ХЭРХЭН ХАЙРЛАХ ВЭ?

ХЭРХЭН ХАЙРЛАХ ВЭ?

Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Ром 5:5

Нэрт яруу найрагч Эммет Фокс хайрын хүчийг магтан шүлэглэхдээ “Хайрын хүчээр ямар ч хүнд хэцүү асуудлыг давж чадна. Хайрын хүчээр ямар ч өвчин эмгэгийг эдгээж чадна. Хайрын хүчээр ямар ч үүд хаалгыг нээж чадна. Хайрын хүчээр ямар ч гүүрийг барьж чадна. Хайрын хүчээр ямар ч ханыг нурааж чадна. Хайрын хүчээр ямар ч нүглийг өршөөж чадна. Нөхцөл байдал хичнээн найдваргүй байсан ч, хичнээн ээдрээтэй, адармаатай байсан ч хайр байх юм бол бүгдийг шийдэж болно... Хэрвээ танд хангалттай их хайр байх юм бол та энэ дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн аз жаргалтай хүн болж чадна” хэмээн өгүүлсэн байдаг. Гэхдээ энэ шүлгэнд ганц л асуудал байгаа юм. Тэр нь “Хэрвээ танд хангалттай хайр байх юм бол...” гэсэн үг юм. 
Хайрыг магтан дуулж хайрын тухай ярих нэг хэрэг. Хайраа үйлдэл болгож амьдралаараа харуулах нь тэс өөр хэрэг юм. Ихэнх тохиолдолд бидний хайр яг л хаврын цэцэг мэт эмзэг байдаг. Хүчтэй салхи үлээхэд хамгийн амархан өнгөө алддаг. Онолын үүднээс аваад үзэх юм бол хайр үнэхээр гайхалтай. Харин үүнийг амьдрал дээр буулгана гэдэг хамгийн хэцүү юм. 
Бидний хувьд өдөр бүр тулгардаг нэгэн чухал асуулт бол “Бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн бусдыг хайрлах вэ?” гэсэн асуулт юм. Би яаж хайраар дүүрэн эцэг эх байх вэ? Би яаж хайраар дүүрэн гэр бүлийн гишүүн байх вэ? гэж бид боддог. 
Тэгвэл та юуны түрүүнд нэг зүйлийг санаарай. Бидний зүрх бол үнэхээр гайхамшигтай эд. Таны зүрх хэдэн зуу, тэр бүү хэл хэдэн мянган хүнийг ч хайрлах хүчтэй юм. Гэхдээ үүний тулд та өөрийгөө үл хайрлах ёстой болно. Өөрийнхөө амин хувийг хичээж, хар амиа бодож, зөвхөн өөрийгөө л хайрладаг нэгний зүрх сэтгэлд бусдыг хайрлах орон зай байдаггүй. 
Хоёрдугаарт, хайр гэдэг бол золиос. Хайрлахын тулд бид золиос гаргах ёстой болдог ч жинхэнэ хайр хэзээ ч өөрийнхөө гаргасан золиосыг хэмждэггүй. Өнөөдөр бид өгөхөөсөө илүү авахыг хүсдэг болсон байна. Гэтэл жинхэнэ хайр бол өөрийгөө бусдад зориулах, өөрийнхөө юмыг бусдад өгөх тэрхүү жинхэнэ золиосыг биднээс шаардаж байдаг. Хайр биднээс оюун санааны, сэтгэл хөдлөлийн, бие махбодын, сүнсний гээд бүх л төрлийн золиосыг шаардаж байдаг. Өөрөөр хэлбэл бид байгаа бүхнээрээ золиос гаргах ёстой болно гэсэн үг. Энэ нь өөрийнхөө ашиг сонирхлоос илүү бусдын ашиг сонирхлыг эн тэргүүн тавина гэсэн үг. 
Гуравдугаарт, хэрвээ таны дотор хайр байхгүй бол та бусдад хайрыг өгч чадахгүй. Хэрвээ таны зүрхэнд хайр байхгүй бол та хуурамчаар хайрлаж чадахгүй. Та өөрт байхгүй зүйлийг бусдад өгч чадахгүй. Тэгвэл би үүнийг илүү гүнзгийрүүлээд элч Иохан хэлсэн үгийг эш татмаар байна. Тэрээр “Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр” (1 Иохан 4:8) хэмээн хэлсэн байдаг юм. 
Хайр бол ямар нэгэн мэдрэмж эсвэл сэтгэл хөдлөл бишээ. Энэ бол хүч. Сэвтсэн харилцааг эвлэрүүлэх хүч. Өвчтэй нэгнийг эдгэрүүлэх хүч. Өдөр тутмын асуудлыг даван гарах хүч. Хамгийн гайхалтай нь та Бурханы өмнө ирээд “Бурхан минь, Та надаар дамжуулан хүмүүсийг хайрлаач” хэмээн гуйн залбирах боломжтой юм шүү.