ЖИНХЭНЭ ХАЙР

ЖИНХЭНЭ ХАЙР

Тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун. Ром 15:7

Хүний биеийн нэгэн гайхамшигтай чанар бол дотор нь орсон гадны бүх зүйлийг түлхэх чанар юм. Жишээ нь би сарнайн бутаа арчилж байгаад эрхий хуруундаа өргөс оруулчихжээ гэж бодъё. Тэр тохиолдолд би зүүгээр ухаж төнхөлгүйгээр зөнд нь орхичихож болно. Ингэвэл хэд хоног хөндүүрлэж байгаад л өргөсний эргэн тойрон дахь хэсэг хатуурч, өргөсийг гадагш түлхэж эхэлнэ. Улмаар өргөс биенээс түлхэгдэн аажмаар ил гарч эхэлнэ. Тэр үед нь би хямсаагаар татаад авчихад л болно гэсэн үг. 
Тэгвэл бидний өдөр тутмын харилцаан дээр ч энэ зарчим адилхан үйлчилдэг. Бидний хуучин мөн чанар маань бидний дотор өөрийн эрх чөлөөнд халдсан хэн бүхнийг эсэргүүцэх хандлагыг бий болгосон байдаг. Гэр бүлийн зөвлөгөө өгдөг зөвлөгч нар гэр бүл, хамтын амьдралд саад болдог хамгийн том асуудал бол “амин хувиа хичээх үзэл” гэдгийг нэг дуугаар хүлээн зөвшөөрдөг. Энэ нь “Бүх зүйл минийхээр болно. Хэрвээ чи аз жаргалтай байя гэвэл миний төлөвлөгөөг дага” гэсэн байр суурь юм. Энэ бол нэг талаасаа харийн биетийг эсэргүүцэх зарчим бөгөөд харамсалтай нь энэ нь бидний харилцааг юу ч үгүй устгаж нураадаг. 
Энэ асуудлыг шийдэхийн тулд бид маш хүчтэй, мөн маш өндөр өртөгтэй эмийг ашиглах ёстой. Энэ бол хайр юм. Гэхдээ зүгээр нэг хайр биш харин Шинэ гэрээн дээр бичигдсэнчлэн АГАПЕ ХАЙР юм. 
Магадгүй та “Би ямар Грек хэлний мэргэжилтэн биш, агапе хайр гэдэг нь юу гэсэн үг юм бэ?” гэж бодож байж болох юм. Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа бидэнд хэрэгтэй тэр хайр бол бидний мэдэх хайраас тэс өөр хайр гэдгийг онцолж байсан юм. Энэ хайрын утгыг илүү тодорхой болгохын тулд Шинэ гэрээн дээр агапе гэсэн үгийг ашигласан байдаг. Бурхан Өөрийн хүүг бидний төлөө дэлхий рүү илгээхдээ хэний ч төсөөлөхийн аргагүй золиосыг гаргасан юм. Бурханы энэ л хайрыг хүлээн авсан хүмүүс өөрийн амин хувиа хичээсэн үзлийг хойш тавиад бусдын ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж чаддаг. 
Өөрөөр хэлбэл агапе хайр нь маш өвөрмөц бөгөөд Бурханаас эхтэй хайр юм. Бидний эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бие биенээ хайрлах хайр, ах дүүсийн нэг нэгнээ хайрлах хайраас ялгаатай нь энэхүү агапе хайр нь биднээс бурханлаг чанарыг шаарддаг. Бидний төлөө Христийн хийсэн тэр агуу үйлсийн улмаас Есүс Христэд итгэгч хүн бүр тэр гайхамшигтай хайрыг хүлээн авч, мөн тэр л хайраараа бусдыг хайрлаж чаддаг юм. 
Тэгвэл Есүс бидэнд “Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун” хэмээн тушаасан байдаг (Иохан 15:12). Энэ бол нөхцөл болзолгүй хайр. Энэ л хайраар эхнэр нөхөр бие биенээ, эцэг эхчүүд үр хүүхдээ, анд нөхдүүд нэг нэгнээ хайрлах учиртай юм. 
Бурханы хайр бидэнд эхлээд хүрсэн учраас бид ч бас тэр л хайраар бусдыг хайрлах боломжтой болсон. Бурхан биднийг байгаагаар нь хайрлаж хүлээж авсан шиг бид ч бас эргэн тойронд байгаа хүмүүсээ байгаагаар нь хайрлаж, байгаагаар нь хүлээн авах учиртай.