ХЭРХЭН БУРХАНТАЙ ХАМТ АЛХАХ ВЭ?

ХЭРХЭН БУРХАНТАЙ ХАМТ АЛХАХ ВЭ?

Есүс нэгэн удаа Өөрийг нь сонсож байсан хүмүүст “Надаас суралц” хэмээн хэлж байсан юм.
Заримдаа бид Библийн түүхүүдийг маш сайн мэддэг, номын сан дүүрэн Библитэй холбоотой номуудтай, итгэлийн үндсэн ойлголтуудыг таньж мэдсэн гэдэгтээ эрдэж бидэнд сураад байх зүйл нэг их үлдээгүй гэж боддог. Гэтэл энэ бол үнэндээ аюултай занга юм.
Матай 11:29 дээр хэлэхдээ Есүс “Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур” гэсэн байдаг. Есүс энд буулганы тухай ярьсан нь тухайн үеийн хүмүүст их танил дотно дүрслэл байсан байж таарна. Учир нь тухайн үед газар хагалахын тулд одоогийнх шиг трактор хэрэглэдэггүй байсан. Тэд хос үхрийг модон буулганд оруулж, хос үхэр нь анжисаа чирж газар хагалдаг байсан юм. Харин бид Есүстэй нэг буулганд орно гэдэг нь өдөр тутмын амьдралдаа Түүнтэй хамт мөр зэрэгцэн алхана гэсэн үг юм.
Бурханы Хүү Есүс Христ бидэнд Өөрөөс нь сурахыг уриалсан байна. Үүний тулд биднийг Өөртэй нь хамт алхахыг урьсан байна. Библийг уншиж судлах нэг хэрэг. Гэхдээ Библийн зохиогч болсон Есүс Христтэй өдөр тутам хамт амьдарч, Түүнээс суралцана гэдэг тэс өөр хэрэг юм. Зүйрлүүлбэл Алберт Эйнштейн таныг ангид суулгаад харьцангуйн онолыг өөрөө зааж өгч байгаатай адилхан хэрэг шүү дээ. Гэтэл Есүс энд үүнээс ч илүү гайхалтай зүйлийг хэлсэн. Тэр биднийг ангид лекц уншиж өгөхөөр биш харин хамтдаа дадлагын ажил хийхээр урьсан байна.
Бурханы үгийг амьдралдаа хэрхэн  хэрэгжүүлэхийг Эзэн Есүс Өөрөө бидэнд заадаг. Дуулал 73:24 дээр “Та намайг зөвлөгөөгөөрөө удирддаг” гэсэн байдаг бол Дуулал 143:10 дээр “Та миний Бурхан учраас Тааллыг тань гүйцэлдүүлэхийг надад заагаач! Сайн Сүнс тань намайг Тэгш газарт удирдана” гэж бичигдсэн байдаг.
Тэгвэл Эзэн Есүс бидэнд “Надтай хамт алхаж, Надтай хамт ажилла. Миний хийж байгаагаас суралц. Би чамд тохирохгүй эсвэл хэтэрхий хүнд ачааг хэзээ ч үүрүүлэхгүй” хэмээн урьж байна. Есүс танд хэрхэн Бурханы хүслийн дагуу амьдрахыг Өөрөө гардан зааж сургахыг хүсэж байна. Харин та Түүнээс суралцахыг хүсэж байна уу?