ХРИСТМАС БАЯР ДУУССАНЫ ДАРАА

ХРИСТМАС БАЯР ДУУССАНЫ ДАРАА

Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно.  Матай 28:20

12 сарын 25-ны өдөр өнгөрөхөд л Христмас баяр дуусдаг. Мэдээж ихэнх хүмүүсийн хувьд. Гэхдээ өөр олон оронд жишээ нь Орост Христмас баярыг 1 сарын эхээр тэмдэглэдэг. Гэхдээ та хэзээ Христмас баярыг тэмдэглэж байгаагаас үл хамаараад Христмас баярыг тэмдэглээд дараа нь баяр дуусдаг.
Зарим хүмүүс “ашгүй Христмас баяр дууслаа одоо гэр орноо янзалж, хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулаад хэвийн горимоор амьдарч эхэлье” гэж боддог. Харин зарим хүмүүс Христмас баярыг хайртай дотны хүмүүсийнхээ хамт биш ганцаараа гуниглан өнгөрүүлсэндээ “ашгүй Христмас баяр дууслаа” гэж баярладаг. 
Хүмүүс бид ямар нэгэн зүйлд маш их эрч хүч, нерв гаргасныхаа дараа сэтгэлзүйн хувьд бага зэрэг хямардаг. Тиймдээ ч Христмас баярын дараа олон хүн сэтгэлзүйн хувьд тавгүйтдэг. Есүсийг мэндэлсний дараа, ар араасаа үргэлжилсэн тэр бүх үйл явдлын ард нь гараад Мариа, Иосеф хоёр ч гэсэн сэтгэлзүйн хувьд бага зэрэг ядарсан байх. Харин одоор баримжаалан явсаар мэргэн хүмүүс Есүсийг мэндэлснээс бараг 12-18 сарын дараа ирцгээсэн. Энэ зуур амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсэн.
Есүсийн амьдралын олон өдөр хоног онцгой, сүр жавхлантай зүйлгүйгээр өнгөрсөн. Бетлехемд болсон гайхамшигтай үйл явдлын дараа бяцхан Есүсийн гэр бүлийнхэн Египетэд хоёр жил Херод хаанаас нуугдах ёстой болсон. Есүсийн хүүхэд нас Назар тосгоны эл хульхан байдал дунд өнгөрсөн. Есүсийн хүүхэд насны дурдатгалуудаас хамгийн гайхалтай нь 12 настайдаа Есүс Иерусалимд эцэг эхээсээ төөрч үлдээд хуулийн багш нарыг гайхшируулсан үйл явдал. Үүнээс хойших он жилүүдийн тухай Лук “Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа” (Лук 2:52) хэмээн бичиж үлдээсэн.
Өнөөдөр та хаана ч байсан, танд ямар ч мэдрэмж төрж байсан бай дуулгах сайн мэдээ байна. Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн гэдэг энэ мэдээ зөвхөн Христмас баярын үеэр ч биш түүнээс хойших өдөр хоногуудын туршид ч ач холбогдолтой хэвээрээ. Хүмүүн болж ирсэн Есүс Христээр дамжуулаад таны амьдралд Бурханы мутар хүрч, таны эгэл жирийн өдрүүд онцгой утга учиртай болон өөрчлөгдөх боломжтой. Үүний тулд та Есүс Христэд итгэж, Түүнийг амьдралдаа урьж оруулаарай. Ингэхдээ та Түүний хэлсэн амлалтуудад ч мөн итгэ. Тэрээр бидэнд хандан “Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” (Матай 28:20) хэмээн амласан.
Энэ амлалт Христмас баярын дараа ч хүчинтэй. Энэ амлалт бидний ганцаардан гунигласан өдөр хоногуудаар ч хязгаарлагдахгүй. Түүний оршихуй бидэнтэй хамт байгаа гэдэг нь бидний сэтгэл санааг тайвшируулаад зогсохгүй бидний амьдралыг бүхэлд нь өөрчлөх чадалтай! 
Кэмпбэл Морган нэгэн удаа өөд болох гэж буй хөгшинд Матай 28:20 эшлэлийг уншиж өгөв. Тэгээд "Бурхан бидэнтэй хамт байна гэдэг гайхамшигтай амлалт биш гэж үү?” хэмээн хэлэхэд нөгөө хөгшин хариуд нь “Эрхэм ээ, наадах чинь амлалт биш, харин баримт юм шүү дээ” гэж хэлсэн гэдэг. 
Үнэхээр та хаана ч байсан, юуг ч мэдэрч байсан хамаагүй, урам зоригтой байгаарай. Учир нь Бурханы таныг анхааран харж байгаа. Түүний оршихуй таны зүрх сэтгэлийг дүүргэж, сүнсийг чинь сэргээж чадна.


                                          “ҮЕИЙН ТӨГСГӨЛ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙХ БОЛНО” (МАТАЙ 28:20)