ХРИСТМАС БАЯР ДУУССАНЫ ДАРАА ЮУ ХИЙХ ВЭ?

ХРИСТМАС БАЯР ДУУССАНЫ ДАРАА ЮУ ХИЙХ ВЭ?

Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв. Матай 2:11

Христмас баярын маргааш гэр орон бүхэлдээ дэлбэрчихсэн юм шиг болдог доо. Энд тэндгүй уут сав хөглөрч, хүүхдүүдийн тарааж хаясан тоглоомууд газраар нэг хөглөрнө. Харин зарим хүмүүс өөрт таалагдаагүй бэлгүүдээ дэлгүүрт нь буцаан өгч өөр зүйлээр солиулахаар бэлдэнэ. Хүүхдүүд хүлээж авсан бэлгээрээ тоглохоос илүүгээр бэлэг хийж өгсөн хайрцгаар нь тоглоом хийн тоглож, эцэг эхчүүд нь “Энэ бэлгийг авах гэж өчнөөн их ажил болж байх гэж! Арай ч дээ!!!” гэж дотроо халаглана. 
Маргааш гэхэд баярын уур амьсгал үгүй болж бүх зүйл хэвийн горимдоо шилжиж, ажил төрөлдөө орно. Тэгвэл бидний хийх ёстой ажил төрөл чухам юу юм бэ? Бидний амьдралд хамгийн чухал ажил юу бэ? Христмас баяраар таны анхаарлыг татаж байгаа зүйлс, Христмас баярын дараа ч таны амьдралд урам зориг итгэл найдвар өгч байна уу?
Зарим хүмүүс Христмас баярыг зүгээр л бушуухан тэмдэглээд өнгөрүүлэхийг л боддог. Тэдний хувьд Христмас баяр хурдан болоод дуусаж л байвал сайхан. Харин зарим хүмүүсийн хувьд Христмас баярыг Бурхан хүмүүн болон дэлхийд ирсэн Биежилттэй холбон ойлгодог. Үнэндээ Христэд итгэгч бидний хувьд Есүс бол тэвшинд хэвтэх жаалхүү биш харин насанд хүрсэн том хүн. Түүний оршихуй бидэнтэй маш бодитойгоор хамт байдаг. Тэр утгаараа Христмас баяр бол зүгээр нэг баяр биш харин төрсөн өдрийн баяр. Энэ баяраар бид зөвхөн Христмас баярын өдрийг тэмдэглэх биш харин ирэх жилээ эргэцүүлэн бодох учиртай.
Иоханы сайнмэдээнд “Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн” хэмээсэн. Энд гарч буй “орших” гэсэн үг нь “майхнаа татах” гэсэн утгатай. Үүнийг Эвгени Петерсон ийнхүү зураглан хэлжээ. “Үг нь махбод болж манай хот айлд нүүж ирсэн. Бид Түүний алдар сууг нүдээрээ харсан. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн дахин давтагдашгүй алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байлаа” (Иохан 1:14).
Энд гарч байгаа “манай хот айлд нүүж ирсэн” гэдэг үгийг та төсөөлж байна уу? Өөрөөр хэлбэл Есүс нүүдэл хийсэн гэсэн үг. Магадгүй танай хот айлд тэс өөр ёс заншилтай, тэс өөр хүмүүс нүүж ирвэл та бага зэрэг түгшиж магадгүй. “Биднээс тэс өөр хүмүүс байна шүү дээ” гэж болгоомжилж ч болох. Улмаар та өөрөө ч мэдэлгүйгээр үл үзэгдэх хаалтыг босгож мэдэх юм. 
Тэгвэл бид Есүс Христийн өмнө ч бас ийм байдал гаргаж байгаа юм биш биз? Христмас баярын драм дээрх бяцхан Есүсийг хүлээж авахад амархан байж болох юм. Гэтэл орон гэргүй, зовж шаналсан, ядуу зүдүү, архичин, биеэ үнэлэгч, гэм нүгэлтэн хүмүүст хүрч, тэдний төлөө Өөрийгөө зориулсан тэр Есүсийг хүлээж авахад олон хүний хувьд тавгүйцдэг. Өөрийн бүтэлгүй байдлаас болоод амьдралаа нураачихсан нэгнээс бид “Чи юугаа бодож байсан юм бэ?” гэж асуудаг бол Есүс “Чамд яаж туслах вэ?” гэж асуудаг.  
Бетлехемд хүмүүн болон мэндэлсэн жинхэнэ Есүс баглаатай бэлэг шиг амархан хаягдаж, амархан мартагддаг Нэгэн биш. Тэр танаар дамжуулан хүмүүсийн амьдралд хүрэхийг хүсдэг. Тэр биднийг эргэн тойрноо харж Түүний тусламж хэрэгтэй нэгэн байгаа бол түүнд хүрэхийг ятгадаг.
Хэрвээ жинхэнэ Есүс бидний хот айлд нүүн ирсэн бол бидний амьдрал хэзээ ч хуучных шигээ байхгүй. Христмас баярын дараа эргээд ажил төрөлдөө оръё доо гэж бодож байгаа бол таны хийх ёстой ажил нь Түүний хайрыг харуулж, Түүний нигүүлсэлийг хуваалцах явдал гэдгийг бүү март. Үнэхээр Бурхан бидний нүдийг нээж, Есүс Христ хамгийн ихээр хэрэгтэй байгаа хүнийг харуулах болтугай.


                                               ҮГ НЬ МАХБОД БОЛЖ, БИДНИЙ ДУНД ОРШИН, БИД ТҮҮНИЙ АЛДАР СУУГ ҮЗСЭН.