна. Гурав дахь дүр зураг, орой гэрлүүгээ харьж явахад нь охиных нь амийг хөнөөсөн этгээдийг хэрхэн цаазлахыг харахаар цугларсан дүнсгэр царайтай гэр бүлийнхэн. 
Ийм байдалд орсон бүх хүмүүс бүгд адилхан нэг зүйлийг зүрх сэтгэлдээ эрэлхийлж байдгийг сэтгэл судлаач нар баталжээ. Энэ бол болсон явдалд цэг тавих явдал. 
Өнөөдөр дэлхий даяар хүмүүс хэзээ ч дуусашгүй мэт санагдах уй гашуугаа тээн амьдарсаар. Дайн тулаанаас үлдсэн сэтгэлийн шарх, хайртай дотны хүнээ алдсан уй гашуу, үнэ цэнэтэй зүйлээ алдсан уур хилэн, хорсол занал энэ бүхнээ тээн амьдарсаар насыг бардаг хүмүүс олон. 
Тэгвэл өнгөрсөн бүхнийг ардаа орхин цэг тавих нь сайн зүйл үү? Муу зүйл үү? Үнэндээ энэ бол маш сайн зүйл. Зарим хүмүүс бүх амьдралынхаа туршид шархаа тээсээр амьдардаг. Нүдэнд харагдахгүй л болохоос үхлийн шархаа тээн амьдарсаар л байдаг. Тэгвэл өнгөрсөн амьдралдаа цэг тавина гэдэг нь Бурханы өршөөл нигүүлсэлд итгэж, үргэлжлүүлэн амьдрах хүч чадлыг Түүнээс олж, бусдыг уучлан өршөөхөд шаардлагатай уучлал нигүүлсэлийг Бурханаас хүлээн авч, цааш алхахын нэр юм. Таны хэзээ ч өөрчилж чадахгүй тэр зүйл таны амьдралыг сүйрүүлэн устгахыг та хэзээ ч бүү зөвшөөр. 
Нөгөөтэйгүүр хүмүүсийн хувьд зайлшгүй цэг тавих хэрэгтэй байдаг өөр нэг асуудал бол “Бурхан намайг уучилсан болов уу үгүй болов уу” гэсэн эргэлзээ. Өнгөрсөн амьдралдаа гаргасан алдаа зөрчил гэм нүглээсээ болоод хүмүүс өөрсдийгөө зэмлэн буруутгасаар амьдардаг. Үр хүүхэд нь өвдөөд эмнэлэгт хэвтвэл “Бурхан миний нүглийг шийтгэж байгаа юм биш байгаа?” гэж хиртхийдэг. Олон жилийн өмнө гаргасан алдаагаа олон жилийн дараа ч санаж, өөрийгөө буруутгаж, Бурханы уучлал өршөөлд эргэлзсээр амьдардаг. 
Гэтэл үнэндээ та бид өөрсдөө ойлгосон эсэхээс үл шалтгаалаад Бурхан Өөрт нь итгэгсдийн гэм нүглийг уучлан өршөөж, дахин дурсдаггүй гэдгийг Библи бидэнд батлан хэлдэг. Исаиа 43:25 дээр Бурхан айлдахдаа “Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй” гэсэн байдаг. 
Мика 7:19 дээр “Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна” гэж бичигдсэн байдаг. Бас Дуулал 103:12 дээр “Өрнө нь дорноос хол байдаг адил гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан” хэмээн бичигдсэн байдаг. 
Энэ бүхнээс харах юм бол хэрвээ бид Бурханы өмнө ирээд гэмших юм бол, гэм нүглээ улайх юм бол Бурхан тэр бүх асуудалд цэг тавьдаг. Бүх хэргийг хавтсанд хийгээд “хэргийг хаалаа” гэсэн дардсыг дардаг. Хэрвээ Бурхан нэгэнт цэг тавьсан бол дахиж хэзээ ч сөхөхгүй. 
Гүн ухаантан Аристотел хэлэхдээ “Эхлэл, өрнөл, төгсгөл гурав нийлж байж бүтэн болдог юм” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл үүний нэгэн адил таны гэм нүгэлд Бурхан цэг тавьж, төгсгөж өгснөөр таны амьдрал Бурханы өмнө бүтэн болсон юм шүү.