АЛДАА ДУТАГДАЛТАЙ НЭГНИЙГ ХАЙРЛАХ НЬ

АЛДАА ДУТАГДАЛТАЙ НЭГНИЙГ ХАЙРЛАХ НЬ

“Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил”. Колоссай 3:12-13

20-р зууны шилдэг илгээлтийн эздийн нэг Флоренс Алшорн хамгийн анх Чуулганы илгээлтийн нийгэмлэгээс Уганда руу илгээгдэн очиж байжээ. Тэнд Флоренсоос өмнө хэд хэдэн илгээлтийн эзэд очиж байсан ч бүгд аргаа баран буцаж ирцгээсэн байв. Гол асуудал цаг агаар эсвэл хорхой шавжинд байсангүй. Зэрлэг омгийнхон, нөхөрсөг бус нутгийн иргэд ч гол асуудал байсангүй. Гол асуудал тэнд байрлаж байсан тэргүүн илгээлтийн эзэн буюу хатуу ширүүн зантай, зөрүүд эмэгтэй оршиж байсан юм. Тэрээр халдварт өвчнийг зогсоохын тулд бүхэл бүтэн тосгоныг бүхэлд нь шатаах үүрэг хүртэл өгч байсан гэдэг. 
Флоренс ч очсон даруйдаа тэр муухай ааштай илгээлтийн эзний ямар хэцүү хүн болохыг мэдэрсэн байна. Тэдний байрлаж байсан байр нь 2 өрөөтэй байсан бөгөөд тэргүүн илгээлтийн эзний байрлаж байсан өрөө том саруулхан, үнэтэй тавилгаар тохижуулсан байсан бол Флоренсийн байрлаж байсан өрөөнд модон ор, ширээ, сандлаас өөр юу ч байсангүй. Гэхдээ үүнээс илүүгээр тэр эмэгтэйн зан ааш Флоренст үнэхээр тэсэхийн аргагүй санагдаж байжээ. Тэр эмэгтэй маш муухай ааштай байснаас гадна ааш нь хөдөлвөл хэдэн өдрөөр ч Флоренстой үг дуугардаггүй байв. 
Нутгийн иргэдийн хэлийг Флоренс огт мэдэхгүй учраас тэдний дунд ажиллая гэвэл тэргүүн илгээлтийн эзнээр хэл заалгахаас өөр арга түүнд байсангүй. Гэвч хэсэг хугацааны дараа Флоренс өөрөөс нь өмнө ирсэн илгээлтийн эзэд яагаад удалгүй буцаж явж байсныг ойлгосон байна. Эцэст нь тэсгэл алдан өөрөө ч буцахаар шийдээд байх үедээ тэрээр 1 Коринт 13-р бүлгээс хайрын тухай уншсан байна. “Асуудлыг шийдэх шийдэл энэ биш үү?” хэмээн Флоренс боджээ. “Хэрвээ Бурхан энэ эмэгтэйд хэрхэн хайрлахыг зааж өгөхгүй бол энэ эмэгтэй хэрхэн бусад хүмүүсийг хайрлах чадах вэ?” хэмээн тэр боджээ. 
Ингээд Флоренс жилийн туршид өдөр бүр 1 Коринт 13-р бүлгийг уншиж, өөрийн үзэн ядаж байсан тэр эмэгтэйнхээ төлөө залбирч эхэлсэн байна. Тэгтэл явцын дунд Флоренс өөрөө цаад эмэгтэйнхээ сайн чанаруудыг анзаарч эхэлжээ. Улмаар Бурхан өөрт нь Флоренсд өмнө нь үзэн ядаж байсан эмэгтэйгээ хайрлах зүрх сэтгэлийг өгсөн байна. Мэдээж энэ бүх өөрчлөлт хэдхэн өдрийн дотор явагдаагүй ч явцын дунд энэ өөрчлөлт маш бодитойгоор явагдсан. Хэрвээ та ч бас ийнхүү залбирах юм бол таны амьдралд ч бас ийм өөрчлөлт ирнэ гэдэгт би итгэлтэй байна.  
Өдрийн тэмдэглэлдээ Флоренс Алшорн хайрын тухай бичихдээ “Хүнийг хайрлана гэдэг бол түүнийг байгаагаар нь хүлээж авахын нэр юм. Хэрвээ та тухайн хүнийг сул талуудаа арилгасных нь дараа, өөрчлөгдсөнийх нь дараа хайрлана гэж бодох юм бол та хайрын талаар огт ойлголтгүй байна гэсэн үг. Учир нь тэр хүн бол ийм л хүн бөгөөд та тэр хүнийг байгаагаар нь хайрлах учиртай... Хэн нэгэн хүнийг өөрчлөгдөх байх хэмээн найдан хүлээхийн зовлонг би сайн мэднэ. Харин тэр хүнийг Христийн хайраар хайрлана гэдэг нь юуны түрүүнд тэр хүнийг байгаагаар нь хүлээн авах, дараа нь түүнийг хараахан олж хараагүй байгаа тэр зорилго руу нь хөтлөн дагуулахын нэр юм...” хэмээн бичсэн байдаг.  
Гэр бүлийн амьдралдаа бидний гаргадаг нэг том алдаа бол бид цаад хүнээ өөрчлөхийн тулд хэтэрхий их хүчин чармайлт гаргадаг. Тэгсэн хэрнээ би өөрөө ямар хүн байх ёстой вэ, би тэр хүнийг хэрхэн байгаагаар нь хүлээн авах вэ гэдэг дээр тэр бүр анхаарлаа хандуулдаггүй.
Бид эхлээд цаад хүндээ зөвлөдөг, дараа нь шаарддаг, дараа нь гомдоллодог, дараа нь бухимддаг, дараа нь уурлаж хорсдог. Эцэст нь “Энэ хүн миний бодсон хүн биш байжээ” гэж хэлдэг. “Би энэ хүнийг огт мэддэггүй байжээ” гэж цөхөрдөг. Гэхдээ үнэндээ зөв хүнээ олж гэрлэхээс илүү чухал зүйл бол бид өөрсдөө зөв хүмүүс байх явдал юм. Жинхэнэ хайр бол бусдыг байгаагаар нь хүлээж авахын хажуугаар, Бурхан энэ хүнийг хэрхэн өөрчлөх вэ гэсэн хүлээлтийг дотроо тээхийн нэр юм. Чухамдаа ийм л арга замаар Бурхан бидний амьдрал дахь хүнд хэцүү асуудлуудыг шийддэг.