ТА БУРХАНЫ ТОВЛОСОН ЦАГТ БҮРЭН ИТГЭЖ БОЛНО

ТА БУРХАНЫ ТОВЛОСОН ЦАГТ БҮРЭН ИТГЭЖ БОЛНО

Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ.  Номлогчийн үгс 3:11

“Бурхан хэзээ ч хоцордоггүй, бас хэзээ ч түрүүлдэггүй” гэж аав маань үргэлж хэлдэг байж билээ. Би энэ чухал үнэнийг амьдралынхаа туршид амссаар явна. Үнэхээр Бурхан хэзээд яг цагтаа байдаг. Тэгвэл Есүс Христийн мэндэлсэн тэр цаг үе ч бас үнэхээр Бурханы төгс цаг хугацааны дагуу явагдсан. Хэрвээ Есүс түүнээс арай эрт эсвэл арай сүүлд мэндэлсэн бол Хуучин гэрээний олон эш үзүүллэг биелэх боломжгүй болох байсан. 
Галат номд Паул “Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх Хүүг Бурхан илгээсэн юм.” хэмээн бичсэн. Энд “цаг нь болоход” гэж хэлсэн байгааг анзаарч байна уу?
Христ Бетлехем хэмээх жижигхэн хотод мэндэлснийг бараг бүгд мэдэх байх. Харин Мариа Иосеф хоёр Бетлехемээс 70 бээрийн хойно орших Назар хотод амьдарч байсан гэдгийг мэдэх хүн цөөн болов уу. Есүс Христийг мэндлэхээс 700 жилийн өмнө Хуучин Гэрээний эш үзүүлэгч Мика Иудагийн Бетлехемд Мессиа мэндлэх болно гэж эш үзүүлсэн. Хүүхэд төрөх цаг хугацааг яг таг мэдэх аргагүй гэдгийг ээжүүд маш сайн мэднэ. Тэгвэл Бетлехем хотоос нилээд зайтай амьдарч байсан Мариа Иосеф хоёрыг яг тэр торгон мөчид Бетлехемд очиж таарахад юу нөлөөлөв? Энэ тохиол бүрэлдэхийн тулд хэдэн зуун хүчин зүйл шалтгаалсан бөгөөд тэдгээрээс аль нэг нь л зөрсөн бол Есүс Микагийн эш үзүүлсэн Бетлехемд бус, харин Назарт мэндлэх байлаа.
Юлий Цезарийг алуурчны гарт амиа алдсаны дараа Ромын удирдагчид түүний зээ дүү Августыг дараагийн Цезарь болгон сонгосон. Бусад нэр дэвшигчид нь илүү хүчирхэг байсан ч Ромд байсан удирдагчид залуухан, сул дорой Августыг хаан болгохоор сонгоцгоов. Учир нь түүнийг өөрсдийнхөөрөө байлгахад илүү амархан байх болно гэж тэд бодоцгоожээ. Гэвч залуу Август, Марк Антонитой нэгдэн сенатыг цэвэрлэж, улмаар хүчирхэг эзэн хаан болж чадсан.
Августыг Ром хотын дундуур алхан явах үед түүний өмнөх хаан Юлийн хөшөө хаа сайгүй байхыг хараад түүний дургүй хүрчээ. Тэгээд тэр “Италийн боржин чулуу бүр дээр миний нэр байгаасай гэж хүснэ” хэмээн тушаажээ. Ингээд Августын нэрийг алдаршуулах кампанит ажил эхлэв. Томоохон хөшөө дурсгалуудыг хийхэд асар их зардалтай тул зөвлөгчид нь түүнд нэгэн чухал зөвлөгөөг өгсөн нь ард түмнээс нэмэлт татвар авах явдал байв. Энэ үйл явдлын тухай Лук “Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ” хэмээв.
Танд дүр зураг харагдаж байна уу? Хааны тушаал гарав. Энэ тушаалыг зуутын дарга боомтод авчирч усан онгоцонд өгөөд тэр онгоц Газар дундын тэнгисийн салхинд туугдан явсаар Израильд энэ мэдээг авчрав. Хэрвээ салхи арай хүчтэй үлээсэн бол энэ мэдээ арай эрт ирж мариа Иосеф хоёр Есүсийг мэндлэхээс өмнө Бетлехемд ирээд буцчих байсан. Хэрвээ хөлөг арай удаан явсан бол мөн л Есүсийн мэндлэх газар өөрчлөгдөх боломжтой байсан.
Харин энэ бүх үйл явдал яг л сайтар тохируулсан Швейцарь цаг шиг ягштал үргэлжилсээр цаг нь болоход Есүс Христ Бетлехемд мэндэллээ. 
Энэ бүхнээс харвал бидний амьдрал бүхэлдээ Бурханы мутарт атгаастай байдаг гэдэгт эргэлзэх зүйл алга. Бурханыг юу ч гайхшируулж, цочирдуулахгүй. Таны амьдралд юу ч тохиолдсон бай, та хаана ч байсан гэсэн Бурхан түүнийг чинь мэдэж, анхаарч байгаа. Бурхан хэзээ ч хоцордоггүй, хэзээ ч түрүүлдэггүй. 


                                ТЭР ХЭЗЭЭД “ЯГ ЦАГТАА” БАЙДАГ!